A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 399 дүгээр зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон Улсын Монголч эрдэмтдийн Х Их хурлыг "Монгол Улсын гадаад харилцаа ба дэлхийн хамтын нийгэмлэг" сэдвээр 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон Улсын Монгол судлалын холбоотой хамтран Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

3. Их хурлын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР