A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5, Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4, "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортлогч компаниудад газрын тосны бүтээгдэхүүний 2008 оны 4, 5 дугаар сарын жижиглэн худалдаалах үнийн зөрүүгийн алдагдлыг холбогдох үндсэн баримт бичигтэй тулгасны үндсэн дээр хянан тооцож 7.9 (долоон тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгт багтаан Эрсдэлийн сангаас олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлж бензин, дизелийн нөөц хэлбэрээр байршуулах газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах, нөхөн бүрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах журам боловсруулж Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.

3. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөцийг 2008 онд багтаан бүрдүүлэхэд шаардагдах 159.4 (нэг зуун тавин есөн тэрбум дөрвөн зуун) тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гаргаж бензин, шатахууны нөөц хэлбэрээр байршуулахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, нөөц бүрдүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.

4.(Энэ зүйлийг 2008-07-09-ний 282-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

5. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавин ажиллаж Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ