- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-11-18-ны өдрийн 343-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-11-18-ны өдрийн 343-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 333
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.5.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 14 хоногийн хугацаагаар шилжүүлсүгэй.
2. Томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор дэлгүүр, нийтийн хоол, баар, рестораны үйлчилгээг 21.00 цагаас хойш, олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, соёл урлагийн арга хэмжээ болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх барааны захын үйл ажиллагааг 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, халдвартай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгасугай.
3. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусгай горим тогтоож, өвчлөгчдөд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх, эмнэлгийн үйлчилгээг эрчимжүүлэх арга хэмжээ авах, оюутны хотхонд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын болон хөдөлгөөнт цэг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
4. Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг журамлаж, ариутгал цэвэрлэгээг сайжруулах, зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Я.Содбаатар нарт үүрэг болгосугай.
5. 2009 оны намрын ээлжит цэрэг татлагын хугацааг 14 хоногоор хойшлуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод даалгасугай.
6. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ерөнхий эрдмийн хичээлийг телевизүүдээр заах ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
7. Хүн амыг томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын эсрэг вакцинаар яаралтай хангах, вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор нарт даалгасугай.
8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.
Текст томруулах
A
A
A
