- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮН АМ,ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХҮН АМ,ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ
1998 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 28
Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 3 дугаар заалт, Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулах хугацааг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын 1998 оны 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн ам, орон сууцны улсын тооллогыг 2000 оны 1 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 12 цагийн байдлаар, мөн сарын 5-ны өглөөний 8 цагаас эхэлж, 11-нийг дуустал, хяналтын тооллогыг 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 3 хоногт багтаан явуулсугай.
2.Хүн ам, орон сууцны тооллогод Монгол Улсын иргэд болон тус улсад оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийг хамруулан, тэдний байнга амьдардаг орон байр, сууцны хамт тоолсугай.
3.Үндэсний статистикийн газрын дарга Ч.Даваасүрэнд зөвлөх нь:
а/хүн ам, орон сууцны тооллогын хуудас, түүний аргачиллыг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэн 1999 оны эхний улиралд багтаан боловсруулж, аймаг, нийслэлийн тооллогын комиссыг ажил, мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангаж, тооллогыг тогтоосон хугацаанд нь явуулж, урьдчилсан дүнг 2000 оны 5 дугаар сард, эцсийн дүнг 2001 онд багтаан гаргах;
б/хүн ам, орон сууцны тооллогын хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газар, холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагын саналыг өргөн тусгах.
4.Үндэсний статистикийн газраас баталсан зааврын дагуу хугацаат цэргийн албан хаагчид, хоригдол, гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг зохион байгуулалттай тоолох арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл нарт даалгасугай.
5.Тооллого явагдах хугацаанд гадаадад зорчих Монгол Улсын иргэд болон бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг тооллогод бүрэн хамруулах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт даалгасугай.
6.Хүн ам, орон сууцны тооллогын дүнг боловсруулахад шаардлагатай ажил, мэргэжил, боловсролын түвшний ангилал, кодыг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэн 1998 оны эхний хагаст багтаан боловсруулж, мөрдүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт даалгасугай.
7.Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгах нь:
а/оршин суугчдыг нь хотын хүн амд хамруулах хот, тосгон, суурингийн жагсаалтыг байршлаар нь 1998 онд багтаан гаргасугай;
б/"Хүн ам, орон сууцны тооллого" сэдэвт ил захидал, захидлын дугтуй, маркийг 1999 оны эхний хагас жилд хэвлүүлсүгэй.
8.Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг хангах, явуулах, дүнг гаргах, хэвлэн нийтлэх, сурталчлахтай холбогдсон бүх зардлыг Үндэсний статистикийн газрын, энэ тогтоолын 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зардлыг холбогдох яамдын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.
9.Үндэсний статистикийн газар улсын хэмжээний хүн ам, орон сууцны тооллого, бусад тооллого, тодорхой сэдвээр хийгдэх түүвэр болон иж бүрэн судалгааг байнга боловсруулахад шаардлагатай зориулалтын тоноглолтой байрыг Засгийн газрын Ш байранд гаргаж өгөхийг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалайд даалгасугай.
10.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а/хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг хангах, тооллогыг эрхлэн явуулах аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны орон тооны бус комиссыг 1999 оны 1 дүгээр сараас байгуулж, тооллогын материалыг Үндэсний статистикийн газарт хүлээлгэн өгч дуустал ажлын тодорхой төлөвлөгөөтэйгээр ажиллуулж, биелэлтэд нь хяналт тавьж байсугай;
б/хүн ам, орон сууцны тооллогын материалыг шалгаж хүлээн авах, урьдчилсан дүнг гаргах ажлын орон тооны бус түр товчоог аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны тооллогын комиссын дэргэд байгуулж, уг товчоодод ажиллах хүмүүсийг 1999 оны 12 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаанд ажлаас нь түр чөлөөлж ажиллуулан, албан тушаалын цалинг нь үндсэн байгууллагаас олгохоор тогтоосугай;
в/хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл, иргэний үнэмлэх олгох ажлын хүрээнд өрх, иргэний гэр бүлийн бүх төрлийн бүртгэлийн хөтлөлт, баримт бичгийн зөрчлийг арилгуулах, тооллогын үеэр шилжин суурьших хөдөлгөөн аль болох бага байхаар зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсугай;
г/хүн ам, орон сууцны тооллого явуулахтай холбогдуулж хот, тосгон, сумын төв, бусад суурин газрын гудамж, талбайн нэр, хашаа байшингийн дугаарыг эмхлэн цэгцлэх, малчдын өвөлжиж байгаа газар нутгийг нарийвчлан тодорхойлох, тооллого явуулах нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарыг тогтоон, зураглал гаргаж, Улаанбаатар хот, аймгийн төв, суурин газруудын нутаг дэвсгэрийн зураглалыг 1999 оны 9 дүгээр сард, бусад сум, багийн нутаг дэвсгэрийн зураглалыг 1999 оны 11 дүгээр сард багтаан Үндэсний статистикийн газар, холбогдох тооллогын комиссуудад хүргүүлсүгэй;
д/хүн ам, орон сууцны тооллогыг эрхлэн явуулах тоологч нарыг төв, суурин газарт 300-350 хүнд, хөдөөд 30-35 өрхөд нэг байхаар тооцож, тэдгээрийн боловсрол, мэдлэг чадвар, засаг захиргааны ажил болон өмнөх тооллогод оролцож байсан туршлага, дадлагыг харгалзан сонгон авч, 1999 оны 11 дүгээр сард багтаан томилж, 12 дугаар сарын 15-наас 2000 оны 1 дүгээр сарын 20 хүртэл үндсэн ажлаас нь түр чөлөөлж, цалин, хөдөлмөрийн хөлсийг нь хэвээр олгох асуудлыг уг хүний ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу тохирч ажиллуулсугай;
е/ орон нутгийн тооллогын комиссууд эмнэлэг, бүх шатны сургуулийн дотуур байр, амралт, сувиллын болон асрамжийн газар, зочид буудал, буурчийн газар, түүнчлэн хүн хоноглодог байнгын, түр цэгүүдэд байгаа хүмүүсийг бүрэн тоолоход орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн байгууллагуудын хүчийг урьдчилан бэлтгүүлж оролцуулсугай;
ж/хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг хангах, тооллогыг явуулах, дүнг Үндэсний статистикийн газарт хүлээлгэн өгөх болон бусад үе шатны ажилтай холбогдон орон нутгийн төсвөөс гарах зардлыг тооцож, жил бүрийнхээ төсөвт тусган батлуулж, санхүүжүүлж байсугай.
11.Хүн ам, орон сууцны тооллогын ач холбогдлыг иргэдэд өргөн сурталчлах ажлыг Үндэсний статистикийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай хамтран 1998 оноос эхлэн тусгай хуваариар явуулахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц. Мөнхтөр, "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
12.Хүн ам, орон сууцны тооллогын бүх шатны ажилд идэвхтэй оролцож, туслалцаа үзүүлж байхыг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэн бүрт зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
