- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 462 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд дайчилгааны зарлан мэдээлэл (цаашид “зарлан мэдээлэл” гэх)-ийг шуурхай хүргэх болон уг үйл ажиллагаанд баримтлах дэг, горимыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Энэ журмыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дагаж мөрдөнө.
1.3. Зарлан мэдээлэл нь бүх нийтийн, хэсэгчилсэн болон сургуулийн гэсэн төрөлтэй бөгөөд зарлан мэдээллийг нууцаар эсхүл илээр явуулна.
1.4. Сургуулийн зарлан мэдээллийг зарлан мэдээллийн тогтолцооны бэлэн байдлыг шалгах, дайчилгааны сургалт дадлагыг зохион байгуулах зорилгоор явуулна.
1.5. Тайван цагт улсын хэмжээнд дайчилгааны зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, бэлэн байдлыг хангана.
1.6. Дайчилгааны зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
1.6.1. төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн зарлан мэдээллийн сүлжээ, техник хэрэгсэл, зарлан мэдээлэл явуулах арга бүхий төрийн захиргааны зарлан мэдээллийн тогтолцоо;
1.6.2. төрийн цэргийн байгууллага, түүний харьяа цэргийн нэгтгэл, анги, байгууллагын зарлан мэдээллийн сүлжээ, техник хэрэгсэл, зарлан мэдээлэл явуулах арга бүхий төрийн цэргийн зарлан мэдээллийн тогтолцоо;
1.6.3. бүх шатны орон нутгийн удирдлагын байгууллага, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлан мэдээлэл хүргэх мэдээллийн сүлжээ, техник хэрэгсэл, зарлан мэдээлэл явуулах арга бүхий орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоо.
1.7. Дайчилгааны орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоог орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээллийг явуулахад ашиглана.
Хоёр. Зарлан мэдээлэл явуулах бэлтгэлийг хангах
2.1. Зарлан мэдээлэл явуулах үүрэг хүлээсэн дайчилгааны даалгавартай төрийн захиргааны төв, төрийн цэргийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, дараахь бэлтгэлийг хангана:
2.1.1. зарлан мэдээллийн сүлжээ, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэлд улирал бүр тодотгол хийх;
2.1.2. зарлан мэдээлэлд ашиглах сүлжээ, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, зарлан мэдээлэл явуулах албан тушаалтан, бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах;
2.1.3. зарлан мэдээллийн тогтолцооны нууцлалыг хангах;
2.1.4. зарлан мэдээллийн сүлжээ байгуулах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлэх.
2.2. Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь зарлан мэдээлэл явуулахтай холбоотой дайчилгааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжилтийг хангана.
2.3. Зарлан мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
2.4. Төрийн захиргааны болон төрийн цэргийн тогтолцооны зарлан мэдээллийн бэлэн байдлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, орон нутгийн тогтолцооны бэлэн байдлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүр бүрэн хэмжээгээр шалгаж, дүн болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.5. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцооны бэлэн байдлын нэгдсэн дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
Гурав. Зарлан мэдээлэл явуулах
3.1. Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн зарлан мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб дараахь байдлаар зохион байгуулж, явуулна:
3.1.1. бүх нийтийн зарлан мэдээллийг нийт нутаг дэвсгэрт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан илээр явуулна;
3.1.2. хэсэгчилсэн зарлан мэдээллийг дайчилгаа зарласан нутаг дэвсгэрт тогтоосон мэдээллийн сүлжээ ашиглан нууцаар эсхүл илээр явуулна;
3.1.3. сургуулийн зарлан мэдээллийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, нутаг дэвсгэрт тогтоосон мэдээллийн сүлжээ ашиглан нууцаар явуулна;
3.1.4. зарлан мэдээллийг илээр явуулах үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглана.
3.2. Зарлан мэдээллийг нууцаар явуулах үед Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, анги, байгууллага, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газар нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас тогтоосон дохио, захирамжийг хэрэглэнэ.
3.3. Төрийн захиргааны төв болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргад зарлан мэдээллийг хүргэх ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб зохион байгуулна.
3.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага зарлан мэдээлэл хүлээн авсан тухайгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтанд мэдэгдэж баталгаажуулна.
3.5. Төрийн захиргааны төв болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нар зарлан мэдээллийг эрхэлсэн салбар, харьяалах байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд шуурхай хүргэж, хариу авна.
3.6. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зарлан мэдээлэл хүлээн авсан тухайгаа харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Дайчилгааны зарлан мэдээлэл явуулахтай холбогдох зардлыг зарлан мэдээлэл явуулах үүрэг хүлээсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төсвөөс санхүүжүүлнэ.
4.2. Энэ журмын хэрэгжилтэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.3. Энэ журмыг зөрчсөн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A