- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРЛЫН БЭЛТГЭЛ ЗАРИМ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН БЭЛТГЭЛ ЗАРИМ АЖЛЫН ТУХАЙ
1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу шинээр сонгож байгуулах Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхлэхэд шаардагдах зарим бэлтгэлийг хангах зорилгоор Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Энэ оны 7 дугаар сарын 1-ний дотор дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /н.БЯМБАСҮРЭН/-т:
а/Улсын Их Хурлын шинэ бүтцэд тохируулан их, бага танхимыг засварлах, тоноглох, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодын албан ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, зохих бэлтгэлийг хангуулах;
б/Улсын Их Хурлын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахад шаардагдах олшруулагч, бичгийн машин, компьютер, факс зэрэг зохион байгуулалт, мэдээллийн бусад техник хэрэгслийг захиалж нийлүүлэх;
в/Улсын Их Хурлын гишүүдийн байнгын албан сууц болгон ашиглах зорилгоор 76 айлын сууц бүхий байрыг зочид буудлын маягаар бэлтгэж төхөөрөмжлөх.
2.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы наана дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэхийг Улсын Бага Хурлын Тамгын газарт үүрэг болгосугай:
а/Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж бэлтгэх;
б/Улсын Их Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, дүрмийн төслийг боловсруулахын хамт ажилтнуудыг шинэ тогтолцоонд ажиллахад зохицуулан хуваарилж, бэлтгэх;
в/Улсын Их Хурлын гишүүдэд төрийн байгуулалтын болон парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох техник ажиллагааны талаар зөвлөлгөө өгөх хөтөлбөр гаргуулан, зохих бэлтгэлийг хангуулах;
г/Улсын Их Хурлын тогтоол, протокол, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх зэргийг бэлэн болгох.
3.Улсын Их Хурлын бэлтгэл ажлын явцыг Улсын Бага Хуралд тогтмол танилцуулж байхыг Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга н.Чимидэд үүрэг болгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
