- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2018 оны
А/701 дүгээр захирамжийн хавсралт
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР
ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяалалыг үл харгалзан авто зам, замын байгууламж ашигласны төлбөр (цаашид “төлбөр” гэх) авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн замын санд төвлөрүүлж, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т заасны дагуу зарцуулна.
Хоёр.Төлбөр авах зарчим
2.1.Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн харьяалал, төрөл ангилал, бодит жинг харгалзан Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тогтоосон хувь хэмжээг баримтална.
2.2.Төв аймгийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс жилд нэг удаа Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тогтоосон хувь хэмжээгээр төлбөр авна.
2.3.Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эзэмшилд буй бусад аймаг, нийслэлийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа харьяалал үл харгалзан Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас тогтоосон хувь хэмжээгээр төлбөр авна.
2.4.Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ноогдох төлбөрийг төлсөн байна.
2.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
2.6.Орон нутгийн чанартай авто зам дээрх төлбөр хураах цэгээр нэвтэрч байгаа Төв аймгийн сумдад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.
2.7.Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн эзэмшиж буй бусад аймаг, нийслэлийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслийн эзэмшигчээс 2.3-т заасны дагуу төлбөр авсан /төлбөр төлснийг гэрчлэх наалтыг, тэмдэглэгээг үндэслэн/ бол төлбөр хураах цэгээр давхардуулан авахгүй.
Гурав.Төлбөр авах цэг
3.1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж дээрх төлбөр авах цэгийн байршил, замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар батлуулж мөрдөнө.
3.2.Төлбөр авах цэг нь авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнд саад учируулахгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, төлбөрийг шуурхай авах нөхцлийг бүрдүүлсэн байх бөгөөд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
3.3.Төлбөр авах цэг нь ажиллагсдын ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
3.4.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн замын сангаас санхүүжүүлнэ.
Дөрөв.Төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах
4.1.Тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг Аймгийн Засаг даргаас эрх олгосон байгууллага зохион байгуулна.
4.2.Төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдон гарч байгаа зардлыг тухайн жилийн төсөвт хянуулан батлуулж, батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллана.
4.3.Төлбөр төлснийг гэрчлэх тусгай тэмдэг, тэмдэглэлийг төлбөр төлсөн баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээр дарж баталгаажуулна.
4.4.Төлбөр төлснийг гэрчлэх тэмдэглэгээнд төлбөрийн хэмжээ, огноог бичиж, тэмдэгээр баталгаажуулсан байна.
4.5.Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэргэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ноогдох төлбөрийг төлсөн байна.
4.6.Засаг даргаас эрх олгон төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллага нь орон нутгийн замын санд төвлөрүүлж буй төлбөрийн орлого, зардлын гүйцэтгэлийг улирал бүр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст тайлагнана.
Тав. Бусад
5.1.Төлбөрийн орлогыг энэхүү журмын 3.1, 3.6-т заагдсаны дагуу төсөвт төвлөрүүлээгүй, олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд холбогдох ажилтан, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2.Иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийн орлогыг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A