- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУНДАЖ ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДУНДАЖ ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 105
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын "Журам батлах тухай" 1991 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан "Дундаж хөлс тодорхойлох журам"-ын 5 дугаар зүйлд "Хэрэв амралт олгохын өмнөх 12 сарын хугацаанд ажилтны хөдөлмөрийн хөлсийг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөн тогтоосон бол ээлжийн амралтын хөлсийг тодорхойлох өдрийн дундаж хөлсийг тухайн ажилтны хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоосноос хойш ээлжийн амралт эдлэх хүртэл хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлсний нийлбэрийг ажилласан өдрүүдийн тоонд хувааж тодорхойлно" гэсэн нэмэлтийг оруулсугай.
2.Төрийн өмчийн төсөвт байгууллагын ажилтнуудын 1994 оны ээлжийн амралтын хөлсний хэмжээг тухайн ажилтанд "Хүн амын нийгмийн баталгааг хангах ээлжит арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний сүлжээгээр 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд олгож байгаа болон олгох хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тооцсон өдрийн дундаж хөлсийг уг ажилтны ээлжийн амралтын өдрийн тоогоор үржүүлж тодорхойлох нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Энэ тогтоол гарахаас өмнө 1994 оны ээлжийн амралтаа эдэлсэн ажилтанд олгосон амралтын хөлс нь энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон амралтын хөлснөөс бага байвал зөрүүг нөхөн олгохыг төрийн өмчийн төсөвт байгууллагын эрх баригчдад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
