A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн

сайдын 2020 оны А-324 дүгээр тушаалын хавсралт

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА

ЛАБОРАТОРИЙГ СОНГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журам нь мал эмнэлгийн үндэсний лавлагаа лаборатори (цаашид “Үндэсний лавлагаа лаборатори” гэх)-д тавигдах шаардлагыг тогтоох, түүнийг сонгохтой холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.2. Үндэсний лавлагаа лаборатори нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, журам, заавар, дүрэм, лабораторийн үйл ажиллагааны талаарх үндэсний болон олон улсын стандарт, зөвлөмж, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.3. Үндэсний лавлагаа лабораторийн эрхийг зөвхөн төрөлжсөн чиглэлээр олгоно.

1.4. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үндэсний лавлагаа лабораторийн чиглэлийг баталж, цахим хуудаст байршуулах ба нийтэд мэдээлнэ.

1.5. Үндэсний лавлагаа лаборатори нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэгт заасан жагсаалтын дагуу мал, амьтны өвчний оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний үр дүнг баталгаажуулах, шинжээчдийг мэргэшүүлэх, судалгаа шинжилгээ хийх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

1.6. Үндэсний лавлагаа лаборатори нь төр, хувийн хэвшлийн лабораторийн шинжилгээний дүнтэй холбоотой маргаан, хүсэлтийг хянах, баталгаажуулах, эцсийн дүгнэлт гаргах бөгөөд үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний хариу нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эцсийнх байна.

1.7. Үндэсний хэмжээнд лавлагаа лабораторид хамаарах асуудлаар шинжилгээний шинэ арга зүй нэвтрүүлэх, мал эмнэлгийн бүх шатны сүлжээ лабораторийг нэгдсэн арга зүй, мэдээллээр хангах, хяналт тавих, үнэлгээ хийх, зөвлөмж өгнө.

 

Хоёр. Үндэсний лавлагаа лабораторид тавигдах шаардлага:

2.1. Үндэсний лавлагаа лаборатори нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

  2.1.1. Мал, амьтны өвчний оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний төрөлжсөн чиглэлээр баталгаажуулалтын сорилт шинжилгээ тогтмол хийдэг байх;

2.1.2. Үйл ажиллагааныхаа чиглэлээр үндэсний хэмжээнд эсхүл олон улсын төвшинд итгэмжлэгдсэн байх;

2.1.3. Үндэсний хэмжээнд ур чадвар, сорилт, түүний үнэлгээнд суурилсан ажлын байрны болон танхимын сургалт, дадлагажуулалт явуулах, төрөлжсөн лабораторийн бүтэцтэй, мал эмнэлгийн сүлжээ лабораторийг мэргэжил, арга зүйгээр хангах, сурган дадлагажуулах техникийн чадавхтай болохыг дараахь шалгуураар нотолсон байх:

      а.  Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх;

б. Лабораторийн биоаюулгүйн II ба түүнээс дээш түвшний шаардлага хангасан байх;

в.  Лабораторийн тоног төхөөрөмжийн хангалттай чадавх бүрдсэн байх;

г. Лабораторийн шинжилгээнд шаардагдах оношлуур, эм урвалжийн нөөцийн чадавхтай байх;

д. Оношлуур, эм урвалж, цомог үйлдвэрлэдэг бол мал эмнэлгийн мэргэшсэн бусад байгууллагаар баталгаажуулдаг байх;

е. Стандартын дагуу баталгаажуулсан оношилгооны арга ашиглах, түгээх;

ё. Шинжилгээ, сорилтод ашиглах үндэсний болон олон улсын эерэг, сөрөг хяналтын сорьцтой байх;

ж. Бүс нутгийн болон олон улсын холбогдох лабораторитай арга зүй, хамтын ажиллагааны харилцаатай байх;

з. Олон улсын сорилд жил бүр хамрагдаж, үр дүнг баталгаажуулсан байх, улсын төсвийн зардлаар гүйцэтгэх;

и. Сургалтын гарын авлага, лавлагааны материалтай байх;

й. Сүлжээ лабораторид шинжлэх ухаан, техникийн сургалт явуулах, шинжлэх ухаан, техникийн судалгааг бусад лаборатори, байгууллагатай, тэр дундаа олон улсын байгууллагатай хөтөлбөрийн дагуу хамтран зохион байгуулах;

к. Тухайн эмгэг төрүүлэгч эсвэл өвчний талаарх тархвар зүйн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, нийтлэх.

2.1.4. Мэргэшсэн, дадлага, туршлагатай шинжээчдийн багтай болохыг дараахь шалгуураар нотолсон байх:

а. Лабораторийн удирдлага нь нарийн мэргэжлээр мэргэшсэн байх;

б. Лавлагаа лабораторийн шинжээч нь магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх;

в. Шинжээч нь тухайн нарийн мэргэжлийн чиглэлээр таваас доошгүй шинжлэх ухааны өгүүллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд нийтлүүлсэн байх;

г. Лавлагаа лабораторийн шинжээч нь хамгийн багадаа тухайн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан байх;

д. Сүлжээ лабораторийн шинжээчдэд шинжлэх ухаан, техникийн туслалцаа үзүүлэх, өвчнийг оношлох болон шинжлэх, хянахтай холбоотой асуудлаар шинжээчийн зөвлөгөө өгөх чадвартай байх.

 

2.1.5. Мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлж хэвшсэн байх;

2.1.6. Оношилгоо, шинжилгээ, баталгаажуулалтын лабораторид мөрдөгдөх дүрэм, журам, заавар, стандарт ажиллагааны зааврыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсруулж, баталгаажуулсан байх;

2.1.7. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон олон улсын эрх бүхий лавлагаа лабораторид сорьц илгээн шинжилгээний дүнг баталгаажуулдаг байх;

2.1.8. Лабораторийн зохистой дадал (Good Laboratory Practice) нэвтрүүлсэн, биоаюулгүй байдал, биохамгааллын шаардлага хангасан байх;

2.1.9. Сорилт, шинжилгээний хүчин төгөлдөр арга зүй, албан ёсны гарын авлага, үйл ажиллагааны стандарттай, лабораторийн чанарын удирдлагын хөтөлбөртэй, тэдгээрийг хэрэгжүүлж ажилладаг байх;

2.1.10. Лавлагаа лаборатори нь ур чадварын сорил бэлтгэх, сорилыг баталгаажуулах, сорил авах, үнэлэх, шаардлагатай сургалт зохион байгуулах чадавхтай байх.

2.1.11. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн баталсан байх;

2.1.12. Үйл ажиллагааны тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын зөвлөлд танилцуулж, тайланг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон өөрийн байгууллагын цахим хуудаст 12 дугаар сардаа багтаан байршуулж хэвшсэн байх;

2.1.13. Сүлжээний бусад лаборатори, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авах нээлттэй цахим хаягтай байх.

 

Гурав. Үндэсний лавлагаа лаборатори сонгох

3.1. Үндэсний лавлагаа лабораторийн эрх авах лаборатори нь дараах баримт материалыг бүрдүүлэн, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийн хамт ирүүлнэ. Үүнд:

а. Лабораторийн танилцуулга;

б. Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн баталгаа;

в. Итгэмжлэлийн хүрээ;

г. Лабораторийн биоаюулгүй байдал, биохамгааллын төвшний нотолгоо;

д. Лавлагаа лабораторийн тоног төхөөрөмжийн жагсаалт, ашиглалтын бүртгэл;

е. Лавлагаа лабораторийн оношлуур, эм урвалжийн нөөц, ашиглалтын тайлан;

ё. Шинжилгээ, сорилд ашигладаг үндэсний болон олон улсын эерэг, сөрөг хяналтын сорьцын жагсаалт;

ж. Сургалтын танхим, сургалтын гарын авлага, лавлагааны материалын жагсаалт;

з. Бүс нутгийн болон олон улсын холбогдох лабораториудтай байгуулсан хамтран ажиллах гэрээ;

и. Олон улсын сорилд хамрагдсан тайлан;

й. Лабораторийн удирдлагын ажлын туршлагын талаарх танилцуулга;

к. Лавлагаа лабораторийн шинжээчийн танилцуулга, бүтээлийн жагсаалт.

3.2. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар үндэсний лавлагаа лабораторийг сонгох комиссын бүрэлдэхүүнийг томилно.

3.3. Лавлагаа лабораторийг сонгох комисс нь Үндэсний лавлагаа лабораторийн эрх авахаар ирүүлсэн хүсэлт, баримт материалыг энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасан шаардлага хангасныг хянан магадлаж, санал дүгнэлт гаргана.

3.4. Үндэсний лавлагаа лабораторийг сонгох комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үндэсний лавлагаа лабораторийн батламжийг олгоно.

3.5. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал төрийн захиргааны байгууллага нь Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний үр дүн зөрсөн болон энэ журмын хоёрдугаар бүлэгт заасан шаардлагыг зөрчсөн бол үндэсний лавлагаа лабораторийн эрхийг түр түдгэлзүүлж, уг асуудлыг шийдвэрлэх хугацаа олгож болно.

3.6. Энэхүү журмын 3.5-д заасны дагуу олгосон хугацаанд асуудлыг шийдвэрлэсэн талаар нотлох баримтыг албан бичгээр Мал, амьтны эрүүл мэндийн асуудал төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тохиолдолд эрхийг сэргээх, хариу ирүүлээгүй тохиолдолд үндэсний лавлагаа лабораторийн батламжийг цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Дөрөв. Хариуцлага

6.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

-----оОо-----