- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 5 дугаар хавсралт
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Татваргүй барааны дэлгүүрийн горим /цаашид горим гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Мэдүүлэгч горимыг сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4.Гаалийн удирдах төв байгууллага нь Гаалийн тухай хуулийн 138.3-т заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий “Зөвшөөрөл” олгоно.
1.5.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.6.Гаалийн хяналт тавьдаг гаалийн байгууллага нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавина.
1.7.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа гэрээг дүгнүүлэн, “Өөрийн үнэлгээний хуудас”-аас аль тохирохыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.
1.8.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.9.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлж, дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
1.10.Энэ журмын 1.9 дэх хэсэгт заасан үнэлгээгээр “Хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагаас шаардлага хангуулж, гүйцэтгэл сайжруулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавьж ажиллана.
1.11.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийн хугацаа сунгасан тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал батлагдсанаас хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралтын 9.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
2.1.Горимд Гаалийн тухай хуулийн 170.1.1-170.1.6 дахь заалтад зааснаас бусад барааг байршуулна.
2.2.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бөгөөд гадаадын бараа нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3.Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас татваргүй барааны дэлгүүрт оруулахад хязгаарлалт тогтоохгүй.
2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга |
Бүрдүүлэлт хийх горимын код |
Шаардах өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 |
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах |
740 |
шаардахгүй |
2 |
Монголын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах |
741 |
шаардахгүй |
3 |
Барааг гаалийн баталгаат агуулахаас татваргүй барааны дэлгүүрт оруулах |
742 |
700 |
4 |
Барааг татваргүй барааны дэлгүүрээс татваргүй барааны дэлгүүрт шилжүүлэх |
743 |
740-742 |
5 |
Зөвшөөрөл нь хүчингүй болсон татваргүй барааны дэлгүүрээс зөвшөөрөл нь хүчинтэй үйл ажиллагаа явуулж буй татваргүй барааны дэлгүүрт оруулах |
744 |
740-743 |
2.5.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж өөрийн нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүрт бараа шилжүүлэхэд 743 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.6.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон дэлгүүрийн барааг зөвшөөрөл нь хүчинтэй үйл ажиллагаа явуулж буй татваргүй барааны дэлгүүрт оруулахад горимын 744 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.7.Гаалийн бүрдүүлэлтийн горимын 741 кодоор бүрдүүлэлт хийхэд Монгол Улсад үйлдвэрлэсэн, чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээ бүхий бараа хамаарна.
Гурав.Гаалийн бүрдүүлэлт
3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас татваргүй барааны дэлгүүрт оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
3.2.Барааг энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.
3.3.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг гаргаж өгнө.
3.4.Мэдүүлэгч 3.2-3.3-т заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.5.Журмын 3.2-3.3-т заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.6.Татваргүй барааны дэлгүүрт худалдагдсан барааг барааны нэр, марк, зориулалт, барааны ангиллын кодоор нэгтгэж мэдүүлнэ.
3.7.Татваргүй барааны дэлгүүрт худалдагдсан бараанд бүрдүүлэлтийн горимын 314 кодоор бүрдүүлэлт хийх тохиолдолд гадаадын бараанд хэлцлийн 390 код, монголын бараанд 391 кодыг сонгоно.
3.8.Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
3.9.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “Баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.
3.10.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Дөрөв.Горимын шаардлага
4.1.Татваргүй барааны дэлгүүр нь Гаалийн тухай хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
4.1.1.дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь сонгон шалгаруулалтад орохдоо барааг тогтмол нийлүүлэх талаар баталгаа гаргуулсан компанитай байгуулсан гэрээний дагуу бараа оруулах;
4.1.2.гадаадын гэрээлэгч компаниа өөрчлөх, эсхүл дахин өөр компанитай гэрээ байгуулах тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагад урьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж, бүртгүүлсэн байх;
4.1.3.зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх;
4.1.4.хилийн боомт дахь гарах урсгалд байгаа дэлгүүр нь хилийн чанадад зорчиж буй зорчигчдод зорчигчийн гадаадад зорчих тийз, гадаад паспорт, үндэслэн үйлчлэх;
4.1.5.гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад гаалийн удирдах төв байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн дагуу, паспорт эсхүл дипломат үнэмлэхийг үндэслэн үйлчлэх;
4.1.6.гадаад улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх эрхгүй;
4.1.7.Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын захиалгаар тусгай үйлчилгээ явуулах тохиолдолд холбогдох нот бичиг, албан ёсны хүсэлтийг худалдан авах барааны тоо хэмжээтэй жагсаалтын хамт хяналт тавьж буй гаалийн байгууллагад ирүүлнэ. Хяналт тавьж буй гаалийн байгууллага бичиг баримтыг хянаж, худалдахыг зөвшөөрөх;
4.1.8.хилийн боомтод гарах урсгалд ажилладаг дэлгүүр зорчигчдод архи, дарс тус бүр 2 литр, шар айраг 3 литр, янжуур тамхи 200 ш, сигар 50 ш, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50 гр худалдах;
4.1.9.гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтны хувийн хэрэглээнд архи, дарс тус бүр 2 литр, шар айраг 3 литр, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50 г, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй хэмжээгээр худалдаалах;
4.1.10.орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдаалах;
4.1.11.татваргүй барааны дэлгүүрт энэ журамд зааснаас өөрөөр, захиалгаар, загварын, зээлийн, нэмэгдэл үйлчилгээний /борлуулалтын өмнөх бэлтгэл ажил, баглах, боох, үзүүлэн таниулах, дахин савлах г.м. үйлчилгээнээс бусад/ болон хаягаар үйлчлэх замаар худалдахыг зөвшөөрөхгүй.
4.1.12.барааны үнийг үндэсний валютаар тогтоох бөгөөд гадаад валютаар худалдаалах тохиолдолд Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтлах;
4.1.13.дэлгүүр нь бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий тод хэвлэсэн кассын талон олгоно. Кассын талон нь үйлчлүүлэгчийн нэр, дипломат үнэмлэхийн дугаар, паспортын болон нислэгийн тийзний дугаар, иргэний харьяалал, хүрэх улс, үйлчлүүлсэн он, сар, өдөр, цаг, минут, худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнэ, зураасан болон бусад төрлийн код зэрэг мэдээллийг багтаасан байна;
4.1.14.татваргүй барааны дэлгүүр нь гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;
4.1.15.татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан, үлдэгдэл барааны сар бүрийн мэдээг холбогдох нотлох баримтын хамт дараа сарын 03-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж, хяналт тавьж буй гаалийн байгууллагад өгөх;
4.1.16.мэдээ тайлан, баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж болгон боловсруулж хадгалах;
4.1.17.дэлгүүрийн барааны шошго эсхүл хайрцаг дээр “Mongolian duty not paid” гэсэн энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий дахин салгах боломжгүй дардастай байх;
4.1.18.татваргүй барааны дэлгүүрийн барааг төрөлжүүлэн ангилж, барааны үнийг тавьсан байх;
4.1.19.дэлгүүрийн агуулахад байгаа барааг төрөлжүүлэн хурааж, нэр, төрөл, тоо хэмжээ, гаалийн мэдүүлгийн R дугаар, барааны үлдэгдэл, огноог бичсэн шошго тавьсан байх;
4.1.20.барааны хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн барааг устгах горимд байршуулах;
4.1.21.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж байгаа барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангах;
4.1.22.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш хувиар “Хангалттай” үнэлэгдсэн байх;
4.1.23.татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь зөвшөөрөлд заасан хот, боомтод дэлгүүрийн байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зургийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагад мэдэгдэж хянуулсан байх;
4.1.24.хяналтын камерыг дэлгүүрийн бараа, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулах;
4.1.25.гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц камерын бичлэгийг хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;
4.1.26.татваргүй барааны дэлгүүрт худалдагдсан барааг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож нэгтгэн, дараа сарын 05-ны дотор гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 314, монголын барааг гаалийн бүрдүүлэлтийн горимын 145 кодоор гаалийн байгууллагад мэдүүлж, бүрдүүлэлт хийлгэх;
4.1.27.энэ журмын 4.1.8-4.1.10, 4.1.12 дахь заалтад заасан зорчигчдод татваргүй нэвтрүүлэх барааны тоо хэмжээ, валютын ханш болон энэ журмын талаар үйлчлүүлэгчид таниулан сурталчлах зорилгоор англи, монгол хэл дээр бэлтгэсэн танилцуулга, гарын авлага, бусад мэдээллийг дэлгүүрт байрлуулсан байх;
4.1.28.зөвшөөрөл бүхий даатгагчтай хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх;
4.1.29.татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагад гаргасан байх.
Тав.Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
5.1.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь дэлгүүрт тавигдах нөхцөл, шаардлага зөрчсөн дараах тохиолдолд үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
5.1.1.энэ журмын 4.1.3, 4.1.5-4.1.7, 4.1.11, 4.1.23-4.1.24 дэх заалтыг зөрчсөн;
5.1.2.энэ журмын 1.9 дэх заалтад заасан үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж буй гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;
5.1.3.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн.
5.2.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, зөрчлийг арилгаж, шаардлагыг заасан хугацаанд биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сэргээх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
5.3.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
5.3.1.татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
5.3.2.татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;
5.3.3.татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
5.3.4.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг засаагүй;
5.3.5.гаалийн хууль тогтоомжийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн;
5.3.6.татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг энэ журмын 4.1.29 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй.
5.4.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд энэ журмын 4.1.29-д заасны дагуу хүсэлт гаргаагүй, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, зөвшөөрлийг хүчингүй болгоно.
5.5.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ журмын 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, зөвшөөрөл ньтүдгэлзсэн, хүчингүй болсон дэлгүүрийн байр, агуулахад гаалийн хяналтан дор хадгална. Энэ тохиолдолд барааг гаалийн түр агуулахад байгаад тооцно.
5.6.Энэ журмын 5.5-т заасан барааг гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулна.
5.7.Энэ журмын 5.6-д заасан хугацаанд барааг гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Зургаа.Гаалийн болон бусад татвар
6.1.Татваргүй барааны дэлгүүрт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2.Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулсан бараанд дараах тохиолдолд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:
6.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар татваргүй барааны дэлгүүрээс алдагдсан, устгагдсан;
6.2.2.энэ журмын 4.1.4-4.1.5-д зааснаас бусад этгээдэд худалдан борлуулсан;
6.2.3.энэ журмын 6.2.1-6.2.2-т зааснаас өөр бусад хэлбэрээр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан.
6.3.Энэ журмын 6.2-д заасан тохиолдолд импортын татварыг Монгол банкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрлүүлнэ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар
батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
ЗӨВШӨӨРӨЛ
ДУГААР ...
/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/
/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар, он, сар, өдөр/
/ гарын үсэг, тамга/
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
№ |
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт |
Бүртгэсэн |
|
|
|
Огноо |
Гарын үсэг, тамга |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/276 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар
батлагдсан журмын 2 дугаар хавсралт
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВСНЫГ
НОТЛОХ КАССЫН ТАЛОНЫ ЗАГВАР
Текст томруулах
A
A
A