- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Авилгалын тухай ойлголт
Авилгал гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт, давуу талыг хувь хүн, хуулийн этгээдээс олгох явдлыг ойлгоно.
3 дугаар зүйл.Авилгалын эсрэг хууль тогтоомж
Авилгалын эсрэг хууль тогтоомж нь энэ хууль болон Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд
1.Энэ хуулийн зохицуулалтад дор дурдсан төрийн албан хаагч, бусад этгээд хамаарна:
1/Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч;
2/аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга ;
3/зөвшөөрөл буюу эрх олгох, хөнгөлөлт үзүүлэх, зээл тусламж хуваарилах, бүртгэл хийх бүрэн эрх бүхий төрийн албан хаагч;
4/төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн удирдах болон захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч;
5/төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээд;
6/төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдэд шан харамж буюу хөнгөлөлт, давуу тал хууль бусаар олгосон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль нэгэн адил хамаарна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Авилгалаас урьдчилан сэргийлэх
5 дугаар зүйл.Авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн бүх шатны байгууллага, түүний удирдлагын хүлээх үүрэг
1.Төрийн бүх шатны байгууллага, түүний удирдлага нь авилгалаас урьдчилан сэргийлэх талаар дараахь нийтлэг үүрэгтэй байна:
1/тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, шалгаруулалт хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
2/төрийн албан хаагч нэг бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж буй ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг энэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;
3/тухайн байгууллагад нэвтрэх, албан хаагчтай уулзах болон иргэдийг хүлээн авах журмыг тогтоох;
4/энэ хуульд заасан төрийн албан хаагчдын орлогын мэдүүлэгт хяналт тавьж, энэ талаар гаргасан мэдээлэл, гомдлыг шалгаж, шийдвэрлэх.
2.Төрийн бүх шатны байгууллага, удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд авилгалын үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.
3.Төрийн захиргааны төв болон Засгийн газрын дэд бүтцийн байгууллага, шүүх, прокурорын байгууллага байрлаж буй байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.
6 дугаар зүйл.Төрийн албан хаагчид тавих шаардлага
Төрийн албан хаагчид тавих нийтлэг болон тусгай шаардлага, түүнчлэн тэдгээрт хориглох зүйлсийг энэ хууль, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуулиар тогтооно.
7 дугаар зүйл.Авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хориглох зүйл
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хувийн ашиг хонжоо олох зорилгоор дараахь үйлдэл хийхийг хориглоно:
1/Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
2/албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;
3/албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
4/аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх;
5/албан ажлын байдлаа ашиглан зээлээр үнэт цаас, эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх, энэ талаар бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн болон хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
6/албан тушаалынхаа эрх мэдэл, түүнд үндэслэн бусадтай тогтоосон ажил төрлийн холбоо, харилцааг ашиглан өөрийн албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд шахалт үзүүлэх;
7/албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, хууль ёсны шийдвэр гаргахад саад учруулах;
8/албан тушаалын хувьд ижил зэрэг дэвийн болон өөрт нь захирагддаг буюу хяналт тавьдаг албан тушаалтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдох;
9/албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийх.
8 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч, түүнд хяналт тавих нь авилгалаас урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээ мөн.
2.Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тухайн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, банкны хадгаламж, мал, орлогын эх үүсвэр болох бусад хөрөнгө, нийт орлого, түүний эх сурвалжийг тусгана.
3.Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тухайн албан тушаалтан өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн албан ёсны тодорхойлолтыг хавсаргана.
/Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
9 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, түүнд өөрчлөлт оруулах хугацаа
1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг төрийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсоны дараа 30 хоногийн дотор болон төрийн алба хааж буй хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 1-нээс 15-ны хооронд гаргана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө орлогод нь онцгой өөрчлөлт орсон бол тухайн этгээд мэдүүлгийг бүртгэх байгууллага, албан тушаалтанд хоёр сарын дотор энэ тухай бичгээр мэдэгдэнэ.
3.Мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нэг сарын дотор мэдүүлэгт өөрчлөлт оруулна.
10 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах байгууллага, албан тушаалтан
1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дор дурдсан байгууллага, албан тушаалтан бүртгэж, хадгална:
1/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын энэ асуудлыг хариуцсан Байнгын хороо;
2/бүх шатны шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;
3/Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Төрийн захиргааны албаны зөвлөл;
4/энэ хэсгийн 1,2,З-т зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тэдгээрийг томилох буюу удирдах эрх бүхий албан тушаалтан.
2.Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Засгийн газар тогтооно.
11 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн нууц
1.Хөрөнгө, орлогын мэдүүлэг хувь хүний нууцад хамаарна.
2.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн нууцыг хамгаалах, түүнийг ил болгох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.
3.Хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл байвал хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан тухайн баримт мэдээллийг бүрэн эрхийнхээ хүрээнд шалган нягтлах буюу эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
4.Тухайн этгээд насны тэтгэвэрт гарсан буюу албан тушаалаас огцорсон, халагдсан тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлгийг 5 жилийн хугацаанд хадгалсны дараа өөрт нь шилжүүлнэ.
12 дугаар зүйл.Санхүүгийн хяналт
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-З-т заасан этгээдэд дараахь тусгай шаардлага тавигдана:
1/албан тушаалын байдалтай нь холбогдуулан ёслолын болон албан ёсны бусад арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлсний болон талархсаны шинж тэмдэг болгож бусад этгээдээс өгсөн бэлэг, дурсгалын зүйлийг байгууллагын санхүүд бүртгүүлэх, сарын цалингаас илүү үнэ бүхий бэлэг, дурсгалын зүйлийг тушаах;
2/хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүйгээр гадаад улсад хадгаламжийн данс нээлгэхгүй байх.
2.Албан тушаалынхаа сарын цалингаас илүү үнэтэй бэлэг дурсгалын зүйлийг зөрүүг нь төлөх замаар хувьдаа авч болно.
3.Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос бусад орлогын байдлыг нийтэд жил бүр мэдээлнэ.
13 дугаар зүйл.Авилгалаас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ
Төрийн зарим байгууллагын онцлог, түүний албан хаагчийн бүрэн эрхийн шинж байдлыг харгалзан тэдгээр байгууллагад авилгалаас урьдчилан сэргийлэх онцлог арга хэмжээг тухайн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон хуулиар тогтоон хэрэгжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Авилгалын эсрэг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
14 дүгээр зүйл.Авилгал үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
Хээл хахуулийн болон авилгалын шинжтэй бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн зохих зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах болон санхүүгийн хяналтын шаардлага зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахаас зайлсхийсэн, хөрөнгө, орлогоо санаатайгаар буруу мэдээлсэн этгээдийг шүүгч 5000-25000 төгрөгөөр, ийнхүү мэдүүлгийг авч хяналт тавих үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг 20000-30000 төгрөгөөр тус тус торгоно.
2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн албан тушаалтныг шүүгч 30000-40000 төгрөгөөр торгоно.
16 дугаар зүйл.Авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
17 дугаар зүйл.Авилгалын үйлдлийн улмаас учирсан үр дагаврыг арилгах
Авилгалын үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
18 дугаар зүйл.Албан тушаалаас огцруулах,халах
Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн буюу авилгал үйлдсэн нь тогтоогдсон бол албан тушаалаас нь хуульд заасан журмаар огцруулах буюу хална.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
