A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан сумдын нутагт тогтоосон хязгаарлалтын дэглэм болон тус аймгуудын төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус тус цуцалсугай.

2. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэн ажиллахыг аймгийн Засаг дарга П.Ганхуягт даалгасугай.

3. Монголын нөхцөл байдал, онцлогийг харгалзан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аргыг оновчтой болгох талаар санал боловсруулан энэ оны 4 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА