- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын нөөцийн тухай хуулийн 5.1.2, 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шатахууны хомсдолын улмаас үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дулааны цахилгаан станцуудыг хангадгаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэх ажлыг 10 хоногийн хугацаагаар түр зогсоох зохицуулалтын арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.
2. Улсын нөөцөөс 2050 тонн дизелийн түлш гаргахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрч, уг дизелийн түлшийг одоогийн мөрдөгдөж байгаа жижиглэн худалдаалах үнээр газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагад худалдаж, борлуулалтын орлогыг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэн дизелийн түлшийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт тус тус даалгасугай.
3. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хэрэглэх дизелийн түлшний хуваарилалт, хэрэглээнд хатуу хяналт тавин, түлш хэмнэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.
4. Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт нийт 60.0 мянган тоннын багтаамж бүхий автобензин, дизель түлшний улсын нөөцийн агуулах барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиудын төсөлд тусган барих арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
