A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 324

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, мөн хуулийн 49.1.3, "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг Татварын ерөнхий газар (М.Батмагнай), Гаалийн ерөнхий газар (О.Ганбат)-т болон хуулиар орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бусад төсвийн захирагч нарт даалгасугай.

2. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай. Үүнд:

Урсгал зардлын санхүүжилтийн талаар:

-Төсвийн захирагч нарын 2013 оны 9 дүгээр сараас он дуусталх хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, өмнөх саруудад ашиглагдаагүй зардлыг хэмнэх;

-Төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүй, төсвийн сахилга батыг хатуу сахих, зардал хэмнэх боломжийг дайчлах;

-Зардлыг санхүүжүүлэхдээ төсвийн орлогын эх үүсвэртэй уялдуулан үе шаттай санхүүжүүлэх;

-Төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоох.

Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн талаар:

-Хөрөнгө оруулалтын ажлыг 2013 онд багтаан гүйцэтгэх боломж, ажлын стандарт, чанарт тавигдах шаардлага зэргийг харгалзан 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй байгаа шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эхлэх хугацааг хойшлуулах;

-Техникийн нөхцөл бүрдээгүй, дэд бүтцийн болон газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн ажлын явц удааширч төсөвлөгдсөн хөрөнгөө бүрэн ашиглах боломжгүй болсон баригдаж буй барилга байгууламжийн ажлыг түр зогсоох.

3. Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан гаргасан Засгийн газрын үнэт цаасны хугацааг Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад заасан хугацаатай нийцүүлэх зорилгоор 290.1 (хоёр зуун ерэн тэрбум нэг зуун сая) тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дээр дурдсан арга хэмжээний хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг орлогын бүрдүүлэлтийн байдалтай уялдуулан нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН