A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын наймдугаар хавсралт

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗУРМАГ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын хэмжээнд төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлд шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулахдаа зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлахгүй, аливаа этгээдэд давуу эрх олгохгүй, харилцан уялдаатай, нэгдмэл байх зарчмыг баримтална.

1.3. Энэхүү журамд хэрэглэсэн “галт тэрэгний хөдөлгөөний зурмаг” гэснийг “хөдөлгөөний нэгдсэн зурмаг”, “суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж тус тус ойлгох бөгөөд бусад нэр томьёо, тодорхойлолтыг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, үндэсний стандартад заасан утгаар хэрэглэнэ.

1.4. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг /цаашид “хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэх/-ийг Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг тухайн суурь бүтэц эзэмшигч хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцүүлэн тус тус боловсруулж, батална.

1.5. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийг Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэн дагаж мөрдөнө.

1.6. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах, хөдөлгөөний нэгдсэн зурмагийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд төрийн байгууллага болон олон нийтийг зохих мэдээллээр хангаж ажиллана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГ БОЛОВСРУУЛАХ,

ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулахдаа төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журамд болон дараах шаардлагад нийцсэн байна.

2.1.1. галт тэрэгний хөдөлгөөний зурмаг нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, Өрсөлдөөний тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горим болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээнд нийцсэн байх;

2.1.2. суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ашиглах, тэдгээрт засвар, үйлчилгээ, арчилгаа, хийх боломжоор хангасан байх;

2.1.3. төмөр замын тээврийг бусад төрлийн тээвэр болон хилийн боомтын үйл ажиллагаатай уялдуулсан байх;

2.1.4. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага болон иргэний санал, хүсэлтийг судлан, харгалзан үзсэн байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГ БОЛОВСРУУЛАХАД

ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг боловсруулахад дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1. тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах (тээвэрлэлт хийлгэх) саналаа Тээвэрлэгчдэд бичгээр гаргах бөгөөд дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

  • тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
  • суурь бүтэц ашиглах болон тээвэрлэлтийн гэрээ, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хуулбар;
  • иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн иргэнд хамаарна/;
  • аж ахуйн нэгж, байгууллагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар байна.

3.1.2. тээвэрлэгч нь суурь бүтцийн хөдөлгөөний зурмагт тусгуулах тээвэрлэлтийн хэмжээний талаарх саналаа “Суурь бүтэц ашиглуулах журам” -ын гурав дугаар бүлэгт заасан дагуу хүргүүлнэ.

3.1.3 суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг боловсруулахдаа захиалсан ачааны хэмжээ нь суурь бүтцийн хүчин чадлаас давсан тохиолдолд олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн дамжин өнгөрөх, экспорт, импорт, улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ачаа зэргээс бусад ачааг захиалгат хэмжээнээс үл хамааран өөрийн суурь бүтцийн тээх нэвтрүүлэх чадварт тохируулан, шударга өрсөлдөөнийг ханган тээвэрлэсэн байхаар зурмагт тусгасан байна.

3.2. Хөдөлгөөний нэгдсэн зурмаг боловсруулах

3.2.1. суурь бүтэц эзэмшигч нь хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгуулах саналаа Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагад бичгээр гаргах бөгөөд дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

  • суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төсөл;
  • суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төсөлд тусгуулахаар тээвэрлэгч болон бусад үйлчлүүлэгч этгээдээс ирүүлсэн зорчигч, ачаа тээвэрлэлтийн захиалга, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай товч тайлбар;
  • зэргэлдээ суурь бүтэцтэй солилцох /хүлээлгэн өгөх буюу хүлээн авах/ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, нэвтрүүлэх зорчигч, ачааны боломжит дээд хэмжээний тухай санал, түүний үндэслэл, тооцоо, судалгаа.

3.3. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийг үндэсний аюулгүй байдал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл, Олон улсын төмөр замын харилцааны зорчигч, ачаа тээвэрлэлт болон эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой тээвэрлэлт, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар, тээвэрлэгчдийн ашиг сонирхлын зөрчил зэрэг шалтгаанаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа, галт тэрэгний аяллын мөрний хуваарилалтад хуульд заасан үндэслэлээр аливаа хязгаарлалт, давуу эрх, дараалал тогтоох харилцааг холбогдох олон улсын болон үндэсний гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журамд нийцүүлэн боловсруулан баталж, мөрдөж ажиллана.

3.4. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах, тэдгээртэй хамааралтай мэдээллийг цуглуулахад суурь бүтэц эзэмшигч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага болон иргэний гаргасан санал, зөвлөмжийг нээлттэй хүлээн авна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГИЙН ЦАГЛАБАР

4.1. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг өвлийн ба зуны гэж ангилна.

4.2. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална:

  • суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэнээс өвлийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах саналыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны дотор, зуны суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах саналыг 3 дугаар сарын 05-ны дотор авах ба санал авах тухай 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан байх;
  • суурь бүтэц эзэмшигч нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулахаар ирүүлсэн саналыг нэгтгэн, өвлийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг жил бүрийн 9 дүгээр сарын 25-ны дотор, зуны суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг 3 дугаар сарын 25-ны дотор боловсруулах;

 

  • суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний өвлийн зурмагийн төслийг 10 дугаар сарын 01-ний дотор, зуны зурмагийн төслийг 3 дугаар сарын 31-ний дотор Хөдөлгөөн зохицуулалтын төвд тус тус ирүүлэх.
  • суурь бүтэц эзэмшигч нь нэгдсэн зурмаг батлагдсанаас хойш 10 хоногийн дотор өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг баталж мөрдөнө.

4.3. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална.

4.3.1. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгуулахаар ирүүлсэн төслүүдийг нэгтгэн, өвлийн хөдөлгөөний нэгдсэн зурмагийг жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны дотор, зуны хөдөлгөөний нэгдсэн зурмагийг 4 дүгээр сарын 20-ны дотор боловсруулж, батлах;

4.3.2. хөдөлгөөний нэгдсэн зурмагийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор суурь бүтэц эзэмшигчид хүргүүлэх.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГТ ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1. Суурь бүтцийн ачаа тээврийн хэмжээнд өөрчлөлт орох, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор шинээр өртөө, зөрлөг нээх, хаах, шинээр шугам барих, зурмагт өөрчлөлт оруулах, мөн суурь бүтцийн техникийн байдал нь муудсанаас хурд хязгаарлах, голын ачааллыг хязгаарлах, тээвэрлэгчийн зүтгүүрийн хурдны шаардлагыг хангахгүй болох зэрэг техникийн шинэчлэлт хийж, технологид өөрчлөлт орох, тээх, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх тохиолдол бүрт суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулна.

5.2. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулах тухай саналаа бичгээр гарган, үндэслэл, түүнийг нотолсон баримт, материалын хамт суурь бүтэц эзэмшигчид ирүүлнэ.

5.3. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулсан тухай бүрт хөдөлгөөний нэгдсэн зурмагт өөрчлөлт оруулах саналыг Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагад энэхүү журмын 3.2.1-д заасны дагуу ирүүлнэ.

5.4. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь суурь бүтэц эзэмшигчийн хөдөлгөөний нэгдсэн зурмагт өөрчлөлт оруулах тухай саналыг хянан үзэж, ажлын 5 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.

5.5. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулах явц, түүнтэй хамааралтай мэдээллүүд нь энэхүү журмын 3.4-д заасны адил хүрээнд нээлттэй байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГИЙН ГҮЙЦЭТГЭЛД

ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

6.1. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар, суурь бүтэц эзэмшигчийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтад хяналт тавих зорилгоор суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийнэ.

6.2. Зурмагийн гүйцэтгэлийн шинжилгээг шаардлагатай гэж үзвэл Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам тээврийн хяналт хариуцсан нэгж болон суурь бүтэц эзэмшигчтэй хамтран гүйцэтгэж болно.

6.3. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийх удирдамжийг боловсруулж, суурь бүтэц эзэмшигчид албан бичгээр хүргүүлнэ.

6.4. Суурь бүтэц эзэмшигч нь зурмагийн гүйцэтгэлийн шинжилгээнд ашиглуулахаар дараах материалыг албан бичигт заасан хугацааны дотор Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргаж өгнө.

6.4.1. тухайн хугацааны суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөний хоногийн ажлын төлөвлөгөө ба ээлжийн ажлын гүйцэтгэлийн зурмагууд;

6.4.2. ачааны вагоны паркийн хоногийн тайлан;

6.4.3. шаардлагатай тохиолдолд суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төлөвлөлтийн болон диспетчерийн шуурхай тушаалын дэвтрүүд;

6.4.4. удирдамжид заасан бусад баримт бичиг.

6.5. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийн биелэлт болон суурь бүтцийн ашиглалтын ажлын чанарын үзүүлэлтүүдийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах талаар суурь бүтэц эзэмшигчид албан даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллана.

6.6. Суурь бүтэц эзэмшигч нь Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагаас өгсөн албан даалгаврын дагуу хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба биелэлтийг заагдсан хугацааны дотор тус байгууллагад гаргаж өгнө.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ НЭГДСЭН ЗУРМАГИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ

ХИЙХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

7.1. Хөдөлгөөний нэгдсэн зурмагаар тухайн төмөр замын суурь бүтцээр аялах болон төмөр замын суурь бүтцүүд хооронд солилцох галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэрлэх зорчигч болон ачааны боломжит дээд хэмжээ, галт тэрэгний аяллын хурд, хөдлөх бүрэлдэхүүний ба суурь бүтцийн ашиглалтын ажлын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлно.

7.2. Суурь бүтэц эзэмшигч нь энэхүү журмын 2.1.1-д нийцүүлэн өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг, тодорхой хугацаа /хоног, ээлж/-ны ажлын төлөвлөгөө-зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн шуурхай тохируулгыг тус тус боловсруулан, хэрэгжүүлж байх ба өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний гүйцэтгэлийн зурмагийг хөтөлнө.

7.3. Хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгасан галт тэрэгний аяллын мөрийг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар хууль тогтоомжид заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулан, харилцан ашиглана.

7.4. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг болон тээвэрлэгчтэй байгуулах тээвэрлэлтийн гэрээг Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцүүлэн боловсруулж, зохион байгуулан, мөрдүүлэн ажиллана.

7.5. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийн өөрийн суурь бүтэц дэх галт тэрэгний аяллын мөрийг ямар нэгэн хуулийн этгээдэд болон өөртөө /үүнд өөрийнх нь хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил хамаарна/ тээвэрлэлтийн үйл ажиллагаанд давуутай байдлаар ашиглахгүй.

7.6. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг, тодорхой хугацаа /хоног, ээлж/-ны ажлын төлөвлөгөөг үндэслэн зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийх ба галт тэрэгний зурмагийн тасалдлын мэдээг Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагад Төмөр замын тээврийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журамд заасан хугацаанд, тогтоосон маягтын дагуу гаргаж өгнө.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД

8.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг мөрдөөгүйгээс учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

8.3. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага /суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага/, иргэн нь галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, тэдгээрт өөрчлөлт оруулах явц болон хөдөлгөөний нэгдсэн зурмагийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ.

 

- - - o 0 o - - -