A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 229

Дээд боловсролын тухай хуулийн 5.2, 5.5, 6.3 дахь хэсэг, "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.2.13-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэрэг, тагнуулын салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулсугай.

2. Дотоод хэргийн их сургуулийн удирдлагыг 2011 оны 8 дугаар сард багтаан томилж, бүтэц, орон тооны хязгаар, дүрмийг батлан, Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийн одоогийн байр, төсөвт түшиглэн үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

3. Дотоод хэргийн их сургууль байгуулсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай:

3.1. Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж байгаа оюутан, сонсогчдыг Дотоод хэргийн их сургуулийн холбогдох нэгжид шилжүүлэн хуваарилах ажлыг зохион байгуулах.

3.2. Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийн багш, албан хаагчдыг Дотоод хэргийн их сургуулийн холбогдох нэгжид шилжүүлэн цол олгож дүрэмт хувцас, ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг томилж ажиллуулах.

3.3. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудад дотоод хэргийн чиглэлээр сургалт явуулдаг нэгж болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Гамшгийн сургалтын төвийг Дотоод хэргийн их сургуульд нэгтгэх ажлыг зохион байгуулах.

3.4. Дотоод хэргийн их сургуульд нэгтгэсэн сургууль, сургалтын байгууллагуудыг үүсгэн байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.

3.5. Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт Дотоод хэргийн их сургуулийг хамруулах замаар тус сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг зохион байгуулах.

4. Дотоод хэргийн их сургуулийн төсвийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгаж тус сургуулийг их сургуульд тавигдах шаардлагад нийцүүлэх талаар төлөвлөгөө боловсруулан ажиллан багш нарыг мэргэшүүлэх, сургалтын орчинг сайжруулах чиглэлээр төсөв, хөрөнгө тусгаж, дэс дараатай арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тагнуулын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.