A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны

А/11 дугаар тушаалын хавсралт

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙНЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд орон тооны бус байна.

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгоно.

1.4.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байж болно.

Хоёр.Зөвлөлийн зохион байгуулалт, чиг үүрэг

2.1.Зөвлөл нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх/-ын дэргэд ажиллана.

2.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.3.Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, тогтоол гаргана.

2.4.Зөвлөл нь тухайн жилийн хийх ажлын төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцэн батална.

2.5.Зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн даргын шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

2.6.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар шаардлагатай тохиолдолд тухайн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж санал, дүгнэлт гаргуулж болно.

2.7.Зөвлөлийн бүрэлдэхүүнд оюуны өмч, боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон оюуны өмчийн байгууллага, нийслэлийн соёл урлагийн асуудал хариуцсан нэгж, Шинжлэх ухааны академи, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 14 гишүүн ажиллана.

2.8.Энэ журмын 2.7-д заасан байгууллагын төлөөллөөс санал болгосон Зөвлөлийн гишүүн нь 3 жилийн хугацаагаар томилогдон ажиллах бөгөөд 1 удаа улиран сонгогдож болно.

2.9.Зөвлөлийн даргыг нийт гишүүдийн дундаас нууц санал хураалтаар сонгох ба хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга батална.

2.10.Зөвлөлийн гишүүний сул орон гарсан тохиолдолд орон гарсан байгууллагын саналыг авч, нөхөн томилно.

2.11.Зөвлөл нь Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.11.1.зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх;

2.11.2.хамтын удирдлагын байгууллагаас зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчтэй харилцан тохиролцон тогтоосон тарифыг хянах;

2.11.3.энэ журмын 2.11.2-т заасан тарифыг мөрдөж ажиллах талаар тогтоол, эсхүл зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлэх;

2.11.4.энэ журмын 2.11.2-т заасан тариф нь үндэслэлгүй, илт бодит бус байгаа гэж үзсэн тохиолдолд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах;

2.11.5.энэ журмын 2.11.2-т заасан тарифын асуудлаар олон нийтийн болон холбогдох газрын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, тарифын талаар зөвшилцөх;

2.11.6.хамтын удирдлагын байгууллагаас санал болгож байгаа зохиогчийн эрхийн бүтээл ашиглуулах гэрээний тарифыг хянах, зөвшилцөх;

2.11.7.зохиогчийн эрхтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон уран бүтээлчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт, хөтөлбөр боловсруулах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргах;

2.11.8.зохиогчийн эрхийн холбоотой хууль тогтоомж, хөтөлбөр, заавар, зөвлөмжийг боловсруулах, түүний онолын түвшин, практик ач холбогдлыг дээшлүүлэх зөвлөмжийг оюуны өмчийн байгууллагад хүргүүлэх;

2.11.9.“Оюуны өмчийн шилдэг бүтээл” шалгаруулах шагналд нэр дэвшсэн зохиогчийн эрхийн бүтээлд тодорхойлолт гаргаж өгөх.

2.12.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн асуудал хариуцсан нэгжийн дарга ажиллах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.12.1.зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн, явцыг хуралдаанд тайлагнах;

2.12.2.зөвлөлийн дарга, гишүүдийг холбогдох мэдээ, мэдээллээр хангаж, зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах;

2.12.3.энэ журмын 2.4-т заасан төлөвлөгөөний биелэлтийг гарган, хэрэгжилтийн явцыг танилцуулах;

2.12.4.энэ журмын 2.6-д заасан Ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

2.12.5.хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрийг албажуулах;

2.12.6.хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хурлын товыг мэдэгдэн, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг хүргүүлэх.

Гурав.Бусад зүйл

3.1.Оюуны өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5 дахь заалтад заасны дагуу зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын хэмжээг оюуны өмчийн байгууллагын дарга тогтооно.

3.2.Зөвлөл нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулна.

3.3.Зөвлөлөөс гаргасан тогтоол, зөвлөмжийг зохиогчийн эрхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох байгууллагууд болон зохиогчийн эрхийн бүтээл ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй.

--оОо—