- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Монголбанк 1991 онд банкны хоёр түвшинт тогтолцоог хэрэгжүүлэх, арилжааны банкуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, арга зүйн удирдлагаар хангах, мөнгө, зээлийн нэгдсэн бодлого явуулах талаар зарим ажлыг зохиож эхэлсэн байна.
Гэвч Монгол Улсын Банкны хуулийг цогцолбороор хэрэгжүүлэх, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улсын валютын сангийн халдашгүй нөөц бүрдүүлэх дорвитой ажил зохиогоогүйн дээр мөнгөн гүйлгээ, зээл, хүүгийн оновчтой бодлого боловсруулж, уян хатан механизмыг тогтоож хэвшүүлэх талаар дутагдалтай ажиллажээ.
Үүний зэрэгцээ Монголбанк үйл ажиллагаандаа байнга дагаж мөрдөх дүрэм, мэдээлэл, тайлагналтын ажлыг зохион байгуулахад баримтлах журам тогтоохтой холбогдсон тодорхой асуудлаар Улсын Бага Хурлаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон түүний Улсын төсөв, санхүү, зээл, банкны асуудал эрхэлсэн дэд хороо нь Монголбанктай ажиллах үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүйг буруушаан тэмдэглэж Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчид даалгах нь:
а/Монголбанкны 1991 оны санхүүгийн үйл ажиллагааны талаар Улсын Бага Хурлын гишүүд, ажлын хэсгээс өгсөн үнэлэлт, дүгнэлтийн дагуу өөрийн үйл ажиллагааны бүх хэсэгт дүгнэлт хийж, мөнгө, зээлийн талаар баримтлах бодлого чиглэл гаргаж төгрөгийг тогтворжуулах, ханш бууралтыг сааруулах, төгрөг, чөлөөт валютын ханшийг бодитой тогтоох, хүүгийн уян хатан механизм бий болгож мөрдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээг энэ 5 дугаар сараас эхлэн авч хэрэгжүүлсүгэй;
б/банкны тогтолцооны хэмжээнд болон Монголбанкны үйл ажиллагааны хүрээнд зайлшгүй мөрдөгдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт баримтыг богино хугацаанд боловсруулж мөрдүүлэхийн хамт Монголбанкны дүрмийг эцэслэн боловсруулж 6 дугаар сарын 20-ны дотор Улсын Бага Хуралд оруулсугай;
в/Монголбанкны улирал, жилийн тайлан тэнцлийн болон Улсын Бага Хурал, Засгийн газарт өгч байх тогтмол, шуурхай мэдээллийн төрөл, маягт, тайлагнах журмыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох асуудлыг засгийн газартай хамтран боловсруулж, Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн баталж мөрдүүлсүгэй.
2.Монголбанкны Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд/-т даалгах нь:
а/улсын валютын нөөцийн зохистой хэмжээг ойрын хугацаанд бий болгох, валютын арилжааны алдагдлыг нөхөх, гадаад, дотоод эх үүсвэрийн асуудлыг нэн даруй судалж шийдвэрлэсүгэй;
б/Худалдаа, хөгжлийн банкны ажиллах зарчмыг тогтоох, валютын арилжааны гүйлгээ болон Засгийн газрын байгууллагын шугамаар гадаад орноос авсан зээлийн өр төлбөртэй холбогдсон бүртгэл, хяналтыг хэрхэн зохион байгуулах зэрэг нэн чухал арга хэмжээг Улсын Бага Хурлын удирдлага, холбогдох байнгын хороотой зөвшилцөн шийдвэрлэхийг үүрэг болгосугай.
З.Монголбанкны жил бүрийн тайлан тэнцлийг хөндлөнгийн этгээдээр хянуулж дүгнэлт гаргуулан уг дүгнэлтийг тайлан тэнцлийн хамт хэлэлцүүлж байх аргачилсан журам тогтоохыг Эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
