- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 51
Улаанбаатар хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 29.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосугай.
2. Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгах нь:
а) хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллуулсугай;
б) хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ хийхдээ Ашигт малтмалын тухай хууль, Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажилласугай;
в) хөрөнгө оруулалтын гэрээ хийх хэлэлцээрийн явц, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт 7 хоног тутам танилцуулж байхын хамт гэрээний төслийг 2009 оны 1 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулсугай.
3. Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хийх явцад санал өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий эрдэмтэн судлаачид болон төрийн бус байгууллагатай зөвлөлдөх хэсэг байгуулж ажиллуулах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A