- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

/Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр /цаашид "төлбөр" гэх/-ийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Ойн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
1.Монгол Улсын төрийн өмчийн ойн нөөцөөс аливаа зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглаж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага төлбөр төлөгч байна.
2.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг Ойн тухай хуулиар зохицуулна.
3.Сум, дүүргийн Засаг дарга ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр хураах эрх бүхий ажилтныг томилон ажиллуулна.
4.Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан хэрэглээний мод, түлээ бэлтгэх ажлыг байнга эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын талаархи мэдээллийг зөвшөөрөл олгосноос хойш 10 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгнө. Татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна.
5.Мэдээлэлд ойн нөөц ашиглах аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, ойн нөөцийн байршил, ашиглах хугацаа, хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай үзүүлэлтийг тусгана.
4 дүгээр зүйл.Төлбөр ногдох зүйл
Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлийн хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна.
5 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт
1/ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг нягт шоометрээр, үзүүр, мөчрийг сийрэг шоометрээр;
2/ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж түлээ бэлтгэхэд сийрэг шоометрээр;
3/иргэн заг түүж түлш бэлтгэхэд тонноор.
6 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ
1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан хэрэглээний модонд 6,0-30,0 хувь, мөн зүйлийн 1, 2, З-т заасан түлээнд 2,0-10,0 хувиар тооцно.
2.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, бэлтгэж тээвэрлэх зай, модны төрлийг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан Засгийн газар ойн мужлал бүрээр ялгавартай тогтооно.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар "Засгийн газар" гэснийг "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагын мод тээврийн зайг мод бэлтгэлийн талбайгаас доод агуулах хүртэл, ийм агуулахгүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрсөн цэг хүртэл, ийм төвлөрсөн цэггүй бол уг мод бэлтгэсэн талбайд хамгийн ойр орших сумын буюу аймгийн төв хүртэлх зайгаар тус тус тооцно.
4.Аж ахуйн нэгж, байгууллага хуш модыг тусгай зөвшөөрлөөр бэлтгэх тохиолдолд түүнд тухайн ойн бүс нутагт шинэс мод бэлтгэж ашиглахад ногдуулдаг төлбөрийг З дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний төлбөр ногдуулна.
7 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
1.Дараахь зориулалтаар ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
1/ойжуулалтын талбай болон булаг шандын эхийг хамгаалах;
2/хилийн бүсийн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч өөрийн албан ажлын байр барих.
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийх, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглавал төлбөрийг хөнгөлж болно. Хөнгөлөлтийн хувь хэмжээг Засгийн газар тогтооно.
8 дугаар зүйл.Төлбөр төлөх, тайлагнах
1.Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргын тамгын газрын ойн асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэх модны төрөл хэмжээнд ногдох төлбөрийг мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг авахын өмнө төлнө.
Аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэсэн мод, түлээний хэмжээ, түүнд ногдох төлбөрийн тооцоог сумын Засаг даргын томилсон албан тушаалтнаар хянуулж, улирлын тооцоог тухайн улирлын сүүлчийн сарын 25-ны дотор, жилийн тооцоог дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албатай хийнэ. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг эрхийн бичиг авах бүрдээ сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд бэлнээр, эсхүл сум, дүүргийн төсөвт бэлэн бусаар тус тус төлнө.
3.Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бэлнээр хураан авсан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна.
4.Хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
1/сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан бэлэн болон бэлэн бусаар сум, дүүргийн төсөвт оруулсан төлбөрийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 1О-ны дотор сум, дүүргийн татварын албанд;
2/сум, дүүргийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
3/аймаг, нийслэлийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1- ний дотор Улсын татварын ерөнхий газарт;
4/улсын татварын ерөнхий газар төлбөрийн улсын нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.
5.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг Улсын татварын ерөнхий газар батална.
9 дүгээр зүйл.Төлбөрийг буцаан олгох
1.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төлсөн төлбөрийг дараахь тохиолдолд буцаан олгоно:
1/тогтоосон хэмжээнээс илүү төлсөн;
2/зөвшөөрөл, эрхийн бичиг олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосон.
2.Энэ хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг буцаан олгох асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.
10 дугаар зүйл.Төлбөрийн талаар гомдол гаргах
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөртэй холбогдсон гомдлоо төлбөр төлснөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргана. Зохих шатны татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
11 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөр хураах эрх бүхий албан тушаалтанд татварын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:
1/төлбөрийг аваагүй буюу дутуу авсан, төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, бэлнээр хураасан төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол 25000 хүртэл төгрөгөөр торгох.
2.Энэ хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.
12 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
Энэ хуулийн хэрэгжилтэд Улсын татварын алба, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
