A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

                                                                                                               Монгол улсын шүүхийн тухай хуулийн
                                                                                                                    36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх
                                                                                                                          хэсгийг тайлбарлах тухай

Хэвлэх

      Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

      Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т "шүүхийн шийдвэр, практикт үндэслэн" хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлага дараах шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

      2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Ерөнхий шүүгчийг томилох тухай" 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ.

      Үүнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчээс " ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд Ерөнхий шүүгчид гурван шүүгч өрсөлдөж, холбогдох мөрийн хөтөлбөр, танилцуулгаа танилцуулж, нууц санал хураалтыг явуулж хэн аль нь олонхын санал аваагүй тул тус шүүхийн шүүгч ...-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9-д заасныг үндэслэн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр томилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа хийж, холбогдох эрхийн актууд болон шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг хууль болон журмын дагуу албажуулсан байна. Гэтэл уг тогтоолыг "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх заалтуудыг буруугаар тайлбарлан хэрэглэж, Шүүгчдийн зөвлөгөөний дэгээр Ерөнхий шүүгч сонгох журмыг бүрэн гүйцэд зохицуулаагүйгээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид 3 нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал аваагүйтэй холбогдуулан хамгийн олон жил ажилласан шүүгчийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон тогтоолыг хуульд нийцээгүй" гэсэн үндэслэлээр хүчингүй болголоо.

      ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно", 36.9-д "Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно" гэж заасныг тайлбарлаж өгнө үү" гэх агуулгатай хүсэлтийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд тус тус хаяглан ирүүлсэн байна.

      2.2. Захиргааны хэргийн танхимын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор, шүүхийн практикийг судлуулах захиалгыг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээс ШССМХ-нд өгсний дагуу тус хүрээлэнгээс шүүхийн практикт судалгаа хийж, тайланг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн танхимд ирүүлжээ.[1]

      Судалгааны тайлангаас үзэхэд, шинэ зохицуулалтын дагуу эрүүгийн хэргийн 43 шүүхийн 39 нь Ерөнхий шүүгчээ сонгож, 3 нь томилж, 1 шүүхэд Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж[2] байна. Иргэний хэргийн 44 шүүхийн 43 нь сонгож, 1 шүүхэд Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж[3] байна. Харин захиргааны хэргийн 22 шүүхийн 18 нь Ерөнхий шүүгчээ сонгож, 4 нь томилжээ. Гэсэн хэдий ч захиргааны хэргийн 1 шүүхэд[4] өнөөдрийн байдлаар Ерөнхий шүүгч болон Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч байхгүй байна.

      "Ерөнхий шүүгчийг Шүүгчдийн зөвлөгөөнөөс шууд сонгох, томилох" талаарх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэлэг зохицуулалтыг шүүхүүд өөр өөрөөр, зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь дараах байдлаар тогтоогдов.

      а/ Нийслэлийн болон орон нутгийн Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдэд Ерөнхий шүүгчийг сонгох талаарх Шүүгчдийн зөвлөгөөний тусгайлсан дэг байхгүй, Ерөнхий шүүгчийг сонгосон Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолуудын дийлэнх хувьд буюу нийт 34 тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийг, 4 тогтоолд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг, 2 тогтоолд хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалтыг, 3 тогтоолд хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсгийг тус тус баримталжээ.

      б/ Судалгаанд материалаа ирүүлсэн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны нийт 44 шүүхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан арга, журмаар Ерөнхий шүүгчийг сонгох үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх бөгөөд "Ерөнхий шүүгчийг сонгох, томилох" асуудлыг хэлэлцэх Шүүгчдийн зөвлөгөөний тусгайлсан дэг тогтоосон тохиолдол 1 шүүхэд, Ерөнхий шүүгчээ сонгож, томилж чадаагүй тохиолдол 1 шүүхэд тус тус байна.

      в/ Захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүхэд Шүүгчдийн зөвлөгөөний дэггүй 15, дэгтэй 7 шүүх байгаагаас Ерөнхий шүүгчийг сонгох, томилох талаар асуудлыг Зөвлөгөөний дэгээр зохицуулсан 5 шүүх байна.

      2.3. Шүүгчдийн зөвлөгөөний "Ерөнхий шүүгчийг сонгох тухай" тогтоолоор Ерөнхий шүүгчээ "сонгосон" 18 шүүх байгаагаас 13 нь " ... хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д заасныг удирдлага болгон", 4 шүүх нь " ... хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 19.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон" Ерөнхий шүүгчийг сонгосон байна.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт зааснаар хамгийн олон жил ажилласан шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилсон нийт 9 шүүх: тодруулбал, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх[5], Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх[6], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байна.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсэгт заасан Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болон томилох зохицуулалтыг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа бөгөөд энэ нь Ерөнхий шүүгчийг сонгох Шүүгчдийн зөвлөгөөний эрх хэмжээг тодорхойгүй болгож, зарим шүүхэд Ерөнхий шүүгчээ сонгож, томилж чадахгүйд хүрсэн тохиолдол гарчээ.

      Жишээ нь, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох, томилохтой холбоотой үүсээд буй бэрхшээлтэй нөхцөл байдлыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Судалгааны эх сурвалж хүргүүлэх тухай" албан бичгээр уламжилсан байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул тус шүүхэд хамгийн олон жил ажилласан шүүгч Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд тус шүүхэд 2 шүүгч ажилладаг. Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээс Ерөнхий шүүгчийг сонгох асуудлаар Шүүгчдийн зөвлөгөөнийг 2 удаа зарлан хуралдуулсан боловч нөгөө шүүгч нь уг асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, зөвлөгөөнийг орхин гарснаар өнөөг хүртэл Ерөнхий шүүгчээ сонгож, томилж чадаагүй байна.

Тус шүүхээс:

- "Ерөнхий шүүгчийг сонгох эсхүл томилох" асуудлыг хэлэлцэж буй Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч оролцохоос татгалзах, нууц санал хураалтад оролцохоос татгалзах эрхтэй эсэхийг тодорхой болгох, Шүүгчдийн зөвлөгөөнийг орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцож, Ерөнхий шүүгчийг томилсон тогтоолд гарын үсэг зурах үүрэгтэй байх зохицуулалтыг "Шүүгчдийн зөвлөгөөний дэг"-ээр журамлах;

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг томилох тохиолдолд тухайн шүүгч Ерөнхий шүүгчээр ажиллахаас татгалзсан бол хэрхэх талаар хуульчлах;

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаагаас өөр танхимын тэргүүн, эсхүл шүүгчийг Ерөнхий шүүгч өөрөө сонгон захирамж гарган томилж болох эсэхийг тодруулахыг хүссэн саналыг ШССМХ-нд ирүүлсэн байна.

      2.4. Ерөнхий шүүгчийг сонгохтой холбоотой Шүүгчдийн зөвлөгөөний дэгийг судалж үзэхэд, Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүгчдийн зөвлөгөөний дэг ирүүлсэн 11 шүүх, дэг байхгүй буюу ирүүлээгүй 32 шүүх байна.[7]

      Дээрх 11 Шүүгчдийн зөвлөгөөний дэгээс Ерөнхий шүүгчийг сонгох талаар 4 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгт зохицуулжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгт Ерөнхий шүүгчийг сонгох санал хураалт явуулах аргыг "анхан" болон "нэмэлт" санал хураалт гэсэн хэлбэрээр явуулах бөгөөд "Анхны санал хураалт" гэж Зөвлөгөөнд шүүгч нарын дийлэнх олонх оролцож явуулсан санал хураалтаар нэр дэвшигч нарын хэн нэг нь олонхын санал авсан байхыг, "Нэмэлт санал хураалт" гэж анхны санал хураалтаар 2-оос дээш нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дээр санал явуулахыг хэлнэ гэж заажээ.

      Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгт Ерөнхий шүүгчийг сонгохдоо "Эхний санал хураалтаар аль ч нэр дэвшигч зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын санал авч чадаагүй тохиолдолд тухайн нэр дэвшигч нарын дунд дахин 1 удаа санал хураалт явуулна" гэж заасан байна. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дэгт Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шууд тусгасан байна.

      Иргэний хэргийн нийслэлийн дүүргийн болон орон нутгийн (анхан болон давж заалдах шатны) нийт 44 шүүхээс "Ерөнхий шүүгчийг сонгох, томилох" асуудлаар тусгай дэгтэй шүүх 1 байна.

      Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ЗТ2021/00214 дугаартай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор "Ерөнхий шүүгчийг сонгох, санал хураалт явуулах Шүүгчдийн зөвлөгөөний дэг"-ийг баталсан байна. Тус дэгийн 2 дугаар зүйлийн 2.7.2 дахь хэсэгт "Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхын санал /50+1/ аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг сонгон дахин санал хураалт явуулна" гэж заасан, харин дахин санал тэнцвэл хэрхэх талаар уг дэгд тусгаагүй байна.

      Судалгаанд эх сурвалж ирүүлсэн захиргааны хэргийн 22 шүүхээс нийт 7 шүүх нь Шүүгчдийн зөвлөгөөний дэгтэй, үүнээс 5 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд "Ерөнхий шүүгчийг сонгох, томилох дэг"-ийг нарийвчлан зохицуулжээ. Ерөнхий шүүгчийг сонгох, томилох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөний дэгт тусгаагүй 2 шүүх буюу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд "Энэ дэг нь Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэх Шүүгчдийн зөвлөгөөнд хамаарахгүй" гэж тусгайлан заасан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгт энэ талаар аливаа зүйл тусгаагүй байна.

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгийн 4 дүгээр зүйлийн 4.3, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгийн 2 дугаар зүйлийн 2.7-д тус тус зааснаар нэр дэвшигчдээс аль нь ч олонхын санал авч чадаагүй тохиолдолд санал хураалтыг 2 үе шаттайгаар явуулахаар заажээ.

      2.5. Шүүхийн практикаас үзэхэд, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, нэр дэвшигч нараас хэн нь ч олонхын санал авч чадаагүй тохиолдолд хэрхэх талаар болон, ямар тохиолдолд Ерөнхий шүүгчийг томилох үндэслэл үүсэх, хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгчийг томилох тохиолдолд шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгч Ерөнхий шүүгчээр томилогдох хүсэлгүй бол хэрхэх, Ерөнхий шүүгчээр сонгосон, томилсон зөвлөгөөний тогтоолыг хугацаанаас өмнө өөрчлөх, хүчингүй болгох эсэх зэрэг асуудлаар эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй байна.

      Эдгээрээс үзэхэд, Ерөнхий шүүгчийг "сонгох" болон "томилох" үндэслэл үүсэх болон урьдач нөхцөл, түүний эрх зүйн үр дагаврыг хуулийн зохицуулалтын уялдаа холбоог хангах зорилгоор, хууль тогтоогчийн үндсэн үзэл баримтлал, суурь шаардлагад нийцүүлэн, нэг мөр тайлбарлан хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдаж, хуулийн 36.8-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно" гэсний "Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар", "олонхын саналаар сонгох" гэснийг, 36.9-д "энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно" гэсний "сонгоогүй бол", "томилно", хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийн "гурван жилийн хугацаагаар" гэх хууль зүйн агуулгыг тус тус тайлбарлах шаардлага үүссэн гэж үзлээ.

      Гурав. Тайлбарын цар хүрээ

      Тайлбарын цар хүрээ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийн дараах зүйл, заалтуудаар хязгаарлагдана.

3.1. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д заасан "сонгох";

3.2. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.9-д заасан "сонгоогүй бол", "томилно";

3.3. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийн "гурван жилийн хугацаагаар";

      Дөрөв. Тайлбарын арга зүй

      Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural), ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.

      Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн Хууль зүйн байнгын хорооны тэмдэглэл[8] болон эцсийн хэлэлцүүлгийн УИХ-ын намрын ээлжит чуулганы тэмдэглэл[9]-ийг үзвэл, (одоогийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх хэсэг) "Ерөнхий шүүгчид нэр дэвшээгүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно" гэсэн томьёоллоор төсөлд тусгасан байсан бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр "Ерөнхий шүүгчид нэр дэвшээгүй" гэснийг "Ерөнхий шүүгчийг сонгоогүй" гэж өөрчлөн 82.5 хувийн саналаар[10] дэмжжээ.

      Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх заалттай холбоотойгоор "... ахмад шүүгч нь татгалзах юм бол Ерөнхий шүүгчээ сонгож чадахгүй байдалд хүрэх гээд байна шүү дээ. Ажлын хэсэг хуулийн төслийг хоёр дахь хувилбараар гарсан юм байна. Гурав дахь хувилбарыг нь одоо бас энэ дээрээ зарчмын зөрүүтэй саналаар юм уу оруулаад ирэх юм бол Ерөнхий шүүгчээ сонгох энэ асуудал чинь зохицуулалтын хувьд тодорхой болох нь" гэсэн санал гарч байсан боловч уг саналтай холбоотойгоор цаашид хэлэлцүүлэг өрнөөгүй, төсөлд аливаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

      Ийнхүү, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно", 36.9-д "Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно" хэмээн тус тус хуульчлагджээ.

      Албан тушаалтан (Ерөнхий шүүгч)-ыг сонгох (election) хууль зүйн ойлголтын агуулга нь санал өгөх эрх бүхий олон этгээдүүдээс тухайн албан тушаалд хэнийг ажиллуулах талаар тус бүрдээ өөрийн саналаа өгөх (vote to choose) үйл ажиллагаа[11] бөгөөд, үүний үр дүнд, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан (олонхын санал) этгээдийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх, эсхүл шууд томилохоор шийдвэрлэх үйл явц юм.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд заасны дагуу Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн", Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын Их Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн", Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн" гэж тус тус заасан байна.

      Төрийн бусад институтүүдэд сонгуулийн үндсэн дээр албан тушаалтан, "төлөөлөгч"-ийг тодруулах ерөнхий зохицуулалтуудын төсөөтэй агуулгаар болон хэм хэмжээний системчлэл, логик утгаар нь авч үзвэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тодруулах үндсэн аргыг "олонхын саналаар сонгох" гэж тодорхойлсон, харин уг аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд шүүгчээр хамгийн олон жил ажилласан нэгнийг "томилох" аргыг хэрэглэхээр зохицуулсан гэж үзэхээр байна.

      5.2. Аливаа "сонгууль"-ийн үйл ажиллагаа нь сонгох эрх бүхий сонгогч, сонгогдох эрх бүхий нэр дэвшигчийн оролцоотой явагдах бөгөөд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.1.9. Ерөнхий шүүгч ... -д нэрээ дэвшүүлэх ... ", 19 дүгээр зүйлийн 19.1-д "Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн ажиллана", 19.2-т "/Шүүгчдийн/ зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: 19.2.4. тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох" гэж тус тус зааснаас үзэхэд, Ерөнхий шүүгчийг сонгох үйл ажиллагааны хувьд "сонгогч" нь тухайн шүүхийн бүх шүүгч, "сонгогдогч" нь Ерөнхий шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлсэн шүүгч байна.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д "Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана" гэж заасан тул шүүгч нь нэг талаас Ерөнхий шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй, нөгөө талаас Ерөнхий шүүгчийг сонгох үйл ажиллагаанд оролцож, нэр дэвшигчийг дэмжсэн эсхүл татгалзсан талаарх саналаа өгөх үүрэгтэй гэж үзнэ, энэ агуулгаар шүүгч нь Ерөнхий шүүгчийг сонгох Шүүгчдийн зөвлөгөөний хуралдаанд оролцохоос татгалзах, Ерөнхий шүүгчийг сонгох Зөвлөгөөнд оролцсон шүүгч санал хураалтад санал өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй гэж ойлгохоор тайлбарлалаа.

      Өөрөөр хэлбэл, "нэр дэвшигчийг дэмжсэн эсхүл татгалзсан талаарх саналаа өгөх үүрэг"-ийн агуулга нь Ерөнхий шүүгчийг сонгох үйл ажиллагаанд оролцож буй шүүгч нь нэр дэвшсэн нэг нэр дэвшигчийг дэмжих эсхүл дэмжихгүй санал өгөх, хэд хэдэн нэр дэвшигчийн аль нэгийг дэмжсэн санал өгөх, эсхүл алийг нь ч дэмжихгүй санал өгөх эрхтэй, харин санал өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй гэж ойлгоно.

      Ерөнхий шүүгчийг (нэг орон тоо) сонгох сонгуулийн санал хураалтад нэг саналын хуудсанд нэгээс илүү тооны нэр дэвшигчийг "дэмжсэн" тэмдэглэгээ хийсэн нь тухайн саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болно.

      Шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр шууд сонгогдсонд тооцож, Зөвлөгөөн тогтоол гаргана.

      5.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын нийтлэг зохицуулалтуудаас үзэхэд, сонгуулийн эцсийн үр дүн нь нэр дэвшигч нарын хэн нэг нь тухайн албан тушаалд "сонгогдсон байх"[12]-ыг хуульчилсан бөгөөд, эхний санал хураалтаар нэр дэвшигч нарын хэн ч сонгогчдын олонхын санал аваагүй тохиолдолд "хоёр дахь санал хураалт", "нэмэлт санал хураалт", "дахин сонгууль" явуулахаар зохицуулжээ.[13]

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т "/Шүүгчдийн зөвлөгөөн/ тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох /асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх/"-ээр, 19.7-д "Зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох"-оор, 19.8-д "Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргах"-аар тус тус заасан байна.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгчийг сонгох сонгуулийн процессыг нэг бүрчлэн нарийвчлан журамлаагүй, харин Шүүгчдийн зөвлөгөөн нь уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх "дэгийг өөрөө тогтоох"-оор заасан байх тул шүүгч /хэд хэдэн шүүгч/ Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлсэн бөгөөд Шүүгчдийн зөвлөгөөн Ерөнхий шүүгчийг сонгох сонгууль явуулсан бүх тохиолдолд нэр дэвшигчдийн хэн нэгийг олонхын саналаар сонгосон байх шаардлагатай, харин нэр дэвшигч нарын хэн нь ч Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын санал аваагүй тохиолдолд "хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулан хоёр дахь санал хураалт явуулах" эсхүл "дахин сонгууль явуулах" эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөн дэгээрээ тогтоох боломжтой гэж үзэв.

      Дээр дурдсан сонгуулийн хууль тогтоомжийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хоёр дахь /нэмэлт/ санал хураалтад шинээр нэр дэвшигч нэмж оруулахгүй, харин дахин сонгууль явуулах тохиолдолд нэр дэвших үйл ажиллагааг шинээр эхлүүлнэ гэж тайлбарлах нь зүйтэй.

      Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэг эсхүл хэд хэдэн шүүгч нэрээ дэвшүүлсэн буюу "нэр дэвшигч байгаа" бүх тохиолдолд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д заасан "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох" зохицуулалт хэрэглэгдэнэ.

      5.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9-д "Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно" гэж заасан тул Ерөнхий шүүгчийг "сонгох", "томилох" аргыг нэг дор зэрэгцүүлж хэрэглэхгүй, үндсэн арга буюу "сонгох" аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл үүссэн тохиолдолд "томилох" аргыг хэрэглэхээр тайлбарлалаа.

      Ерөнхий шүүгчийг тодруулахад "сонгох" аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл байдал нь объектив шалгуураар тодорхойлогдох ёстой тул сонгууль явуулах үндсэн нөхцөл болох сонгох эрх бүхий сонгогч эсхүл нэр дэвшигч байхгүй тохиолдлыг "сонгох аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл байдал" гэж үзэв. Жишээ нь, тухайн шүүхийн шүүгч нараас хэн ч Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшээгүй бол "сонгох аргыг хэрэглэх боломжгүй" болсон гэж үзнэ.

      Ерөнхий шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлсэн шүүгчийн тоо нь тухайн шүүхийн нийт шүүгчийн тоотой тэнцүү байгаа тохиолдлын улмаас хэн аль нь Шүүгчдийн зөвлөгөөнөөр олонхын санал авах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг "сонгох аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл байдал" гэж тодорхойлов. Тухайлбал, 1 шүүгч ажиллаж байгаа /орон нутгийн зарим шүүхэд/ шүүхэд Ерөнхий шүүгчийг "сонгох" аргаар тодруулах боломжгүй, 2 шүүгч ажиллаж байгаа тохиолдолд уг 2 шүүгч нь Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлсэн бөгөөд хэн нь ч олонхын санал авах боломжгүй тохиолдол үүссэнийг мөн "сонгох аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл байдал" гэж үзэхээр байна.

      5.5. Ерөнхий шүүгчийг "сонгох", "томилох" зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар "гурван жилийн хугацаагаар" гэж заасан нь Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр Ерөнхий шүүгчийн албан тушаалаас хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

      Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийн "гурван жилийн хугацаагаар" Ерөнхий шүүгчээр сонгосон, томилсон зөвлөгөөний тогтоолыг дараах тохиолдолд хугацаанаас өмнө хүчингүй болгохоор тайлбарлав.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол хүсэлтээ Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнд гаргах бөгөөд Зөвлөгөөн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна" гэх зохицуулалтын агуулгыг бусад шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тохиолдолд адилтган хэрэглэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол хүсэлтээ Зөвлөгөөнд гаргах бөгөөд Зөвлөгөөн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхээр тодрууллаа.

      Түүнчлэн, гурван жилийн хугацаагаар Ерөнхий шүүгчийн албан тушаалд сонгогдсон эсхүл томилогдсон шүүгч хугацаанаасаа өмнө Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх тохиолдлуудыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар тусгайлан тогтоосон хэм хэмжээний агуулгад нийцүүлэн тайлбарлах боломжтой гэж үзэв.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан "шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох" үндэслэл үүсэж, хуульд заасан журмын дагуу шүүгчийн бүрэн эрх дуусгавар болсон бол Ерөнхий шүүгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох нь тодорхой байна.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т "Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна" гэж заасан, Сахилгын хороо шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн шүүгч Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болох тул энэ тохиолдолд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх асуудлыг тухайн Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

      Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Ерөнхий шүүгчийн албаны бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа уг албаны чиг үүрэгтэй холбоотойгоор сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож, сахилгын шийтгэл хүлээлгэсэн Сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэл болно.

      Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй", 50 дугаар зүйлийн 50.1.7-д "шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх ... /-ийг хориглох/"-оор тус тус заасан, Ерөнхий шүүгч уг зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож сахилгын шийтгэл хүлээсэн нь сонгогдсон, эсхүл томилогдсон хугацаанаасаа өмнө түүний Ерөнхий шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болох юм.

      Ерөнхий шүүгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөн өөрийн дэгд заасан журмын дагуу Ерөнхий шүүгчийг сонгох процессыг эхлүүлнэ.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар

ТАЙЛБАРЛАХ нь:

      1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийн:

      "сонгох" гэж Улсын дээд шүүхээс бусад тухайн шүүхийн нэг, эсхүл хэд хэдэн шүүгч Ерөнхий шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд тухайн шүүхийн нийт шүүгчийн тоо нь нэр дэвшсэн шүүгчийн тооноос илүү тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөн /хуралдаан/-өөр нэр дэвшигчийг "дэмжинэ", "дэмжихгүй" томьёоллоор, нууц санал хураалт явуулж, Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэхийг ойлгоно.

      Тухайн шүүхийн шүүгч нь уг шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд шүүгч нь Ерөнхий шүүгчийг сонгох асуудлаар Шүүгчдийн зөвлөгөөнд оролцохоос, мөн санал өгөхөөс тус тус татгалзах, түдгэлзэх эрхгүй.

      Хэд хэдэн шүүгч нэр дэвшсэн тохиолдолд санал өгч буй шүүгч нь нэр дэвшсэн шүүгчдийн аль алиныг нь "дэмжихгүй" санал өгөх эрхтэй, энэ нь санал өгөхөөс татгалзсан агуулгад хамаарахгүй. Түүнчлэн, саналын хуудаст "дэмжинэ", "дэмжихгүй" тэмдэглэгээний алийг нь ч тэмдэглээгүй (цагаан хуудас) тохиолдлыг санал өгөхөөс татгалзсан агуулгад хамааруулахгүй, нэр дэвшигчийн алийг нь ч дэмжээгүй гэж үзэж, "дэмжихгүй" саналаар тоолно.

      Ерөнхий шүүгчийг (нэг орон тоо) сонгох сонгуулийн санал хураалтад нэг саналын хуудаст нэгээс илүү тооны нэр дэвшигчийг "дэмжсэн" тэмдэглэгээ хийсэн нь тухайн саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болно.

      Нэг эсхүл хэд хэдэн шүүгч Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлсэн бөгөөд хэн нь ч Шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын санал аваагүй тохиолдолд "хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулан хоёр дахь санал хураалт явуулах" эсхүл "дахин сонгууль явуулах" эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөн дэгээрээ тогтооно.

      Хоёр дахь /нэмэлт/ санал хураалтад шинээр нэр дэвшигч нэмж оруулахгүй, нөхөж нэр дэвшүүлэхгүй, харин дахин сонгууль явуулах тохиолдолд нэр дэвших үйл ажиллагааг шинээр эхлүүлнэ.

      2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9 дэх заалтын:

      "сонгоогүй бол" гэдгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д заасан Ерөнхий шүүгчийг "сонгох" аргыг хэрэглэх боломжгүй бодит нөхцөл үүссэн дараах тохиолдлыг ойлгоно.

- нэр дэвшигч байхгүй;

- нэрээ дэвшүүлсэн шүүгчийн тоо нь тухайн шүүхийн нийт шүүгчийн тоотой тэнцүү;

      "томилох" гэж нэр дэвшигч байхгүй, нэрээ дэвшүүлсэн шүүгчийн тоо нь тухайн шүүхийн нийт шүүгчийн тоотой тэнцүү байгаагийн улмаас Ерөнхий шүүгчийг сонгох боломжгүй болсон /сонгоогүй/ тохиолдолд шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилохыг ойлгоно.

      3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх заалтын "гурван жилийн хугацаагаар" гэдгийг Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр Ерөнхий шүүгчийн албан тушаалаас хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх болон дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлөх боломжтой гэж ойлгоно.

      - Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн;

      - Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэгтэй холбоотой сахилгын зөрчилд шийтгэл оногдуулсан Сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон;

      - Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол хүсэлтээ Шүүгчдийн зөвлөгөөнд гаргана.

      Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг дээр дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөн өөрийн дэгд заасан журмын дагуу Ерөнхий шүүгчийг сонгох үйл ажиллагааг эхлүүлнэ.

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
    ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА

[1] Судалгааны тайланг хавсаргав.

[2] Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

[3] Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

[4] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

[5] Томилсон ЕШ нь өндөр насны тэтгэвэрт гарснаар Шүүгчдийн зөвлөгөөнөөр ЕШ-ийг сонгох асуудлыг хэлэлцэж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 222/ЗТ2021/00004 дүгээр тогтоолоор ЕШ-ийг сонгосон байна.

[6] Томилсон ЕШ нь өндөр насны тэтгэвэрт гарснаар Шүүгчдийн зөвлөгөөнөөр ЕШ-ийг сонгох асуудлыг хэлэлцэж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1283 дугаар тогтоолоор ЕШ-ийг сонгосон байна.

[7] ШССМХ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/32 тоот судалгааны эх сурвалж хүссэн албан бичгийн хариуд тухайн шүүх тусгайлан дэггүй гэж дурдсан болон дэг ирүүлээгүй тоог нэгтгэв.

[8] Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 189-190 дэх талд, https://www.parliament.mn/nn/13622/ [Сүүлд үзсэн: 2023.01.31].

[9] МУШтХ-ийн эцсийн хэлэлцүүлгийн УИХ-ын намын ээлжит чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, https://www.parliament.mn/nn/13580/ [Сүүлд үзсэн: 2023.02.02].

[10] Холбогдох тэмдэглэлийг хавсралт 4-өөс үзнэ үү.

[11] https://www.law.cornell.edu/wex/elections

[12]Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.2-т "Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг ... гаргана", Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.2-т "Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно", Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73.2-т "Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно".

[13] Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4.2.3, 4.5.1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.2, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.9.1.