A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь гаалийн байгууллагын зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, Монгол Улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг тогтоох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс гаалийн хууль тогтоомжийг сахин биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын гаалийн хууль тогтоомж

Хэвлэх

1.Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

1.Энэ хуульд:

1/"гаалийн нутаг дэвсгэр" гэж гаалийн хяналт, шалгалтын зорилгоор тогтоогдсон Монгол Улсын нутаг дэвсгэрийг хэлнэ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат бүсийн газар нутаг нь гаалийн болон бусад татвар, зөвшөөрөл, квота зэрэг худалдааны хязгаарлалтын арга хэмжээний хувьд гаалийн нутаг дэвсгэрт хамаарагдахгүй;

2/"гаалийн хил" гэж Монгол Улсын хил, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугамыг хэлнэ. Гаалийн аль ч байгууллагын хувьд гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно;

3/"гаалийн зам" гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хил, хилийн гаалийн байгууллагын хооронд, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэх, явуулахаар гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг хэлнэ;

4/"гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ;

5/"түр хугацаагаар нэвтрүүлэх" гэж барааг 1 жилийн дотор, тээврийн хэрэгслийг 6 сарын дотор буцаан нэвтрүүлэх нөхцөлтэйгөөр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хэлнэ;

6/"бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлж буй ачаа, тээш, эд зүйл, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, цахилгаан, дулааны болон бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал, бусад хөдлөх хөрөнгө, энэ зүйлийн 1 дэх хэсгийн 7-д дурдсанаас бусад тээврийн хэрэгслийг хэлнэ; /Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7/"тээврийн хэрэгсэл" гэж бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсгийг хэлнэ;

8/"мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүнийг хэлнэ;

9/"гаалийн хяналт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлнэ;

10/"гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлж, гаалийн бичиг баримтыг, шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг шалгах, гаалийн болон бусад татварыг ногдуулан барагдуулсны дараа эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэлх цогцолбор үйл ажиллагааг хэлнэ;

11/"гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүх төрлийн бичиг баримт шаардалгүйгээр зөвхөн гаалийн байгууллагаас баталсан энгийн маягт бөглөх замаар гаалийн хилээр нэвтрүүлэх ажиллагааг хэлнэ;

12/"гаалийн шалгалт" гэж гаалийн бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа, тээврийн хэрэгслийг тэдгээртэй тулган шалгах, нарийвчилсан үзлэг хийх, холбогдох бараа, тээврийн хэрэгсэл хадгалагдаж байгаа байр, агуулах, гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрт, түүнчлэн хүний биед үзлэг хийхийг хэлнэ;

13/"хориглосон бараа" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ;

14/"хязгаарласан бараа" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсгийн 13-т зааснаас бусад тарифын бус аргаар хязгаарласан барааг хэлнэ;

15/"хилийн гаалийн байгууллага" гэж хилийн боомтод ажилладаг гаалийн байгууллагыг хэлнэ. Олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг хилийн гаалийн байгууллагад тооцно;

16/"гүний гаалийн байгууллага" гэж энэ зүйлийн 1 дэх хэсгийн 15-д зааснаас бусад гаалийн байгууллагыг хэлнэ;

17/"монголын бараа" гэж дотоодын үйлдвэрийн, тодорхой тохиолдолд гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааг хэлнэ;

18/"гадаадын бараа" гэж энэ зүйлийн 1 дэх хэсгийн 17-д зааснаас бусад барааг хэлнэ;

19/"гаалийн баталгаат бүс" гэж гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбайг хэлнэ. /Энэ заалтад 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

20/"барааг гаалийн хяналтын дор хүргэх" гэж гаалийн байгууллагаас Монгол Улсын олон улсын гэрээний, эсхүл бусад улсын гаалийн болон эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор гаалийн хилээр хяналтын дор оруулах, дамжин өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ.

/Энэ заалтыг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томъёог Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гаалийн хяналт

4 дүгээр зүйл.Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх

Хэвлэх

1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлнэ.

2.Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллагаас бичгээр зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага ийнхүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон хилийн боомтод гаалийн ажилтныг томилон ажиллуулна.

5 дугаар зүйл.Барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах

Хэвлэх

Барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох эрхийг Монгол Улсын Их Хурлын эрх олгосноор Монгол Улсын Засгийн газар эдэлнэ. Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргахдаа тухайн барааны ангиллын кодыг заана.

6 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтад байх хугацаа

Хэвлэх

1.Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл дор дурдсан хугацаанд гаалийн хяналтад байна:

1/гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах барааны хувьд Монгол Улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;

2/гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараа, тээврийн хэрэгслийн хувьд Монгол Улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хэрэв гаалийн болон бусад татваргүй оруулсан бол Монгол Улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хүртэл;

3/дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрээр шууд дамжин өнгөрөх бол Монгол Улсын хилээр орсон үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад шилжүүлэх бол Монгол Улсын хилээр орсон үеэс гүний гаалийн байгууллага хүртэл; гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллага хүртэл;

4/шилжүүлэн ачих барааны хувьд Монгол Улсын хилээр орсон үеэс Монгол Улсын хилээр гарах хүртэл;

5/гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах барааны хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;

6/гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах бараа, тээврийн хэрэгслийн хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс Монгол Улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хэрэв гаалийн болон бусад татваргүй гаргасан бол гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хүртэл.

2.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат бүсэд байх бүхий л хугацаанд гаалийн хяналтад байна.

3.Татваргүй барааны дэлгүүрт гаалийн болон бусад татваргүй оруулсан бараа нь Монгол Улсын хилээр гарах хүртэл хугацаанд гаалийн хяналтад байна.

4.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх, захиран зарцуулахыг хориглоно.

7 дугаар зүйл.Гаалийн хяналтын талбай

Хэвлэх

1.Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын талбайг өөрийн хариуцах нутаг дэвсгэрт байгуулна.

2.Гаалийн хяналтын талбайд барааг ирсэн өдрөөс хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн байгууллага гаалийн түр агуулах руу шилжүүлнэ. Барааг ийнхүү шилжүүлэх болон гаалийн зориулалтын агуулахад хадгалахтай холбогдон гарах зардлыг мэдүүлэгч хариуцна. /Энэ хэсэгт 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Гаалийн хяналтын талбай байгуулах, түүний хил, дэглэм тогтоох журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

71дүгээр зүйл. Гаалийн түр агуулах

Хэвлэх

1.Гаалийн нутаг дэвсгэрт гаалийн түр агуулах байна.

2.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгалж болно.

3.Гаалийн түр агуулахад оруулсан бараа, түүний сав, баглаа боодол, лац, ломбонд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулж болохгүй.

4.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр тээврийн байгууллага, эсхүл эзэмшигчийн мэдэлд хадгалуулж болно. Энэ тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад байгаа гэж үзнэ.

5.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад 2 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/-аас илүү хугацаагаар хадгалахгүй. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/ хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

/Энэ зүйлийг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 дугаар зүйл.Тээвэрлэгчийн үүрэг

Хэвлэх

Тээвэрлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх бараатай холбогдуулан дараахь үүргийг хүлээнэ:

1/барааг гаалийн замаар, гаалийн битүүмжлэлийг гэмтээлгүй тээвэрлэж, гаалийн байгууллагад бүрэн бүтэн хүргэх;

2/тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд зогсоож, гаалийн хяналтын талбайд оруулсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр ачих, буулгах, шилжүүлэн ачих, мэдүүлэгчид олгох;

3/давагдашгүй хүчин зүйлийн улмаас тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайгаас бусад газарт зогсоох тохиолдолд барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулах боломжийг хаах урьдчилсан арга хэмжээ авч, энэ тухай гаалийн холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;

4/бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр хүрэлцэн ирснээс хойш 30 минутын дотор, тогтоосон цагийн хуваарьтай байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрэхээс 1 цагийн өмнө тус тус гаалийн байгууллагад мэдэгдэх;

5/тээврийн нэг бичиг баримттай барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх;

6/тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхэд шаардагдах бүх төрлийн мэдээллээр гаалийн байгууллагыг хангаж, төлөөлөгчөө байлцуулан гаалийн улсын байцаагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

7/гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх тохиолдолд гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах.

9 дүгээр зүйл.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч

Хэвлэх

1.Барааг гаалийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад гаалийн хяналтын дор шилжүүлэх зорилгоор гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч ажиллуулж болно.

2.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагааны журмыг гаалийн удирдах төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гаалийн бүрдүүлэлт

10 дугаар зүйл.Гаалийн бичиг баримт

Хэвлэх

1.Бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндсэн бичиг баримт нь гаалийн мэдүүлэг болно. Гаалийн мэдүүлгийг гаалийн удирдах төв байгууллагаас батлан хэвлүүлсэн маягтын дагуу бичгээр, эсхүл электрон мэдээллийн сүлжээгээр үйлдэж болно.

2.Шаардлагатай бол гаалийн байгууллага гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт, баглаа боодлын жагсаалт, барааны гарал үүслийн гэрчилгээ, гаалийн болон бусад татвар, гаалийн хураамж төлсөн баримт, банкны баталгаа, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулна.

11 дүгээр зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх

Хэвлэх

1.Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, гаалийн шалгалтын үед биечлэн байлцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлнө.

2.Бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар төлөөлүүлэн хийлгэж болно. Энэ тохиолдолд гаалийн зуучлагч нь мэдүүлэгч болно.

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны журмыг гаалийн удирдах төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Мэдүүлэгч гаалийн бичиг баримтыг монгол хэл дээр үйлдэнэ. Шаардлагатай бол гаалийн байгууллага дагалдах бичиг баримтыг орчуулсан хуулбарыг гаргуулан авна.

4.Зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүн гаалийн хилээр нэвтрүүлж байгаа хувийн хэрэглээний эд зүйлсийг гаалийн удирдах төв байгууллагаас батлан хэвлүүлсэн маягтын дагуу мэдүүлнэ.

12 дугаар зүйл.Гаалийн бүрдүүлэлтийн горим

Хэвлэх

1.Бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуулийн 13-30 дугаар зүйлд заасан горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлнэ.

2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтийн аль горимд хамааруулахыг мэдүүлэгч сонгоно.

3.Гаалийн бүрдүүлэлтийн горим тус бүрийг хэрэгжүүлэх журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

4.Гаалийн бүрдүүлэлт хийсэн хөлсний хэмжээг гаалийн удирдах төв байгууллага батална.

13 дугаар зүйл.Барааг гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах

Хэвлэх

Энэхүү горимын дагуу гадаадын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулсны үндсэн дээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна.

14 дүгээр зүйл.Гаалийн нутаг дэвсгэрт бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт оруулахгүй буцаан гаргах нөхцөлтэйгээр түр хугацаагаар оруулах

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу гаалийн нутаг дэвсгэрт гадаадын бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бичиг баримтыг үндэслэн, өөрчлөлт оруулахгүй, хугацаанд нь буцаан гаргах болзлоор, гаалийн болон бусад татвар ногдуулж, барагдуулсны үндсэн дээр оруулна.

2.Шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт оруулах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах хугацааг 6 сараас илүү хугацаагаар сунгах шаардлагатай бол уг асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараа, тээврийн хэрэгслийг тухайн хугацаанд гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглах, хэвийн элэгдэл, хорогдлоос гадна ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй. /Энэ хэсгийн дугаарт 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

15 дугаар зүйл.Гаалийн нутаг дэвсгэрт бараанд өөрчлөлт оруулж, буцаан гаргах нөхцөлтэйгөөр түр хугацаагаар оруулах

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах, засвар үйлчилгээ хийх, эсхүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гадаадын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, хугацаанд нь буцаан гаргах болзлоор гаалийн болон бусад татвар ногдуулж, барагдуулсны үндсэн дээр оруулна.

2.Шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллага барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт оруулах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

16 дугаар зүйл.Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах

Хэвлэх

Энэхүү горимын дагуу гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан монголын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, дотоодын үйлдвэрийнх болох нь нотлогдох тохиолдолд гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулна.

17 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу бараа, тээврийн хэрэгслийг өөрчлөлт оруулах нөхцөлгүйгээр, тогтоосон хугацаанд гаалийн замаар нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагад гаалийн болон бусад татваргүйгээр шилжүүлнэ.

2.Барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэхэд зориулалтын битүүмжилсэн тээврийн хэрэгслийг ашиглана.

3.Шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар төлөх баталгааг зохих байгууллагаар гаргуулан авна.

18 дугаар зүйл.Барааг шилжүүлэн ачих

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу барааг гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайд гаалийн хилээр оруулж ирсэн нэг тээврийн хэрэгслээс гарах нөгөө тээврийн хэрэгсэлд гаалийн бичиг баримтыг үндэслэн гаалийн болон бусад татваргүйгээр шилжүүлэн ачиж, гаалийн хилээр гаргана.

2.Шаардлагатай бол барааг шилжүүлэн ачихад гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар төлөх баталгааг зохих байгууллагаар гаргуулан авна.

19 дүгээр зүйл.Барааг гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах

Хэвлэх

Энэхүү горимын дагуу Монголын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, шаардлагатай бол гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулсны үндсэн дээр гаалийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад бүрмөсөн гаргана.

20 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгслийг хилийн чанадад өөрчлөлт оруулахгүй буцаан оруулах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу монголын бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бичиг баримтыг үндэслэн, хилийн чанадад өөрчлөлт оруулахгүй буцаан оруулах болзлоор гаалийн болон бусад татвар төлөх баталгааг зохих байгууллагаар гаргуулан авч, гаалийн нутаг дэвсгэрээс гаргана.

2.Шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрээс гаргах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.Гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргасан бараа, тээврийн хэрэгслийг тухайн хугацаанд гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглах, хэвийн элэгдэл, хорогдлоос гадна ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй.

21 дүгээр зүйл.Хилийн чанадад бараанд өөрчлөлт оруулж буцаан оруулах нөхцөлтэйгөөр гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу хилийн чанадад боловсруулах, засвар үйлчилгээ хийх, эсхүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах монголын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, хугацаанд нь буцаан оруулах болзлоор гаалийн болон бусад татвар төлөх баталгааг зохих байгууллагаар гаргуулан авч, гаалийн нутаг дэвсгэрээс гаргана.

2.Шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллага барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрээс гаргах хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

22 дугаар зүйл.Барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах

Хэвлэх

1.Энэхүү горимын дагуу гадаадын барааг гаалийн бичиг баримтыг үндэслэн, гадаадынх болох нь нотлогдох тохиолдолд гаалийн болон бусад татвар ногдуулалгүйгээр гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргана.

2.Гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааг гаалийн хилээр буцаан гаргахад гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.

23 дугаар зүйл.Гаалийн зориулалтын агуулах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24 дүгээр зүйл.Гаалийн баталгаат агуулах

Хэвлэх

1.Зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар барагдуулах, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацаа олгох зорилгоор барааг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гаалийн баталгаат агуулахад хадгалж болно.

2.Гаалийн баталгаат агуулахад дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

1/барааны бүрэн бүтэн байдлыг шалгах;

2/барааг арчлан хамгаалах;

3/барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;

4/засвар, үйлчилгээ хийх;

5/энгийн боловсруулалт хийх;

6/шаардлагатай бол гаалийн болон бусад татвар барагдуулж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;

7/гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

3.Барааг гаалийн баталгаат агуулахад 2 жил хүртэл хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

25 дугаар зүйл.Гаалийн баталгаат үйлдвэрийн газар

Хэвлэх

1.Улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий тодорхой салбар, чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үйлдвэрийн газар байгуулж болно.

2.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

1/барааны бүрэн бүтэн байдлыг шалгах;

2/барааг арчлан хамгаалах;

3/барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;

4/засвар, үйлчилгээ хийх;

5/боловсруулалт хийх;

6/бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

7/шаардлагатай бол гаалийн болон бусад татвар барагдуулж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;

8/гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

3.Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт 2 жил хүртэл хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

26 дугаар зүйл.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар

Хэвлэх

1.Тэргүүний техник технологи судлах, захиалах аятай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгуулж болно.

2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

1/барааны бүрэн бүтэн байдлыг шалгах;

2/барааг арчлан хамгаалах;

3/барааны баглаа боодлыг задлах, төрөлжүүлэх, савлах, дахин савлах;

4/засвар, үйлчилгээ хийх;

5/барааг задлах, угсрах;

6/барааг үзэсгэлэнд тавих;

7/шаардлагатай бол гаалийн болон бусад татвар барагдуулж, загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;

8/гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

3.Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тухайн арга хэмжээ явагдаж дуусах хүртэл хугацаагаар байлгахыг зөвшөөрнө.

27 дугаар зүйл.Гаалийн баталгаат барилгын талбай

Хэвлэх

1.Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын материал, техникийг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат барилгын талбай байгуулж болно.

2.Гаалийн баталгаат барилгын талбайд дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

1/барилгын материалын бүрэн бүтэн байдлыг шалгах;

2/барилгын материалыг арчлан хамгаалах;

3/барилгын материалд боловсруулалт хийх;

4/барилга угсралтын үйл ажиллагаа явуулах;

5/гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

3.Гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд хадгалахыг зөвшөөрнө.

4.Тухайн барилгыг ашиглалтад өгсний дараа ашиглагдаагүй үлдсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

28 дугаар зүйл.Гаалийн тусгай бүс

Хэвлэх

Монгол Улсын тодорхой нэг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, эсхүл тодорхой нэг салбарын хөгжлийг түргэсгэх, энэ чиглэлээр тэргүүний дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг шинэ дээд шатанд гаргах, хөрөнгө оруулалтын нэн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн тусгай бүс байгуулж болно.

29 дүгээр зүйл.Татваргүй барааны дэлгүүр

Хэвлэх

Гаалийн нутаг дэвсгэр дээр хэрэглэх зориулалтгүй барааг гаалийн татваргүй оруулж, гаалийн болон бусад татвар үл шингэсэн үнээр гаалийн хяналтан дор борлуулах татваргүй барааны дэлгүүрийг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулж болно.

30 дугаар зүйл.Бараа устгах

Хэвлэх

Гаалийн хяналтад байгаа гэмтэж муудсан, чанарын шаардлага хангаагүйн улмаас эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болох барааг устгах шаардлагатай нь холбогдох мэргэжлийн албадын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр, байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар гаалийн байгууллагын хяналтын дор устгана. Барааг устгахдаа хүсвэл мэдүүлэгч өөрөө, эсхүл түүний хүсэлтээр, бараа эзэмшигчийг байлцуулж болно.

31 дүгээр зүйл.Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрийн горимын нийтлэг зарчим

Хэвлэх

1.Гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүрийг гаалийн хяналтын талбай болон гаалийн тусгай бүсэд байгуулж болно.

2.Гаалийн баталгаат бүс нь нийтэд зориулагдсан нээлттэй, нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага ашиглахад зориулагдсан хаалттай байж болно.

3.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд гагцхүү гаалийн байгууллага бүхий газраар, гаалийн бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.

4.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс мөн гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр шууд хилийн чанадад гаргах тохиолдолд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж гаалийн хилээр нэвтрүүлж болно.

5.Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ, ийнхүү оруулах, эсхүл гаргах өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, барааны тухайн үеийн үнэ, тоо хэмжээг баримтална.

6.Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд хилийн чанадаас оруулах гадаадын барааг гаалийн татваргүй, гаалийн нутаг дэвсгэрээс оруулах монголын барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу оруулна.

7.Хилийн чанадаас гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд шууд оруулах, тэндээс мөн гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад шууд гаргах бараанд гаалийн болон бусад татвар төлөх баталгаа шаардахгүй.

8.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулахгүй.

9.Барааг хилийн чанадаас гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулах, тэндээс хилийн чанадад гаргахад нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр хязгаарлахгүй.

10.Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулсан, тэндээс гаргасан барааг гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсийн хилээр буцаан нэвтрүүлэхэд гаалийн өмнөх мэдүүлэг, эсхүл энгийн маягтыг үндэслэнэ.

11.Гаалийн баталгаат агуулах, татваргүй барааны дэлгүүр байгуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах эрхийг гаалийн удирдах төв байгууллага эдэлнэ. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.Гаалийн баталгаат агуулахыг гаалийн байгууллага эрхлэн явуулж болно. /Энэ хэсэгт 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

32 дугаар зүйл.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, эм

Хэвлэх

2.Зорчигчийн хувийн хэрэглээний эмийн тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гаалийн төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

33 дугаар зүйл.Улс хоорондын шуудангийн илгээмж

Хэвлэх

Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гаалийн шалгалт

34 дүгээр зүйл.Гаалийн шалгалт хийх

Хэвлэх

1.Гаалийн шалгалтад гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл хамрагдана.

2.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын талбайд хийнэ. Шаардлагатай бол гаалийн шалгалтыг мэдүүлэгчийн зардлаар гаалийн байгууллагаас зөвшөөрсөн техникийн нөхцөлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд хийж болох бөгөөд энэ үед тэр нь хяналтын талбайн үүргийг түр гүйцэтгэнэ.

3.Гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийж болно.

4.Харилцан тохиролцсон нөхцөлд гаалийн шалгалтыг гадаад орны гаалийн нутаг дэвсгэр дээр хийж болно.

5.Гаалийн шалгалтыг дахин хийж болно.

341 дүгээр зүйл.Барааг гаалийн хяналтын дор хүргэх

Хэвлэх

1.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг нэвтрүүлсэн этгээдийг илрүүлэх зорилгоор гаалийн байгууллага уг барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэж болно.

2.Барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ зүйлийг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

35 дугаар зүйл.Гаалийн бичиг баримтын шалгалт

Хэвлэх

Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

36 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийх

Хэвлэх

1.Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхдээ хяналтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой зэргийг ашиглаж болно.

2.Шаардлагатай бол гаалийн байгууллага гаалийн шалгалтын явцад барааны дээж, загварыг үнэ төлбөргүй гаргуулан авна.

3.Гаалийн байгууллага тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгах бөгөөд зайлшгүй тохиолдолд гаалийн байгууллагын даргын шийдвэрээр энэ хугацааг сунгаж болно.

4.Мэдүүлэгч гаалийн шалгалт хийгдэж байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг нь өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

5.Гаалийн шалгалт хийгдэж байгаа барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдсон зардал, хохирлыг гаалийн байгууллага хариуцахгүй.

6.Гаалийн байгууллага яаралтай, аюултай, амархан гэмтэх зэрэг тусгай нөхцөл шаардсан онцлог бараа, түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж, тээврийн хэрэгсэлд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

7.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийж болно.

37 дугаар зүйл.Хүний биед үзлэг хийх

Хэвлэх

1.Гаалийн хилээр нэвтрэх этгээд барааг биедээ нуусан гэх тодорхой сэжиг байгаа бол хүний биед үзлэг хийнэ.

2.Үзлэг хийхдээ Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасан заалтыг баримтална.

38 дугаар зүйл.Гаалийн шалгалтад мэргэжлийн байгууллага, шинжээчийг оролцуулах

Хэвлэх

1.Шаардлагатай бол гаалийн шалгалтад мэргэжлийн байгууллагын ажилтан, шинжээчийг татан оролцуулж болно.

2.Гаалийн шалгалтад мэргэжилтэн, шинжээчийг оролцуулах тухай гаалийн байгууллагын хүсэлтийг холбогдох байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүлээн авч биелүүлэх үүрэгтэй.

3.Мэргэжилтэн, шинжээчийг гаалийн шалгалтад татан оролцуулсан хугацааны цалинг хэрэв уг мэргэжилтэн, шинжээч төсвийн байгууллагад ажиллаж байгаа бол тухайн байгууллага, хувийн өмчийн байгууллагад ажиллаж байгаа бол гаалийн байгууллага бодож олгоно. Замын болон томилолтын зардлыг урьдчилан тохиролцоогүй бол гаалийн байгууллага хариуцна.

39 дүгээр зүйл.Агуулах, байранд нэвтрэн орох

Хэвлэх

Гаалийн улсын байцаагч гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг хадгалж байгаа агуулах, байранд эрхийн үнэмлэхээ үзүүлэн нэвтэрч, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнд шалгалт хийнэ.

40 дүгээр зүйл.Мэдээлэл, материал гаргуулан авах

Хэвлэх

1.Гаалийн байгууллага гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа этгээдийн талаар гаалийн шалгалтад шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авч болно.

2.Хууль хяналт, татварын байгууллага нь гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн шалгалттай холбогдох мэдээллийг түүнд гарган өгч, тодорхой асуудлаар хамтран ажиллах, эсхүл мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

41 дүгээр зүйл.Мэдээлэл хүлээн авах, түүний нууцыг хамгаалах

Хэвлэх

1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр хүлээн авч, нууцыг хадгална.

2.Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт, мэдээллийг гаалийн байгууллага гагцхүү гаалийн зорилгоор ашиглана.

3.Мэдээлэл хүлээн авах журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

42 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах

Хэвлэх

1.Гаалийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийг саатуулж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгална. /Энэ хэсэгт 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдох зардал, хохирлыг мэдүүлэгч хариуцна.

43 дугаар зүйл.Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт

Хэвлэх

Гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор холбогдох бараа, тээврийн хэрэгслийн хүлээн авагч, эзэмшигч, эсхүл захиран зарцуулагчийн байр, агуулахад орж шалгалт хийж, шаардлагатай бичиг баримт гаргуулан авч болно.

44 дүгээр зүйл.Гаалийн битүүмжлэл

Хэвлэх

1.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн битүүмжлэл тавина. Гаалийн битүүмжлэлийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг аргаар хийнэ.

2.Гаалийн битүүмжлэлийг гаалийн байгууллага, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрснөөр тээвэрлэгч, мэдүүлэгч задална.

3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн битүүмжлэлийг задалсан, гэмтээсэн бол энэ тухай гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, давагдашгүй хүчин зүйл гарсан тухай нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

45 дугаар зүйл.Журам тогтоох

Хэвлэх

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

Гаалийн статситикийн мэдээллийн тогтолцоо

46 дугаар зүйл. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл

Хэвлэх

1.Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтэрсэн бараатай холбогдолтой статистикийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, боловсруулах, дамжуулах ажиллагааг хамарсан гаалийн мэдээллийн сан, сүлжээ байгуулан ашиглаж, гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана.

2.Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийг гаалийн мэдүүлгийг үндэслэн "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн дагуу гаргана.

3.Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл хөтлөх аргачлалыг Статистикийн төв байгууллагатай хамтран гаалийн удирдах төв байгууллага батална.

47 дугаар зүйл.Албан ёсны бус гаалийн статистикийн мэдээлэл

Хэвлэх

1.Гаалийн байгууллага гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу албан ёсны бус гаалийн статистикийн мэдээлэл хөтөлнө.

2.Албан ёсны бус гаалийн статистикийн мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиглах, түүний нууцыг хадгалах журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

гаалийн байгууллага

48 дугаар зүйл. Гаалийн байгууллагын бүтэц

Хэвлэх

1.Гаалийн байгууллага нь гаалийн удирдах төв байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэнэ. Гаалийн газар нь алба, салбартай байж болно.

2.Гаалийн удирдах төв байгууллагын дүрмийг Монгол Улсын Засгийн газар, гаалийн газар, хорооны бүтэц, зохион байгуулалт, дүрмийг гаалийн удирдах төв байгууллага батална.

3.Гаалийн байгууллагын дэргэд сургалт судалгаа, хэвлэл мэдээлэл, статистик тооцоолол, үйлчилгээ аж ахуй, гаалийн лаборатори, эрэлч нохойн алба байж болно.

49 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг

Хэвлэх

Гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.

50 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг

Хэвлэх

Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:

1/гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

2/гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах;

3/гаалийн статистикийн мэдээлэл гаргах;

4/гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх.

51 дүгээр зүйл.Гаалийн байгууллагын үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, иргэний хуулиар олгогдсон халдашгүй эрхийг хүндэтгэх, доод шатны гаалийн байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчмыг удирдлага болгоно.

52 дугаар зүйл.Гаалийн байгууллагын удирдлага, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Гаалийн удирдах төв байгууллагын дарга гаалийн улсын байцаагчийн эрхийг эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2/гаалийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөх тушаал гаргах;

3/гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалт, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

4/гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах, Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;

5/гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

6/гаалийн зөрчилтэй холбогдуулан хэрэг бүртгэх ажлыг удирдан зохион байгуулах;

7/гаалийн асуудлаарх өргөдөл гомдлыг хүлээн авч, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах;

8/гаалийн статистикийн мэдээлэл гаргах ажлыг хариуцан зохион байгуулах;

9/гаалийн газар, хороог байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрийн хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох;

10/харьяа гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;

11/гаалийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг томилох, чөлөөлөх;

12/гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;

13/гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;

14/гаалийн байгууллагын эд хөрөнгийн эрх, хууль ёсны бусад ашиг сонирхлыг шүүх, арбитрт төлөөлөн хамгаалах;

15/гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, барагдуулалт зөв эсэхийг шалгах;

16/хуулиар олгосон бусад эрх.

3.Гаалийн удирдах төв байгууллагын даргын эзгүйд түүний бүрэн эрхийг дэд дарга нь орлон гүйцэтгэнэ.

53 дугаар зүйл.Гаалийн байгууллагын төсөв

Хэвлэх

1.Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь өөрийн нутаг дэвсгэрт ажиллах гаалийн байгууллагад шаардлагатай эзэмшлийн газар олгож, холбоо, эрчим хүч, дулаанаар саадгүй үйлчилж, үйл ажиллагаагаа хэвийн байдлаар явуулах нөхцөлөөр хангана.

54 дүгээр зүйл.Гаалийн хөгжлийн сан

Хэвлэх

1.Гаалийн ажилтан нарыг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гаалийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор төсвийн бус гаалийн хөгжлийн сан байгуулна.

2.Гаалийн хөгжлийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

3.Гаалийн удирдах төв байгууллага барааг шинэ, нарийн арга хэрэглэж гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн, эсхүл олон удаагийн зөрчил илрүүлсэн, хоорондоо холбоо, сүлбээ бүхий бүлэг этгээдтэй тэмцэж, зөрчил илрүүлэх талаар онцгой гавьяа байгуулсан, өндөр үнэ бүхий бараа илрүүлж, улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого оруулсан зэрэг байдлыг харгалзан гаалийн улсын байцаагчийг гаалийн хөгжлийн сангаас жилд нэг удаа шагнаж болно.

55 дугаар зүйл.Гаалийн асуудлаар сургалт явуулах, мэдээлэл, зөвлөлгөө өгөх

Хэвлэх

Гаалийн байгууллага гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гаалийн зуучлагч бэлтгэх, гаалийн асуудал, түүний дотор гадаад худалдааны тарифын болон тарифын бус зохицуулалт, гаалийн горимын асуудлыг нийтэд ойлгуулах зорилгоор гаалийн асуудлаар сургалт явуулж, мэдээлэл, зөвлөлгөө өгч болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Гаалийн улсын байцаагч, шалгагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

56 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагч

Хэвлэх

1.Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч гэнэ.

2.Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна.

3.Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь Монгол Улсын гаалийн ерөнхий байцаагч байна.

4.Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, шалгалт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө.

57 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч дараахь эрхийг эдэлнэ:

1/энэ хуульд заасны дагуу гаалийн хяналт, шалгалт хийх;

2/гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;

3/аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж, үзлэг тооллого хийх, аж ахуйн нэгжийн данс, бүртгэлийг шалгах;

4/гаалийн болон бусад татвар ногдуулах, гаалийн хяналт, шалгалтад холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авах;

5/гаалийн болон бусад татвар ногдох бараа, тээврийн хэрэгслийг нуусныг гэрчлэх баримт материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс түр хугацаагаар хураан авах буюу хуулбарлуулан авах;

6/албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх.

2.Гаалийн улсын байцаагч дараахь үүрэг хүлээнэ:

1/гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төр, байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалж, иргэний нэр хүндийг гутаахгүй байх;

2/гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ төр, байгууллага, иргэний хууль ёсны эрх ашгийг хохироохгүй, албан тушаалаа урвуулж, хэтрүүлэхгүй байх;

3/гаалийн байгууллага, ажилтны нэр хүндэд харш аливаа үйлдэл гаргахгүй байх;

4/гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэл/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.

58 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

2/албан тушаалынхаа байдлыг ашиглан бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

3/нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;

4/аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх, түүний удирдах зөвлөлийн, эсхүл захиргааны гишүүн байх.

59 дүгээр зүйл.Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан төрийн байгууллагаас шалгах бол гаалийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс энэ тухай тухайн гаалийн байгууллагын удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ.

2.Гаалийн байгууллага гаалийн улсын байцаагчаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.Гаалийн улсын байцаагчид дараахь тусламж олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

3/хиймэл эрхтэн хийлгэх тохиолдолд түүний зардал;

4/эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын зардлаас хэтэрсэн эмчилгээний зардал;

5/хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд албан тушаалын 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;

6/албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан гаалийн улсын байцаагчийн амь насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.

4.Улсын хил дээр алба хааж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоосон тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлнө.

5.Хил дээр ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад хилийн нэмэгдэл олгоно. Хилийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.

6.Гаалийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгож, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

7.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

60 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тусгай хэрэгсэл, мэх

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараахь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно:

1/нэг бүрийн тусгай хэрэгсэл;

2/тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

3/хамгаалах тусгай хэрэгсэл;

4/самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;

5/албаны нохой.

61 дүгээр зүйл.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч тусгай хэрэгсэл, мэхийг дараахь тохиолдолд хэрэглэж болно:

1/гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

2/гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн;

3/хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад хүргэх.

2.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэж болно:

1/гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлсөн;

2/барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналт, шалгалтаас зугтсан.

3.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

62 дугаар зүйл.Тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх зааврыг батлах

Хэвлэх

Гаалийн байгууллагын тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

63 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын ангилал

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагчийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

1/тэргүүн түшмэл;

2/эрхэлсэн түшмэл;

3/ахлах түшмэл;

4/дэс түшмэл;

5/туслах түшмэл.

2.Тэргүүн түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын дарга хамаарна.

3.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын дэд дарга хамаарна.

4.Ахлах түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын хэлтсийн дарга, харьяа гаалийн газрын дарга хамаарна.

5.Дэс түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын ахлах байцаагч, гаалийн удирдах төв байгууллагын дэргэдэх алба, төвийн дарга, захирал, харьяа газрын орлогч дарга, хороо, алба, салбарын дарга, эрхлэгч хамаарна.

6.Туслах түшмэлийн албан тушаалд гаалийн улсын байцаагчид хамаарна.

64 дүгээр зүйл.Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв

Хэвлэх

1.Гаалийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

2.Гаалийн тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг гаалийн удирдах төв байгууллага олгоно.

3.Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана.

4.Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.

65 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчийн цол

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагчид дор дурдсан цол олгож болно:

1/гаалийн жинхэнэ зөвлөх;

2/гаалийн итгэмжит зөвлөх;

3/гаалийн зөвлөх.

2.Цол олгох журам, цолны нэмэгдлийн хэмжээг гаалийн удирдах төв байгууллага батална.

66 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авна.

2.Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, цолны, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

3.Гаалийн улсын байцаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно.

67 дугаар зүйл.Дүрэмт хувцас, ялгах тэмдэг

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдгийг үнэ төлбөргүй хэрэглэнэ.

2.Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг гаалийн удирдах төв байгууллага батална.

3.Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг бусад байгууллага, иргэнд хориглоно.

68 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагч гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд түүнд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна:

1/сануулах;

2/зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах;

3/албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;

4/гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах;

5/гаалийн албанаас халах.

2.Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрмийг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

69 дүгээр зүйл.Гаалийн албанаас халах

Хэвлэх

Гаалийн улсын байцаагчийг дараахь тохиолдолд гаалийн албанаас хална:

1/сахилгын зөрчил удаа дараа гаргасан;

2/хууль тогтоомж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;

3/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон;

4/Монгол Улсын харьяатаас гарсан.

70 дугаар зүйл.Шалгагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтанг шалгагч гэнэ.

2.Шалгагч бие дааж гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдлэхгүй.

3.Шалгагч ажил үүргээ гүйцэтгэхэд ялгах тэмдэг хэрэглэнэ.

4.Шаардлагатай бол гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт болон тухайн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

71 дүгээр зүйл.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах

Хэвлэх

1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, тухайн зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

2.Хязгаарласан барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 10000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

72 дугаар зүйл.Хориглосон барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

Хэвлэх

Хориглосон барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

73 дугаар зүйл.Бараа, Тээврийн хэрэгсэлийг нуувч болгон ашиглах

Хэвлэх

1.Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураан авах, хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна. /Энэ хэсгийг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглож, нуувч болгон ашигласан гэм буруутай этгээдийн тухайн тээврийн хэрэгслийг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна. /Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар 2 болгосон./

74 дугаар зүйл.Мэдүүлэх журам зөрчих

Хэвлэх

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх журам зөрчсөн бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

75 дугаар зүйл.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөх

Хэвлэх

1.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлүүлж, зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

76 дугаар зүйл.Тээвэрлэгч үүргээ үл биелүүлэх

Хэвлэх

Тээвэрлэгч энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

77 дугаар зүйл.Гаалийн битүүмжлэлийг гэмтээх, хаяг өөрчлөх

Хэвлэх

Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хяналтад байгаа барааны хаягийг өөрчилсөн, гаалийн байгууллагаас тавьсан лац, ломбыг санаатайгаар гэмтээсэн, эсхүл арилгасан бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

78 дугаар зүйл.Гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчих

Хэвлэх

Гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

79 дүгээр зүйл.Бүрдүүлэлтийн горим зөрчих

Хэвлэх

1.Энэ хуулийн 13-30 дугаар зүйлд заасан гаалийн бүрдүүлэлтийн горим зөрчсөн бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол тийнхүү буцаан нэвтрүүлэх байсан үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, үнэ, тоо хэмжээг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан этгээдийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, үнэ, тоо хэмжээг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан этгээдийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

80 дугаар зүйл.Гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх

Хэвлэх

1.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан гаалийн улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Гаалийн улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэх үед доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан этгээдийг 10000-50000 төгрөгөөр торгох, эсхүл шүүгчийн захирамжаар 15-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.

81 дүгээр зүйл.Бичиг баримт хуурамчаар үйлдэх

Хэвлэх

Гаалийн бичиг баримтыг албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

82 дугаар зүйл.Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх

Хэвлэх

Гаалийн үнэ, татвар ногдох барааны тоо хэмжээг санаатайгаар бууруулах, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны ангиллыг худал мэдүүлэх зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гаалийн болон бусад татварыг төлүүлж, нөхөн төлүүлсэн татвартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

83 дугаар зүйл.Татварыг цаг хугацаанд нь төлөхгүй байх

Хэвлэх

Гаалийн болон бусад татварыг цаг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

84 дүгээр зүйл.Дансны гүйлгээг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх

Хэвлэх

Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 71-73 дугаар зүйлд заасан бараа, тээврийн хэрэгслийн үнийг болон 82; 83 дугаар зүйлд заасан татвар, торгуулийг үл маргалдах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, дансны гүйлгээг нь хааж, эсхүл төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилж болно.

/Энэ зүйлд 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

85 дугаар зүйл.Зөрчлийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

2.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан бол түүнд ногдуулах торгуулийг хөнгөнийг нь хүндэд нь багтаахгүй зарчмаар ногдуулна.

86 дугаар зүйл.Хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан

Хэвлэх

1.Торгох, эд хөрөнгө, бараа, тээврийн хэрэгслийг хураах хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг гаалийн улсын байцаагчийн шийдвэрээр, баривчлах шийтгэлийг шүүгчийн захирамжаар гүйцэтгэнэ.

2.Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийн загварыг гаалийн удирдах төв байгууллага батална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Хураагдсан, саатуулагдсан бараа, тээврийн хэрэгсэлтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх

87 дугаар зүйл.Хураагдсан бараа, тээврийн хэрэгсэл

Хэвлэх

1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас Гаалийн болон Эрүүгийн хуулийн дагуу хураагдсан, гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь хүлээн авахаас татгалзсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага борлуулах бөгөөд борлуулалтын орлогыг зарцуулах, улсын төсөвт оруулах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдсан бараа, тээврийн хэрэгсэл уг зөрчилд холбогдолгүй болох нь гаалийн удирдах төв байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр нотлогдвол түүнийг буцаан олгох бөгөөд хэрэв буцаан олгох боломжгүй бол гаалийн байгууллагын борлуулсан үнийг эргүүлж олгоно.

88 дугаар зүйл. Гаалийн түр агуулахад хадгалагдаж байгаа бараа, тээврийн хэрэгсэл

Хэвлэх

1.Мэдүүлэгч, эсхүл эзэмшигч нь гаалийн түр агуулахад хадгалагдаж байгаа бараа, тээврийн хэрэгслийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд аваагүй тохиолдолд гаалийн байгууллага борлуулна. /Энэ хэсэгт 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг бараа, тээврийн хэрэгслийг борлуулснаас хойш 1 жилийн дотор мэдүүлэгч, эсхүл эзэмшигч нь хүсвэл зохих хууль тогтоомжийн дагуу суутгал хийж үнийг буцаан олгож болно.

АРАВДУГААР БҮЛЭГ

Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг давж заалдах, хэрэг бүртгэх үйл ажиллагаа

89 дүгээр зүйл.Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг давж заалдах

Хэвлэх

1.Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно:

1/гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг тухайн гаалийн салбарын эрхлэгч, алба, хороо, газрын даргад;

2/гаалийн салбарын эрхлэгч, алба, хороо, газрын даргын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад.

2.Давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

90 дүгээр зүйл.Гаалийн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх

Хэвлэх

1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол гаалийн улсын байцаагч хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдэн, уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Гаалийн байгууллагын албан тушаалтанд хэрэг бүртгэх эрхийг гаалийн удирдах төв байгууллагын даргын шийдвэрээр олгоно. /Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

бусад зүйл

91 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ