A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 228 дугаар
  тогтоолын хавсралт

 

ОЮУТНЫ ЦАГААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь оюутан сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэн ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, дадлагажих, төгсөөд шууд ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.2. Оюутныг хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай)-д цагаар хөдөлмөр эрхлүүлэх, түүнтэй холбоотой үүссэн харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. “Оюутан” гэж их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг ойлгоно.

Хоёр. Оюутан цагаар хөдөлмөр эрхлэх зохицуулалт

2.1. Хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргаж, оюутныг хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.

2.2. Оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь түүний сурч боловсрол нөхцөлийг хязгаарлахааргүй байна. Ажлын цагийн хязгаарлалт нь их, дээд сургууль, коллежийн оюутны улирлын амралтын хугацаанд хамаарахгүй.

2.3. Хувийн хэвшлийн байгууллага нь оюутантай цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг оюутны суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар хэмжээг харгалзан талууд харилцан тохиролцож тусгана.

2.4. Мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 нас хүрсэн оюутантай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход нь саад учруулахгүй нөхцөлд цагийн ажил эрхлүүлж болно.

2.5. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг оюутнаас шаардахыг хориглоно.

2.6. Залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллагын жагсаалтыг жил бүрийн I улиралд шинэчлэн гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

2.7. Хувийн хэвшлийн байгууллага нь сул, чөлөөтэй цагийн ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүр нь харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид хүргүүлнэ.

2.8. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь энэ журмын 2.7-д заасан мэдээллийг нэгтгэн, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд оруулж, их, дээд сургууль, коллежийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэх төвүүдийг холбогдох мэдээллээр хангана.

2.9. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь цагийн ажлын байрыг оюутнуудад нээлттэй танилцуулж, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй оюутнуудын бүртгэл хөтөлнө.

2.10. Хөдөлмөрийн хувийн бирж болон холбогдох байгууллагууд оюутныг цагийн ажилд зуучлахтай холбоотой мэдээллийг залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд хүргүүлж, оюутныг цагийн хөдөлмөр эрхлэлтэд зуучилна.

2.11. Хувийн хэвшлийн байгууллага нь оюутныг сул, чөлөөтэй ажлын байранд цагийн ажилд авсан тухай тухайн оюутны суралцаж байгаа их, дээд сургууль, коллежийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд мэдэгдэнэ.

2.12. Хувийн хэвшлийн байгууллага, оюутны хооронд ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үүссэн хөдөлмөрийн маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь оюутныг цагийн хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой бодлого, арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангана.

3.2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

3.3. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр баталсан оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний санхүүжилтийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

3.4. Хөдөлмөр эрхлэлтийн болон залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

3.5. Аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургууль, коллежууд оюутныг цагаар хөдөлмөр эрхлэхийг дэмжих, орлого олох, хөдөлмөрийн харилцааны соёлд суралцах, ажлын байранд бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, мэргэших, төгсөөд ажилтай болох боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

3.6. Хувийн хэвшлийн байгууллага оюутны цагаар хөдөлмөр эрхлэх харилцаанд дараахь үүрэгтэй:

      3.6.1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.9-д заасны дагуу оюутныг цагийн ажлын байраар хангах арга хэмжээ авах;

      3.6.2. оюутныг цагаар ажиллуулах боломжтой ажлын байрыг урьдчилан тодорхойлж, орон тоо, ажлын байрны талаарх мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн залуучуудын болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн байгууллага, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд улирал тутамд хүргүүлэх;

      3.6.3. оюутныг тухайн суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр нь нэн тэргүүнд ажиллуулах зарчим баримтлах;

      3.6.4. оюутны гүйцэтгэх ажлыг үндсэн ажилтны гүйцэтгэж байгаа ажил, үүргээс илүүгүй байхаар тодорхойлох;

      3.6.5. оюутантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлүүлсний цалин хөлсийг нэг сар хүртэлх хугацаанд ажилласан өдөр бүр, түүнээс дээш хугацаагаар ажиллах бол сард хоёр удаа олгох;

      3.6.6. оюутныг хөдөлмөр эрхэлсэнтэй холбоотой ажлын түүх үүсгэж, цагийн ажлын дэвтэрт тухай бүр тэмдэглэгээ хийх;

      3.6.7. хөдөлмөрийн дотоод журамд оюутнаар цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбогдох зохицуулалтыг тусгаж, дотоод журмыг оюутанд танилцуулах;

      3.6.8. ажил олгогч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

      3.6.9. оюутан цагаар хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн болон эдгээр шалтгаанаар нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцах;

      3.6.10. хөдөлмөр эрхэлж байгаа оюутанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, үндсэн ажилтны нэгэн адил хамгаалах.

3.7. Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх асуудлаар өмчийн хэлбэрийг үл харгалзан их, дээд сургууль, коллеж нь дараахь үүрэгтэй:

      3.7.1. оюутныг хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрт бэлтгэгдэх, дадлага, туршлагатай болоход дэмжлэг үзүүлэх;

      3.7.2. оюутныг цагийн ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцуулах чиглэлээр жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;

      3.7.3. оюутныг цагийн ажилд бүртгэх, хөдөлмөр эрхлэхэд зуучлах, мэдээллийн сан бүрдүүлэх;

      3.7.4. холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой мэдээллийг ажиллахаар сонгогдсон оюутанд танилцуулж, зөвлөгөө өгөх;

      3.7.5. цагаар хөдөлмөр эрхлэхтэй холбоотой өдөрлөг, арга хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн болон залуучуудын асуудал хариуцсан байгууллага, ажил олгогчидтой хамтран жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах.

3.8. Цагаар хөдөлмөр эрхлэх оюутан дараахь эрх, үүрэгтэй:

      3.8.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах;

      3.8.2. ажил олгогчоос өгсөн чиглэлийн дагуу ажил, үүргийг чанартай гүйцэтгэх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг шаардлага, дотоод журмыг биелүүлэх.

Дөрөв. Бусад

4.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.


-----о0о-----