A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НОТАРИАТЫН ТУХАЙ /Энэ хуулийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийн 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

НОТАРИАТЫН ТУХАЙ

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь нотариатын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тодорхойлж, нотариатаас хэлцэл, өмчлөх эрх, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэх зэрэг нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нотариатын тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Нотариатын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль, бусад хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

Нотариатын үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:

1/хууль дээдлэх;

2/үйл ажиллагаагаа явуулахдаа хараат бус байх;

3/өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах.

4 дүгээр зүйл.Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч

Хэвлэх

1.Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.

2.Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.

3.Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрыг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хассан./

5 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс, зардал

Хэвлэх

1.Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үйлчилгээ үзүүлсэн бол үйлчлүүлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан журам, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө.

2.Нотариатч үйлчилгээ үзүүлсэн бол үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс, нотариатчийн ажлын байрнаас өөр газар үйлчлүүлэгчийн хүсэлтээр очиж үйлчилсэн бол тээврийн хөлс, зөвлөгөө, мэдээлэл, лавламж өгөх, бичиг баримт боловсруулах техник үйлчилгээ үзүүлсний зардлыг авна.

3.Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас, нотариатч энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас өөр хураамж, хөлс, зардал, шагнал урамшил авахыг хориглоно.

4.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар зохицуулах ба үйлчлүүлэгч нь үйлчилгээний хөлс, зардал төлөх чадваргүй бол тэдгээрээс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, төлөх хугацааг хойшлуулах асуудлыг Нотариатчдын танхим шийдвэрлэнэ.

5.Үйлчилгээний хөлс, зардлын жишгийг Нотариатчдын танхимын саналыг үндэслэн Хууль зүйн сайд тогтооно.

6 дугаар зүйл.Нотариатын байгууллага

Хэвлэх

1.Нотариатчид улсын хэмжээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор нэгдэн Нотариатчдын танхим байгуулна.

2.Нотариатчдын танхимын салбар аймаг, нийслэлд ажиллана.

3./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

61дүгээр зүйл.Нотариатын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц

Хэвлэх

1Нотариатын байгууллагын эрх барих дээд байгууллага нь Нотариатчдын танхимын гишүүдийн хурал /цаашид "Гишүүдийн хурал" гэх/ байна.

2.Гишүүдийн хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Нотариатчдын танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/Нотариатчдын танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;

3/Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийг /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ сонгох, чөлөөлөх, түүнд олгох цалин хөлсний хэмжээг тогтоох;

4/Ерөнхийлөгчийн ажлын албаны зардлын дээд хязгаарыг тогтоох;

5/Нотариатчдын танхимын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

6/Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

7/Нотариатчдын танхимын жилийн төсвийг батлах;

8/Нотариатчийн ёс зүйн дүрмийг батлах.

3.Гишүүдийн хурлыг жилд нэг удаа Удирдах зөвлөл зарлан хуралдуулна. Гишүүдийн арваас дээш хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

4.Гишүүдийн хурал нийт гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

5.Гишүүдийн хурлын хуралдааны дэгийг Нотариатчдын танхимын дүрэмд заана.

6.Гишүүдийн хурлын чөлөөт цагт Нотариатчдын танхимын эрх барих байгууллага нь есөн гишүүнээс бүрдсэн Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн эрх хэмжээг Нотариатчдын танхимын дүрмээр тогтооно.

7.Нотариатчдын танхимын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч удирдах ба Нотариатчдын танхимын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болно.

8.Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Нотариатчдын танхимын дүрмээр зохицуулна.

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл.Нотариатчдын танхимын бүрэн эрх

Хэвлэх

1.Нотариатчдын танхим нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/нотариатчийг бэлтгэх, сургах, давтан сургах ажил зохион байгуулах;

3/нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах аргачилсан заавар, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах;

4/нотариатын хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

5/нотариатчийн ёс зүйн хэм хэмжээ тогтоож, түүний биелэлтэд хяналт тавих;

6/нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх;

7/нотариатчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

8/нотариатчийн хариуцлагын даатгалыг зохион байгуулах.

2./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан нотариатч Нотариатчдын танхимд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулна.

8 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа явуулах хэл

Хэвлэх

1.Нотариатын үйл ажиллагаа явуулах, бичиг баримт, нотариатын үйлдлийн тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна.

2.Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь нотариатын бичиг баримтыг монгол хэлээр хөтөлнө. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бичиг баримтыг орчуулан өгч болно.

9 дүгээр зүйл.Нотариатчийн тамга, тэмдэг

Хэвлэх

1.Нотариатч нь тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тусгай тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.Нотариатч өөр тойрогт шилжин ажиллах бол тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэвээр хэрэглэж болно.

3.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатын үйл ажиллагаа хавсран эрхлэн явуулахдаа тухайн сумын Засаг даргын, дүүргийн Засаг даргын тамгын газрын тамга, баталгааны тусгай тэмдэг хэрэглэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн болон консулын газар нь нотариатын үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тамга, баталгааны тусгай тэмдэг хэрэглэнэ.

Хоёрдугаар бүлэг

Нотариатчийн үйл ажиллагаа явуулах тойрог, нотариатчид зөвшөөрөл олгох,

түүнийг хүчингүй болгох

10 дугаар зүйл. Нотариатын тойрог, нотариатчийн тоог тогтоох

Хэвлэх

1.Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2./Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11 дүгээр зүйл.Нотариатчийн үйл ажиллагаа явуулах харьяалал

Хэвлэх

1.Нотариатч нь тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.

2.Зайлшгүй шаардлагаар өөр тойрогт нотариатын үйлдэл хийх бол Нотариатчдын танхимын салбарт мэдэгдэж зөвшөөрөл авна.

3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон бичиг баримтыг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ. /Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

12 дугаар зүйл.Нотариатчийн ажлын байр

Хэвлэх

1.Нотариатч нь үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг тойрогтоо ажлын байртай байна. Тойрог нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжээс бүрдэж байвал нэгж болгонд ажлын байртай байж болно. Нотариатын үйлдлийг ажлын байрандаа хийнэ.

2.Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн байдлын улмаас, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатчийн ажлын байранд үйлчлүүлэх боломжгүй бол түүний хүсэлтээр байгаа газарт нь нотариатч очиж үйлчилж болно.

13 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Хэвлэх

1.Нотариатын үйл ажиллагааг нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийн үндсэн дээр эрхэлнэ.

2.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэн тусгай зөвшөөрөл авахаар мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хууль, 2007 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

/Дээрх 13-р зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14 дүгээр зүйл.Мэргэшлийн хороо

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байна.

2.Мэргэшлийн хороо долоон гишүүнтэй байна.

3.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, Танхимаас таван хүний төлөөлөлтэйгээр, тэдгээр байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.Мэргэшлийн хорооны даргыг уг хорооны гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэшлийн шалгаруулалт явуулах тухай асуудлыг нотариатын тойрог, нотариатчын орон тоо, хэрэгцээг харгалзан тухай бүр шийдвэрлэнэ.

6.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

7.Суманд нотариатч ажиллаагүй бол нотариатчийн үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга гүйцэтгэнэ.

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15 дугаар зүйл.Нотариатчийн сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

Хэвлэх

1.Нотариатч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол өөрийнх нь хүсэлт болон Нотариатчдын танхимын саналаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

2.Нотариатч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эцсийн шийдвэр гартал эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь тохиолдолд Нотариатчдын танхимын саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно: /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/нотариатч нь эрүүл мэндийн байдлын улмаас, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болбол өөрийн нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн;

2/нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;

3/нотариатч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

4/нотариатч эрх зүйн чадамжгүй болсон;

5/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас өөр ажил, албан тушаал давхар эрхэлсэн;

6/нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;

7/нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын турш үйл ажиллагаа явуулаагүй. /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд нотариатч Нотариатчдын танхимын салбарт бичиг баримт, тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө.

Гуравдугаар бүлэг

Нотариатчийн эрх, үүрэг, үйл ажиллагааны баталгаа

18 дугаар зүйл.Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн эрх

Хэвлэх

Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь дараахь эрх эдэлнэ:

1/үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох;

2/нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах;

3/жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг бичиг баримтыг магадлан шинжлүүлэх;

4/шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх;

5/хууль тогтоомжид заасан бусад эрх.

19 дүгээр зүйл.Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үүрэг

Хэвлэх

Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:

1/нотариатын үйлдлийг мэргэжлийн өндөр түвшинд, бие даан, хууль тогтоомжид нийцүүлэн хийх;

2/нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

3/иргэн, хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад нь үйлчлэх, тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж, зөвлөгөө өгөх;

4/нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах;

5/нотариатын үйлдэл хийсэн бичиг баримт, мэдээллийг шүүх, прокурорын газар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын шаардсаны дагуу өгөх.

6/нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20 дугаар зүйл.Нотариатын үйл ажиллагааны нууц

Хэвлэх

1.Төр, байгууллага,хувь хүний нууцад хамаарах асуудлаар нотариатын үйлдэл хийж байгаа бол тэдгээрийн нууцыг холбогдох хуульд заасны дагуу хамгаална.

2.Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулж болохгүй. Нотариатын үйл ажиллагаа дуусгавар болсон ч нууцыг хадгалах үүрэг хэвээр үлдэнэ.

3.Албан үүргээ гүйцэтгэх явцдаа нотариатын үйлдлийн нууцыг мэдсэн бусад хүмүүст энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.

21 дүгээр зүйл.Нотариатын үйл ажиллагааны баталгаа

Хэвлэх

1.Нотариатын үйл ажиллагаанд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардах, заналхийлэхийг хориглоно.

2.Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь Нотариатчдын танхим, түүний салбарыг үйл ажиллагаагаа явуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

22 дугаар зүйл.Нотариатчийн хариуцлагын даатгал

Хэвлэх

1.Нотариатч нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутагдсаны улмаас нотариатын үйл ажиллагааг буруу явуулсан, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосноос түүнд хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор нотариатчийн хариуцлагын даатгалд хамрагдана.

2.Нотариатч нь нотариатчийн үйл ажиллагаанаас хохирол учирч болох тохиолдол тус бүрийг тусгасан даатгалын гэрээг Нотариатчдын танхимтай хийнэ. Нотариатчдын танхим гэрээний нөхцөл өөрчлөгдөх, хүчингүй болох, хугацаа нь дуусгавар болох тохиолдолд энэ тухай нотариатчдад нэн даруй мэдэгдэж байна.

3.Нотариатчдын танхим нь нотариатчийн хариуцлагын даатгалын сан байгуулж ажиллана. Уг сангийн ажиллах журмыг Нотариатчдын танхим тогтооно.

4.Нотариатчийн хариуцлагын даатгалын санд нотариатчийн орлогын 5 хувийг төвлөрүүлнэ.

5.Нотариатчид хариуцлагын даатгалын сангаас төлөх даатгалын төлбөрийн дээд хэмжээ нь тухайн нотариатчийн оруулсан орлогын хэмжээнээс хоёр дахин их байж болно.

6.Нотариатчийн орлогод үйлчилгээний хөлс, нотариатын үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл, лавламж өгөх, бичиг баримт боловсруулж, техник үйлчилгээ үзүүлсний орлогыг оруулан тооцно.

7.Дараахь үйлдлүүдийг хариуцлагын даатгалд хамааруулахгүй:

1/илт хайхрамжгүй буюу санаатай хууль зөрчиж хийсэн үйлдэл;

2/бусад улсын хууль тогтоомжийн талаар буруу тайлбар, зөвлөгөө өгсөн;

3/нотариатч үүргээ шударгаар биелүүлээгүй.

8.Нотариатын мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн хуульч нь нотариатын хариуцлагын даатгалын гэрчилгээний хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл авна. /Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

Дөрөвдүгээр бүлэг

Нотариатын үйлдэл, түүнийг хийх журам

23 дугаар зүйл.Нотариатын үйлдэл

Хэвлэх

1.Энэ бүлгийн заалт нь нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид нэг адил хамаарна.

2.Нотариатч нь дор дурдсан бичиг баримтыг гэрчлэх болон бусад үйлдэл хийнэ:

1/хэлцэл, гэрээ , итгэмжлэл;

2/хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг;

3/өв залгамжлах эрх, гэрээслэл;

4/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт;

5/гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх;

6/бичиг баримтын хуулбарын үнэн зөв;

7/орчуулсан бичиг баримт;

8/бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөв;

9/өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох;

10/нотариатчийн мэдэгдэх хуудас бичих; /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

11/хууль тогтоомжид заасан бусад үйлдэл. /Энэ заалтын дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

3.Нотариатын үйлдлийг эрхлэн хийх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

24 дүгээр зүйл.Бичиг баримт гэрчлэхэд тавих шаардлага

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн иргэн, хуулийн этгээд нь уг бичиг баримтыг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотолно.

2.Гэрчлэгдэх бичиг баримтын эх хувь нь гаргацтай, засваргүй, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байна. Гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг нь бичиг баримтад тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна.

3.Гэрчлэгдэх гэрээ,хэлцэл, итгэмжлэл, өв залгамжлалын гэрээслэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг нь 2-оос доошгүй хувь үйлдэгдсэн байх бөгөөд түүний нэг хувийг нотариатч хадгална.

25 дугаар зүйл.Бичиг баримтын хуулбарыг гэрчлэх

Хэвлэх

1.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.

2.Хоорондоо холбоогүй хэд хэдэн асуудалд хамаарах заалт бүхий бичиг баримтын тодорхой асуудлын талаархи хэсгийг бүрэн тусгасан хэсэгчилсэн хуулбарыг гэрчилж болно.

3.Бичиг баримтын хуулбарын хуулбарыг анхны хуулбар нь урьд нотариатаар гэрчлэгдсэн буюу уг бичиг баримтыг олгосон иргэн, хуулийн этгээд үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд гэрчилнэ.

26 дугаар зүйл.Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэх

Хэвлэх

Нотариатч хуулийн этгээд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг хуульд заасан журмын дагуу гэрчилнэ.

27 дугаар зүйл.Нотариатын бичиг баримт

Хэвлэх

1.Нотариатч бичиг баримт, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл тэмдэглэл үйлдэнэ. Нотариатын бүртгэлд нотариатчийн хийсэн үйлдлүүдийг дэс дараагаар нь бүртгэнэ.

2.Гэрчлүүлэхээр ирүүлсэн бичиг баримтын жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал нотариатч шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргаж болно. Шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

271 дүгээр зүйл.Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга

Хэвлэх

1.Нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн өвлөх эрх, тэжээн тэтгэхтэй холбогдсон харилцаанд төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэн мэдэгдэх хуудас үйлдэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ дараахь нөхцөлийг харгалзана:

1/баримт бичиг нь төлбөр төлөгч төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа;

2/нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд гаргасан эсэх.

3.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг заана:

1/мэдэгдэх хуудас олгож буй нотариатчийн овог, эцгийн нэр, нэр, харьяалагдах тойрог;

2/ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа;

3/төлбөр авагч, төлбөр төлөгчийн овог, эцгийн нэр, нэр, ажлын болон гэрийн хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, банкин дахь харилцах дансны дугаар, улсын бүртгэлийн дугаар;

4/төлбөр гаргуулах хугацаа;

5/төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, торгуулийн хэмжээ;

6/нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ;

7/мэдэгдэх хуудас үйлдсэн огноо, дугаар.

4.Мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр бичиж, тамга дарж нотариатч гарын үсэг зурна.

5.Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гаргуулна.

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

28 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох

Хэвлэх

1.Нотариатч нь нотариатын үйлдэл хийлгэхийг хүссэн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг түүний иргэний паспортыг үндэслэн тогтооно. Нотариатч нь үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээд эрх зүйн чадамжтай, итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгана. Шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно.

2.Зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатын үйлдлийг яаралтай хийхэд хүрвэл үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулахгүйгээр нотариатын үйлдэл хийж болно.

3.Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нөхөн тодруулахад энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илрээгүй бол уг үйлдэл хүчин төгөлдөр байна.

29 дүгээр зүйл.Үйлчлүүлэгчийн үүрэг

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:

1/нотариатын үйлдэл хийлгэх бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж өгөх;

2/нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар гаргах;

3/нотариатын үйлдэл хийх бололцоо олгох.

2.Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй.

30 дугаар зүйл.Нотариатын үйлдэл хийх хугацаа

Хэвлэх

Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж ирснээс хойш 72 цагийн дотор нотариатын үйлдэл хийх, хэрэв татгалзвал тэр тухай үндэслэлээ мэдэгдэнэ.

31 дүгээр зүйл.Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн буюу өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна.

2.Иргэн, хуулийн этгээдээс мэдээ, бичиг баримт нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарвал нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.

3.Сонирхогч этгээдээс нотариатаар гэрчлүүлж байгаа бичиг баримт буюу эрхийн талаар өөр этгээд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өргөдөл ирүүлбэл уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 14 хоног хүртэл хугацаагаар хойшлуулна. Хэрэв энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол нотариатын үйлдлийг хийнэ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.

32 дугаар зүйл.Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Хэвлэх

1.Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:

1/үйлчлүүлэгчийн бичиг баримт нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;

2/нотариатчийн өөртэй нь болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэдтэй нь холбоотой асуудал байвал;

3/өөрийн нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд үйлдэл хийлгэхийг хүсвэл;

4/үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй буюу төлөөлөх эрхгүй байвал;

5/хууль тогтоомжид заасан бусад үндэслэл байвал.

2.Нотариатч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг нотариатчийн буюу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.

33 дугаар зүйл.Орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулах

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, ярьж чаддаггүй буюу монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, бичиг баримт үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон орчуулагч / хэлмэрч/ -ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч / хэлмэрч/ -ийг өөрөө сонгоно.

2.Орчуулагч /хэлмэрч/ нь зориуд худал орчуулбал / хэлмэрчилбэл/ хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

34 дүгээр зүйл.Гэрч оролцуулах

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч нь хараагүй, бичиг үсэг мэдэхгүй, түүнчлэн эрх зүйн чадамжгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийх, бичиг баримт үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон нотариатч шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулна. Энэ тохиолдолд дор дурдсан хүмүүсийг гэрчээр оролцуулж болохгүй:

1/тухайн нотариатчийн байнгын үйлчлүүлэгч;

2/насанд хүрээгүй;

3/эрх зүйн чадамжгүй этгээд;

4/бичиг үсэг мэддэггүй;

5/монгол хэл мэддэггүй.

2.Үйлчлүүлэгч хүсвэл нотариатын үйлдэл хийхэд гэрч оролцуулж болно.

35 дугаар зүйл.Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл, түүний агуулга

Хэвлэх

1.Энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан үйлчлүүлэгч, бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө.

2.Тэмдэглэлд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон бусад оролцогчдын овог, нэр, нас, мэргэжил, хаяг, тэдгээрийн тайлбар, түүнчлэн гэрч, орчуулагч / хэлмэрч/ -ийг оролцуулсан үндэслэл, холбогдох бичиг баримтыг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал, нотариатчийн албан тушаал, нэр, бичиг баримтыг үйлдсэн газар, он, сар, өдрийг тодорхой бичнэ.

36 дугаар зүйл.Тэмдэглэл үйлдэх арга, журам

Хэвлэх

1.Тэмдэглэл нь гаргацтай, утга агуулгын хувьд ойлгомжтой, үг үсгийн засвар, оруулгагүй байх бөгөөд түүнд оролцогчдын нэр, хаяг, оршин суугаа газрыг товчлолгүйгээр тодорхой бичсэн байна.

2.Тэмдэглэл үйлдсэний дараа үйлчлүүлэгч болон оролцогчдод уншиж сонсгоно. Орчуулагч /хэлмэрч/ оролцож байгаа бол уг зүйлийг нэг бүрчлэн орчуулж /хэлмэрчилж/, материалтай танилцахад туслана.

3.Тэмдэглэлд үйлчлүүлэгч болон оролцогчид гарын үсэг зурж, нотариатч тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

4.Гарын үсэг зурж чаддаггүй хүмүүс оролцож байгаа бол энэ тухай тайлбар бичнэ.

5.Тэмдэглэл нь 2 буюу түүнээс дээш хуудастай бол хуудас болгон дээр гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд 2 дахь хуудаснаас эхлэн "2" гэж араб тоогоор дугаарлан үднэ.

37 дугаар зүйл.Тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт хийх

Хэвлэх

1.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр тэмдэглэлд утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийж болно. Нэмэлт, өөрчлөлт хийсний дараа үйлчлүүлэгч болон оролцогчид гарын үсэг зурж, нотариатч тамга, тэмдэг дарж баталгаажуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн нэмэлт, өөрчлөлт хүчингүйд тооцогдоно.

38 дугаар зүйл.Үрэгдүүлсэн материалыг нөхөн бүрдүүлэх

Хэвлэх

Нотариатч өөрт үлдсэн материалыг үрэгдүүлсэн бол үйлчлүүлэгчид өгсөн хувиас хуулбар хийж авна. Хуулбар дээр энэ тухай тэмдэглэж, Нотариатчдын танхимын салбарт мэдэгдэн,бичиг баримт хадгалах журмын дагуу хадгална.

39 дүгээр зүйл.Үндсэн материалыг шалгах

Хэвлэх

1.Үйлчлүүлэгч буюу түүний эрх залгамжлагч, итгэмжлэгдсэн этгээдийн хүсэлтээр гэрчлэх бичиг баримтад холбогдох бусад үндсэн материалыг шалгаж болно.

2.Тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдолгүй асуудлаар үндсэн материалыг шалгахгүй.

40 дүгээр зүйл.Бичиг баримтын хуулбар хийх

Хэвлэх

Үйлчлүүлэгч нь гэрчлүүлсэн бичиг баримтаа үрэгдүүлбэл нотариатч үлдсэн хувиас хуулбар хийж өгнө.

41 дүгээр зүйл.Бичиг баримтыг хадгалах, үдэх

Хэвлэх

1.Нотариатын үйлдэл хийхдээ үндэслэл болгосон материалыг, гэрчилсэн бичиг баримтын хамт, олгосон дугаарын дагуу үдэж хадгална.

2.Шаардлагатай гэж үзвэл гэрчилж байгаа бичиг баримттай холбоотой зүйлийг гэрэл зураг, бусад бололцоотой аргаар бэхжүүлэн авч хадгална.

3.Дугаарлан үдсэн материалыг зохих журмын дагуу архивт шилжүүлж байна.

Тавдугаар бүлэг

Бусад зүйл

42 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагаанд тавих хяналт

Хэвлэх

1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нотариатын үйл ажиллагаанд хяналт тавина. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Нотариатчдын танхим нь салбарынхаа үйл ажиллагаанд хяналт тавина.

3.Нотариатчдын танхимын салбар нь харьяа нутаг дэвсгэр дээрээ ажиллаж байгаа нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавина. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

43 дугаар зүйл.Нотариатын бичиг баримтыг шалгах

Хэвлэх

Нотариатын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь нотариатын бичиг баримтад шалгалт хийх бөгөөд шаардлагатай бол холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж болно.

44 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл,түүний төрөл

Хэвлэх

1.Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нотариатчид сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

2.Нотариатчид дараахь сахилгын шийтгэл ногдуулна:

1/сануулах;

2/нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан шийтгэлийг Сахилгын зөвлөл, 2-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ногдуулна. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Нотариатчдын танхимын дэргэд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан нотариатын үүрэг гүйцэтгэх явцдаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

45 дугаар зүйл.Захиргааны хариуцлага

Хэвлэх

1.Нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөн нотариатчид түүний гэм буруу, зөрчлийн шинж байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/нотариатын үйлдлийг буруу хийсний улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан бол нотариатчийг 20000-40000 хүртэл төгрөгөөр торгох;

2/нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийсэн бол нотариатчийг 25000-50000 хүртэл төгрөгөөр торгох.

2.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга, дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан нь нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа алдаа гарган үйлчлүүлэгчид хохирол учруулсан бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Нотариатын үйл ажиллагааны нууцыг задруулсан бол гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.Нотариатын үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эрхэлсэн бол шүүгч олсон орлогыг хурааж, гэм буруутай этгээдийг 35000-50000 хүртэл төгрөгөөр торгоно.

46 дугаар зүйл.Материалын хариуцлага

Хэвлэх

Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 44, 45 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээд нь сахилгын, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзахгүйгээр үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.

47 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах этгээд

Хэвлэх

Нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай өргөдөл, гомдлыг хохирсон этгээд болон Нотариатчдын танхим, түүний салбар гаргах эрхтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ