A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн

газрын даргын 2020 оны А/39 дүгээр тушаалын хавсралт

ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГААС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэ журмын зорилго нь Үндэсний дата төв УТҮГ (цаашид “ҮДТ” гэх)-аас иргэн, байгууллага (цаашид “үйлчлүүлэгч” гэх)-д үзүүлэх үйлчилгээг тодорхойлох, үйлчилгээг хүргэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг тухайн үйлчилгээний гэрээгээр нарийвчлан зохицуулж болно.

1.3.ҮДТ дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

1.3.1.төрийн байгууллагад домэйн нэр олгох үйлчилгээ;

1.3.2.төрийн байгууллагын цахим хуудас байршуулах үйлчилгээ;

1.3.3.төрийн байгууллагын цахим шуудангийн хаяг олгох үйлчилгээ;

1.3.4.байгууллагын мэдээллийн сан байршуулах үйлчилгээ;

1.3.5.төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинд холбох үйлчилгээ;

1.3.6.төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгох үйлчилгээ;

1.3.7.зохиомол сервер түрээсийн үйлчилгээ;

1.3.8.зогсуур түрээсийн үйлчилгээ;

1.3.9.“ХУР-Төрийн мэдээлэл солилцооны систем”-д холбох үйлчилгээ;

1.3.10.“ДАН-Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем”-д холбох үйлчилгээ;

1.4.ҮДТ нь мэдээллийн болон орчны аюулгүй байдлыг хангах бодлого, журамтай байна.

1.5.Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой техникийн нөхцөл, шаардлага, холбогдох үйлчилгээний гэрээний загварыг ҮДТ-ийн захирал батална.

1.6.ҮДТ нь энэхүү журмын 1.3-д заасан үйлчилгээг авах тухай иргэн, байгууллагаас гаргасан хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор судалж, үйлчилгээний гэрээ байгуулна.

1.7.Иргэн, байгууллага нь энэхүү журмын 1.3.2, 1.3.4, 1.3.8, 1.3.9, 1.3.10-д заасан үйлчилгээг авах хүсэлт гаргахаас өмнө, үйлчилгээг авснаас хойш ҮДТ-өөс шаардсан тухай бүрт мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэнэ.

1.8.Үйлчлүүлэгч нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг жилд 1-ээс доошгүй удаа, эрх бүхий байгууллагын шаардснаар тухай бүр хийлгэж, илэрсэн зөрчлийг нэн даруй арилгана.

1.9.ҮДТ нь үйлчилгээг хэвийн, тасралтгүй явуулахад шаардлагатай програм хангамжийн шинэчлэлт, техник технологийн сайжруулалт, зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллана.

1.10.ҮДТ нь төлөвлөгөөт техникийн үзлэгээс шалтгаалан үйлчилгээг тодорхой хугацаагаар таслах тохиолдолд энэ талаарх мэдээллийг үйлчлүүлэгчид 24 цагийн өмнө мэдэгдсэн байна.

1.11.ҮДТ-ийн дэд бүтцээс гаднах сүлжээнд гарсан гэмтэл, саатал, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ тасарсны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирлыг ҮДТ хариуцахгүй.

1.12.ҮДТ нь эрх бүхий байгууллагын шаардлага, шийдвэрийг үндэслэн үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үйлчлэлийг түр түдгэлзүүлж, үзүүлж буй үйлчилгээг нэн даруй зогсооно.

1.13.Үйлчилгээ авч буй иргэн, байгууллага нь энэхүү журам болон үйлчилгээнд тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг хангаагүй, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг тогтоосон хугацаанд хийлгээгүй, эрсдлийн үнэлгээний тайлангийн дагуу холбогдох арга хэмжээ аваагүй, үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд ҮДТ-өөс үйлчилгээг зогсооно.

1.14.ҮДТ нь энэхүү журмын 1.13-т заасан үндэслэлээр үзүүлж буй үйлчилгээг зогсоохоос өмнө тухайн үйлчлүүлэгчид зөрчлийг арилгах талаар мэдэгдлийг хүргүүлнэ.

1.15.Үйлчлүүлэгч албан мэдэгдэлд заасан хугацаанд гаргасан зөрчлөө арилгаагүй тохиолдолд ҮДТ гэрээг цуцална.

1.16.ҮДТ-өөс үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой иргэн, байгууллагаас гаргасан санал, хүсэлт, гомдлыг ҮДТ шийдвэрлэнэ.

1.17.Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багтаамж, хязгаарлалтыг энэхүү журамд тусгаснаар тогтоох ба түүнээс хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ, гэрээний хэрэгжилтийн байдлыг үндэслэн нэмэлт гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ.

Хоёр. Төрийн байгууллагад домэйн нэр олгох үйлчилгээ

2.1.Домайн нэр (gov.mn)-ийг Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, төрийн чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа байгууллагад /цаашид “байгууллага” гэх/ олгоно.

2.2.Домайн нэр нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг илэрхийлсэн үг, эсвэл байгууллагын монгол, англи нэрийн товчлол байх ба орон нутаг, бүсийн товчилсон, галигласан нэр байж болно.

2.3.Байгууллагад ашиглах домэйн нэр нь дараах түвшинд ангилна. Үүнд:

Нэгдүгээр

түвшин

Хоёрдугаар

түвшин

Гуравдугаар түвшин

Дөрөвдүгээр түвшин

Олон улсын ICANN байгууллагаас Монгол Улсад оноосон дээд түвшний домэйн нэр

Төрийн захиргааны байгууллагад олгох дээд домэйн нэр

Төрийн захиргааны байгууллагын эзэмших домэйн нэр

Нэгж харьяа байгууллагад оноосон дэд домэйн нэр

.mn

.gov.mn

оноосон нэр.gov.mn

байршил.оноосон нэр.gov.mn

2.4.ҮДТ нь 2, 3, 4 дүгээр түвшний домэйн нэрийг олгоно.

2.5.Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт гуравдугаар түвшний домэйн нэрийг, тэдгээрт шууд харьяалагдах захиргааны байгууллагад дөрөвдүгээр түвшний домэйн нэр олгоно.

2.6.Дараах тохиолдолд энэ журмын 2.5-д заасныг баримтлахгүй байж болно. Үүнд:

2.6.1.төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдах хэдий ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гуравдугаар түвшний домэйн нэр олгох;

2.6.2.улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг орон нутагт байршилтай төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад орон нутгийн харьяаллыг тусгасан дөрөвдүгээр түвшний домэйн нэр олгох;

2.6.3.нийслэлийн засаг захиргааны нэгжид харьяалагдах төрийн байгууллагад удирдах дээд шатны байгууллагын домэйн нэрний дөрөвдүгээр түвшний домэйн нэрийг эсвэл орон нутаг, бүсийн нэрийн товчлол бүхий домэйн нэрийг олгох;

2.7.Төрийн байгууллагад үйл ажиллагааны чиглэл, үйлчилгээний онцлогийг харгалзан давхар домэйн нэр олгож болно.

2.8.Домэйн нэрийн систем болон холбогдох техник, програм хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг ҮДТ хариуцан ажиллана.

2.9.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр домэйн нэрийг өөрчилсөн бол өмнөх домэйн нэрийг устгана.

Гурав. Төрийн байгууллагын цахим хуудас байршуулах үйлчилгээ

3.1.Төрийн байгууллагын цахим хуудас байршуулах талбарыг үүсгэх, домэйн нэрээр интернэтэд цахим хуудас байршуулах талбарыг үүсгэх, цахим хуудас байршуулах сервер төхөөрөмжийн мэдээллийн сүлжээ ба цахилгаан хангамжийн тасралтгүй байдал, температур чийгшлийн тогтворжилт болон мэдээллийн аюулгүй байдлыг ханган цахим хуудас байршуулах үйлчилгээг үзүүлнэ.

3.2.Үйлчлүүлэгч нь цахим хуудасны удирдлагын хэсэгт өөрийн нэр нууц үгийг ашиглан нэвтэрч, цахим хуудас болон түүний агуулга, мэдээлэл, мэдээллийн санг өөрчлөх, устгах, шинэчлэх түвшний зөвшөөрөгдсөн эрх бүхий ажилтантай байна.

3.3.Цахим хуудас байршуулах талбарт төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангахаас бусад зорилго бүхий цахим хуудас болон систем байршуулахгүй.

3.4.Цахим хуудасны нөөцлөлтийг улиралд нэг удаа хийх бөгөөд дараагийн нөөцлөлт хийгдэх хүртэл хугацаанд хадгална.

3.5.Үйлчлүүлэгч нь үйлчилгээ авах техникийн нөхцөл, шаардлагыг ханган, цахим хуудасны нэвтрэх эрх, нууцлал, цахим хуудасны хөгжүүлэлт, шинэчлэлт, сайжруулалтыг хариуцна.

3.6.Үйлчлүүлэгч цахим хуудасны хөгжүүлэлтийг тогтмол хийгээгүйгээс мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүссэн, системд хэт ачаалал үүсгэсэн гэж үзвэл ҮДТ-өөс үйлчилгээг нэн даруй зогсоож, үйлчлүүлэгчид мэдэгдэх арга хэмжээ авна.

3.7.Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан, гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дараа цахим хуудас байршуулах серверт байршиж байгаа мэдээлэл (цахим хуудас)-ийг устгана.

3.8.Төрийн байгууллага дараах үзүүлэлт бүхий дискийн багтаамжийг сонгон цахим хуудас байршуулах үйлчилгээг авна. Үүнд:

3.8.1. 1 GB хүртэл

3.8.2. 5 GB хүртэл

3.8.3. 10 GB хүртэл

3.8.4. 20 GB хүртэл

Дөрөв. Төрийн байгууллагын цахим шуудангийн хаяг олгох үйлчилгээ

4.1.ҮДТ нь байгууллагад нэг админ эрх олгохоос бусад цахим шуудангийн хэрэглээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй.

4.2.ҮДТ нь үйлчлүүлэгчийн цахим шуудангийн 3 хүртэлх жилийн мэдээллийг хадгална.

4.3.Үйлчлүүлэгчийн албан хэрэгцээний цахим шуудангийн эрхээр 3 сар хандалт хийгдээгүй бол идэвхгүй болгох, 12 сар хандалт хийгдээгүй бол үйлчлүүлэгчид мэдэгдэж, тухайн хаягийг устгана.

4.4.Үйлчлүүлэгч нь цахим шуудангийн мэдээллээ жил тутам архивлана.

4.5.Үйлчлүүлэгч нь өөрийн цахим шуудангийн хаягт ирсэн сэжигтэй болон хортой код бүхий цахим шуудангийн талаар ҮДТ-д нэн даруй мэдэгдэнэ.

4.6.Цахим шуудангийн хаяг байршуулах дискийн багтаамж 20GB хүртэл байна.

4.7.Төрийн байгууллагад дараах үзүүлэлт бүхий багтаамжтай цахим шуудангийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

4.7.1. 2 GB хүртэл

4.7.2. 5 GB хүртэл

4.7.3. 10 GB хүртэл

4.7.4. 20 GB хүртэл

Тав. Төрийн байгууллагын мэдээллийн сан байршуулах үйлчилгээ

5.1.Төрийн байгууллагын мэдээллийн санг ҮДТ-д хуулбарлах буюу нөөцөлж байршуулна.

5.2.Төрийн байгууллагын байршуулсан мэдээллийн санд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ эсхүл нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан сүлжээ (VPN)-ээр дамжуулан хандана.

5.3.Төрийн байгууллагын мэдээллийн санг нөөцлөн байршуулахад эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байхыг шаардахгүй.

Зургаа. Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар үйлчилгээ үзүүлэх

6.1.Төрийн үйлчилгээг төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон цахим мэдээллийн санг ашиглан ТҮЦ машинаар хүргэнэ.

6.2.Тухайн үйлчилгээг хариуцан үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага ТҮЦ машинаар дамжуулан хүргэж байгаа төрийн үйлчилгээг нэмэх, хасах саналыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.3.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, эрэлт, үйлчилгээ хүргэгч байгууллагын хүсэлт, ҮДТ-ийн техникийн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг үндэслэн ТҮЦ машинаар үйлчилгээг хүргэх зөвшөөрөл олгоно.

6.4.ТҮЦ машинаас олгох үйлчилгээний үнэн бодит байдлыг тухайн үйлчилгээг хариуцан үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага хариуцна.

6.5.ТҮЦ машиныг Тагнуулын байгууллагаас баталгаажуулсан нууцлал бүхий сүлжээнд холбоно.

6.6.ҮДТ нь ТҮЦ машиныг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбож, тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.

6.7.Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр ТҮЦ машины үйлчилгээг хасах бол ҮДТ тухайн шийдвэрийг нэн даруй гүйцэтгэж, энэ тухай Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

6.8.Төрийн болон хувийн байгууллага өөрийн өмчлөлийн ТҮЦ машиныг ашиглан үйлчилгээг хүргэж болно.

6.9.ҮДТ-ийн өмчлөлийн бус ТҮЦ машинаас олох орлого, ашиглалт үйлчилгээ, хэвийн, тасралтгүй ажиллагаатай холбоотой асуудлыг өмчлөгч байгууллага, ҮДТ-ийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

6.10.ТҮЦ машины байршлыг өөрчлөх, ашиглалтын байдлыг харгалзан хураах шийдвэрийг ҮДТ-ын саналыг үндэслэн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.

Долоо. Төрийн байгууллага, албан хаагчид цахим гарын үсэг олгох үйлчилгээ

7.1.ҮДТ нь Цахим гарын үсгийн тухай хууль, холбогдох журам, бодлогын чиглэлд нийцүүлэн байгуулсан бүртгэлийн нэгжээр дамжуулан төрийн байгууллагын албан хаагчид тоон гарын үсэг олгох үйлчилгээг үзүүлнэ.

7.2.Бүртгэлийн нэгж нь төрийн байгууллагаас гаргасан тоон гарын үсгийн гэрчилгээ авах албан хүсэлтийг үндэслэн, тухайн байгууллагын бүртгэлийн ажилтнаар дамжуулан ирүүлсэн тоон гарын үсгийн гэрчилгээ авах өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон тушаалын хуулбарыг шалгаж баталгаажуулна.

7.3.ҮДТ нь тоон гарын үсэг эзэмшигчийн хувийн мэдээллийг зөвхөн гэрчилгээ олгох зорилгоор ашиглаж, нууцыг чандлан хадгална.

7.4.Тоон гарын үсгийн гэрчилгээний хувийн түлхүүр болон түүнийг хадгалсан Э-токен төхөөрөмжийг гээсэн, алдсан, албан хаагч ажлаас халагдсан, албан тушаал, салбар хэлтэс нь өөрчлөгдсөн, шилжсэн, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаар бүртгэлийн ажилтнаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн ҮДТ тоон гарын үсгийн гэрчилгээг түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгоно.

7.5.ҮДТ нь тоон гарын үсэг ашиглах талаар төрийн байгууллагын албан хаагчийг мэргэжил арга зүйгээр хангана.

Найм. Зохиомол сервер түрээсийн үйлчилгээ

8.1.Сүлжээнд холбогдсон физик сервер төхөөрөмжийн эх үүсвэрүүдийг програмын аргаар хуваах байдлаар үүсгэсэн зохиомол серверийг иргэн, байгууллагад түрээслүүлэн ашиглуулах зохиомол сервер түрээсийн үйлчилгээг үзүүлнэ.

8.2.ҮДТ нь дараах үзүүлэлт бүхий сервер, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

8.2.1.тооцоолон бодох хэсэг (CPU-core) 2, шуурхай санах ой (RAM) 2GB, хатуу дискний багтаамж (Hard drive) 50GB;

8.2.2.тооцоолон бодох хэсэг (CPU-core) 2, шуурхай санах ой (RAM) 4GB, хатуу дискний багтаамж (Hard drive) 100GB;

8.2.3.тооцоолон бодох хэсэг (CPU-core) 2, шуурхай санах ой (RAM) 6GB, хатуу дискний багтаамж (Hard drive) 100GB;

8.3.Үйлчлүүлэгч нь зохиомол серверийн системийн сайжруулалтыг тогтмол хийнэ.

8.4.Үйлчлүүлэгч нь тухайн системд хандах порт болон холбогдох бусад мэдээллийг ҮДТ-д өгнө.

8.5.Үйлчлүүлэгчийн зохиомол серверийн системд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүссэн, сэжигтэй хандалт илэрсэн, гэрээнд тусгагдснаас өөр зорилгоор ашигласан тохиолдолд ҮДТ үйлчилгээг нэн даруй зогсоож, үйлчлүүлэгч байгууллагад энэ талаар мэдэгдэнэ.

8.6.Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан, гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш 5 хоногийн дараа зохиомол серверт байршиж байгаа үйлчлүүлэгчийн өгөгдөл, мэдээллийг устгана.

8.7.Зохиомол сервер ашиглах үйлчилгээ үзүүлэх гэрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгах тухай өгсөн зөвлөмж, түүний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хавсаргана.

8.8.Үйлчилгээ үзүүлэх гэрээнд зохиомол сервер дээр ажиллах системийн зориулалтыг тодорхой тусгана.

8.9.Энэ журмын 1.10-д зааснаас гадна дараах тохиолдолд үүссэн хохирлыг ҮДТ хариуцахгүй. Үүнд:

8.9.1.үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс нэр, нууц үг алдагдсан, хүчингүй болсон, систем устгагдсан, систем буруу ажилласнаас үүссэн хохирол;

8.9.2.үйлчлүүлэгч энэ журам болон ҮДТ-тэй байгуулсан гэрээг зөрчснөөс үүссэн хохирол;

8.9.3.үйлчлүүлэгч энэ журмын 8.6-д заасан хугацаанд багтаан зохиомол серверт байршуулсан өгөгдөл, мэдээллийг шилжүүлэн аваагүйгээс үүссэн хохирол;

8.9.4.гуравдагч этгээдийн тоног төхөөрөмж, дэд бүтцэд гарсан гэмтэл, саатлын улмаас үүссэн хохирол.

Ес. Зогсуур түрээсийн үйлчилгээ

9.1.Иргэн, байгууллагын тоног төхөөрөмжийг зориулалтын серверийн өрөө (зогсуур)-д байршуулж, сүлжээ, цахилгаан хангамжийн тасалдалгүй ажиллагаа, орчны температур, чийгшлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах зогсуур түрээсийн үйлчилгээг үзүүлнэ.

9.2.Төрийн байгууллагын системийг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ эсхүл нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан виртуал сүлжээ (VPN)-ээр дамжуулан холбоно.

9.3.Үйлчлүүлэгч ҮДТ-ийн серверийн өрөөнд “rack mount” зориулалтын тоног төхөөрөмжийг байршуулах боломжтой ба 1 Mbps гадаад урсгал, хязгааргүй дотоод урсгалыг ҮДТ-өөс өгнө.

9.4.Үйлчлүүлэгчийн тоног төхөөрөмжийг галт хананы ард байршуулна.

9.5.Серверийн өрөөнд байршуулахаар хүсэлт гаргасан иргэн, байгууллагын тоног төхөөрөмж нь ҮДТ-өөс тодорхойлсон техникийн нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.

9.6.Серверийн өрөөнд байрших тоног төхөөрөмж дээр ажиллах системийн зориулалтыг үйлчилгээ үзүүлэх гэрээнд тодорхой тусгана.

9.7.Серверийн өрөөнд байрших тоног төхөөрөмжид Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл байршуулахгүй.

9.8.Энэ журмын 1.11-д зааснаас гадна дараах тохиолдолд үүссэн хохирлыг ҮДТ хариуцахгүй. Үүнд:

9.8.1.үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс нэр, нууц үг алдагдсанаас үүссэн хохирол;

9.8.2.үйлчлүүлэгчийн тоног төхөөрөмждөө хийсэн тохиргоо, өөрчлөлтийн улмаас үүссэн хохирол;

9.8.3.үйлчлүүлэгчийн сонгосон портоор зөвшөөрөлгүй нэвтэрсэн хандалт, халдлагын улмаас үүссэн хохирол;

9.8.4.үйлчлүүлэгчийн тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, саатлын улмаас үүссэн хохирол;

9.8.5.үйлчлүүлэгч энэ журмын 9.8-д заасан хугацаанд багтаан өөрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн аваагүйгээс үүссэн хохирол;

9.8.6.үйлчлүүлэгч энэ журам болон ҮДТ-тэй байгуулсан гэрээг зөрчсөний улмаас үүссэн хохирол.

Арав. Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбох үйлчилгээ

10.1.Үйлчилгээ эрхлэгч байгууллагын хүсэлт болон ҮДТ-ын саналыг харгалзан ХУР системд үйлчилгээ нэмэх болон хасах шийдвэрийг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.

10.2.“ХУР” системд холбогдсон сервер болон хэрэглэгчид үйлчлэх системийн үйлдлийн систем нь Монгол улсад байршилтай байх, SSL холболттой, албан ёсны лиценз, вирусны эсрэг програм хангамжтай байна.

10.3.ҮДТ нь ХУР системд холбогдох хүсэлт гаргасан этгээдийг Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд үйлчилгээний холболт хийх гэрээ байгуулан, гэрээний хуулбарыг ажлын 5 хоногт багтаан тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

10.4.ХУР системд холбогдох мэдээллийн систем нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ эсхүл нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан виртуал сүлжээ (VPN)-ээр дамжин холбогдоно.

10.5.Тухайн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй мэдээллийг холбож үл болно.

10.6.ХУР системд хандах дараах түвшин байна. Үүнд:

10.6.1 нийтэд ил ашиглагдах сервис.

10.6.2.иргэн зөвшөөрсний үндсэн дээр дамжуулах сервис.

10.6.3.төрийн байгууллагууд хоорондын дамжуулах сервис.

10.7.“ХУР” системийг ашиглах нөхцөл, заавар болон энэ журмын 10.6.1, 10.6.2, 10.6.3-д заасан сервисын тодорхойлолт, оролт, гаралт холбогдох бусад мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх арга хэмжээг ҮДТ зохион байгуулна.

10.8.ХУР систем ашиглах байгууллага, эрх бүхий ажилтны үүрэг:

10.8.1.ҮДТ-өөс өгсөн хандах эрх болон холболтын зааварчилгааг чанд мөрдөх;

10.8.2.ХУР системийн сервистэй холбоотойгоор гарсан асуудлыг ҮДТ-тэй хамтран шийдвэрлэх;

10.8.3.өөрийн байгууллагын системийн аюулгүй ажиллагааг ҮДТ-өөс тогтоосон шаардлагад нийцүүлэн ажиллах;

10.8.4.сервер тоног, төхөөрөмжийг зориулалтын орчинд байршуулсан байх.

10.9.Төрийн болон бусад байгууллага нь ХУР системд бүртгүүлсэн сервисын мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

10.10.ҮДТ нь ХУР системээр дамжуулсан мэдээллийг тухай бүр хадгалан мэдээллийн сан үүсгэх ба уг сангаас иргэн, байгууллага лавлагаа, мэдээллийг эргэж нягтлах боломжийг бүрдүүлсэн байна.

10.11.ХУР систем ашиглах гэрээнд заасан нөхцлийг хангаагүй эсхүл мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл үүссэн, алдагдсан бол ҮДТ нь холболтыг салгаж энэ тухай холбогдох талуудад нэн даруй мэдэгдэнэ.

10.12.Энэ журмын 10.6.2-т заасан сервисыг иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулна.

10.13.Энэ журмын 10.6.2, 10.6.3-т заасан сервисээр иргэний мэдээллийг дамжуулж байгаа тохиолдолд иргэнд мэдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

10.14.“ХУР” системээр дамжуулан ашиглаж буй сервисын мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу эсвэл тухайн иргэн, хуулийн этгээд зөвшөөрснөөс бусад тохиолдолд хадгалах, мэдээллийн сан үүсгэж үл болно.

Арван нэг. Танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системд холбох үйлчилгээ

11.1.ҮДТ нь ДАН системд холбогдох хүсэлт гарсан этгээдийн үйлчилгээний холболт хийх хүсэлтийг ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ.

11.2.“ДАН” систем нь иргэнийг цахим орчинд дараах хэлбэрээр таньж баталгаажуулна. Үүнд:

11.2.1.Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцээс үүсгэсэн тоон гарын үсгээр;

11.2.2.Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн сүлжээний оператор байгууллагуудаас олгогдсон /Өөрийн нэр дээр бүртгэлтэй/ гар утасны дугаараар хүлээж авсан нэг удаагийн нэвтрэх код болон нууц үгээр;

11.2.3.биеийн давхцахгүй өгөгдлөөр;

11.3.“ДАН” системийг ашиглах заавар, гарын авлага болон холбогдох мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх арга хэмжээг ҮДТ зохион байгуулна.

11.4.ДАН танилт нэвтрэлтийн системтэй холбоотой санал, хүсэлтийг ҮДТ шийдвэрлэнэ.

Арван хоёр. Үйлчилгээний төлбөр

12.1.ҮДТ-өөс иргэн, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээ нь төлбөртэй байна.

12.2.Үйлчилгээний төлбөрийн хэмжээг үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, зах зээлийн эрэлтээс хамааруулан зардалд суурилсан болон зардлаас үл хамаарсан хэлбэрээр тооцож тогтооно.

12.3.Үйлчилгээний төлбөрийг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан ҮДТ-ийн захирал батална.

12.4.Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системд холбогдох хүсэлт гаргасан төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд нь холболтын хураамж төлнө.

12.5.“ХУР” системээр дамжуулан Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”-д багтсан үйлчилгээг хүргэхэд төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд нь өртөгт суурилсан үйлчилгээний төлбөр төлнө.

12.6.ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээнд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон мэдээллийн санг эзэмшигч байгууллагын тогтоосон үнэ тарифыг баримтална.

12.7.ҮДТ нь энэ журмын 1.3-д заасан үйлчилгээ үзүүлснээс орох орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

12.8.ҮДТ нь энэ журмын 1.3-д үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарах урсгал зардлыг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.

Арван гурав. Хяналт, хариуцлага

13.1.Журмын хэрэгжилтэд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

13.2.ҮДТ нь энэ журмын 1.3-д заасан үйлчилгээний санхүүгийн тайланг холбогдох хуульд заасан хугацаанд аудитын байгууллагаар хянуулж, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дүгнэлтийг хүргүүлнэ.

13.3.ҮДТ нь үйлчилгээ тус бүрээр тайланг гаргаж, тайланг улирал тутам Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

13.4.Энэхүү журмыг зөрчсөн буруутай этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 ---оОо---