A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 3 дахь заалтын эхний өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад генерал, комиссар, офицер, ахмад, дэслэгч, ахлагч, түрүүч, байлдагчаар 10-аас доош жил алба хаасан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өргөдлөө гаргасан нөхцөлд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг дараахь журмыг баримтлан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ:

а/тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн ажил олгогчийн төлбөл зохих хэмжээгээр тооцон улсын төсвийн ангиллын "төлбөр хураамж болон бусад зардал" гэсэн зүйлд жил бүр тусган төлөвлөх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, төрийн сангийн асуудал эрхэлсэн нэгж хариуцан гүйцэтгэнэ;

б/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, төрийн сангийн асуудал эрхэлсэн нэгж нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний гаргасан өргөдөл, холбогдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолтыг үндэслэн тухайн иргэний тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг холбогдох орон нутгийн нийгмийн даатгалын сангийн дансанд нэг удаа бүрэн хэмжээгээр шилжүүлнэ;

в/өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэний алба хааж байсан цэргийн анги, байгууллага татан буугдсан бол түүнд олгох тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцон улсын төсвөөс нийгмийн даатгалын санд шилжүүлнэ".

2. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 10-аас доош жил генерал, комиссар, офицер, ахмад, дэслэгч, ахлагч, түрүүч, байлдагчаар алба хаасан иргэний тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Т.Аюурсайхан)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол, "Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1-3 дахь заалт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 318 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН