A

A

A

Бүлэг: 1979

 

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

  сарын 26-ны өдрийн 364 дүгээр

        тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САН БҮРДҮҮЛЭХ,

САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан (цаашид "Сан" гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихад энэ журмыг баримтална.

 

1.2.Сан нь үйл ажиллагаандаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм болон энэ журмыг баримтална.

 

1.3.Сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой энэ журмаар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

 

1.4.Сан нь үйл ажиллагаандаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтлан ажиллана.

 

Хоёр.Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт

 

2.1.Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.1-д  заасан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

2.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

 

2.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

 

2.1.3.бусад эх үүсвэр.

 

2.2.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.2-т заасан дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

2.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

 

2.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

 

2.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

 

2.3.Сангийн тухайн жилд батлагдсан хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг дараах байдлаар төлөвлөж, санхүүжүүлнэ:

 

2.3.1.энэ журмын 2.2.1-д заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд сангийн нийт хөрөнгийн арван таван хувь (15%)-ийг;

 

2.3.2.энэ журмын 2.2.2-т заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн тавин хувь (50%)-ийг;

 

2.3.3.энэ журмын 2.2.2, 2.2.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх хүрээтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн арван хувь (10%)-ийг, орон нутагт (аймаг) үйлчилгээ эрхлэх хүрээтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн хорин таван хувь (25%)-ийг.

 

Гурав.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл,

арга хэмжээг сонгон шалгаруулах,

санхүүжүүлэх

 

3.1.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ (цаашид "төсөл, арга хэмжээ" гэх)-ний сонгон шалгаруулалтыг жил бүрийн I улиралд багтаан зохион байгуулна. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

3.2.Төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулах тухай зарыг санал хүлээн авахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

3.3.Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн төсөл, арга хэмжээний санал нь дараах мэдээллийг агуулсан байна:      

 

3.3.1.төрөөс өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, журамд нийцсэн эсэх; 

    

3.3.2.төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг үзүүлсэн мэдээлэл;   

  

3.3.3.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагын талаарх мэдээлэл;      

 

3.3.4.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол;      

 

3.3.5.өмнө нь сангаас санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх тайлан мэдээ;

 

3.3.6.харааны, сонсголын, оюуны зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байх.

 

3.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулна. Бүрэлдэхүүнд Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрмийн 4.1-д заасан орон тооны бус Хяналтын зөвлөлийн гишүүн оролцуулахыг хориглоно. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

3.5.Ажлын хэсэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын стратеги төлөвлөгөөний зорилго, орон тооны бус Хяналтын зөвлөлөөс ирүүлсэн санал, зөвлөмж, энэ журмын 2.3-т заасан хуваарилалтад нийцүүлэн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авах удирдамж, ажлын даалгаврыг боловсруулна. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

3.6.Ажлын хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг хүлээн авч дуусахаар тогтоосон хугацаанаас хойш 30 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

3.7.Ажлын хэсгийн хурлыг гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалтын санал, дүгнэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

3.8.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.7 заасан санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.1-д нийцүүлэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргана. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

3.4.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.

 

3.5.Энэ журмын 3.8-д заасан шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээдтэй харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх олгосон удирдах албан тушаалтан гэрээ байгуулах бөгөөд гэрээний нөхцөлийг Иргэний хуульд заасныг баримтлан тохиролцоно. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

3.6.Сангаас олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй, зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.

 

3.7.Сангаас төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхдээ Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Бүх нийтийн үүргийн сан зэрэг ижил төстэй зориулалт бүхий сангуудын үйл ажиллагаатай давхардуулан санхүүжилт олгохгүй.

 

3.8.Радио, телевиз нь олон сувагтай бол тухайн жилд нэг сувагт, тухайн радио, телевизээс хэд хэдэн нэвтрүүлэг, бүтээлийн санал ирүүлсэн бол нэг нэвтрүүлэг, бүтээлд дэмжлэг үзүүлнэ.

 

3.9.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон түүний хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд энэ журмын 3.1-д заасан сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн бол тэдгээрээс зөвхөн 1 этгээдэд тухайн жил дэмжлэг үзүүлнэ.

 

 

Дөрөв.Гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

 

4.1.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан журмын дагуу тайлагнана. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

4.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон тооны бус Хяналтын зөвлөл гүйцэтгэлийн тайланд хяналт тавина.

 

4.3.Сангийн зарцуулалтын тайлан, сангийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

4.4.Төсөл, арга хэмжээ тус бүрд зарцуулсан санхүүжилтийн хэмжээ, хүрсэн үр дүн, гүйцэтгэлийн хувь, үлдэгдэл санхүүжилт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, төсөл, арга хэмжээний зорилго, эхлүүлэх, дуусгах хугацаа, төслийн зорилго хангагдаж байгаа байдал зэргийг тайлагнана.

 

4.5.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хяналт шалгалтыг төслийн үе шат бүрд хийж, үр дүнгийн тайланг хагас жил тутам орон тооны бус Хяналтын зөвлөлд танилцуулна. 

 

4.6.Төрийн аудитын байгууллага сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

 

4.7.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын тухайн жилийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. (Засгийн газрын 2024 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

Тав.Бусад

 

5.1.Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---o0o---