- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 3 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 06 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 3-Р БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Эрүүгийн хуулийн "Өмчийн эсрэг гэмт хэрэг" гэсэн гуравдугаар бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.
НЭГ. 123 дугаар зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 123-р зүйлд зааснаар "Бусдын эд хөрөнгийг хулгайлж ашиглан шамшигдуулах" нь эд хөрөнгийг бусдын эзэмшлээс нууц далд аргаар, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах үйлдлээр илэрнэ.
2.Хулгайн гэмт хэргийн субъект нь 14 насанд хүрсэн эрх зүйн чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах ямар нэг эрхгүй этгээд байна.
Эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй боловч тухайн эд хөрөнгөтэй ямар нэг байдлаар харьцах боломж бүхий этгээд энэ хэргийн субъект байж болно.Ямар нэг байдлаар эзэмшигчийн хяналтаас илэрхий гарсан эд хөрөнгийг авч ашиглавал тухайн үйлдлийг хулгайн гэмт хэргээр биш Эрүүгийн хуулийн 138-р зүйлээр зүйлчилнэ.
3.Хулгайн гэмт хэрэг шууд санаатай үйлдэгдэх бөгөөд уул хэргийн субъектив талын нэг гол шинж нь гэм буруутай этгээд өөрийн үйлдлийг хэн ч мэдээгүй хэмээн ойлгодогт оршино.
Бага буюу өндөр настай, ухаан мэдрэл бүрэн бус, хүнд өвчтэй, согтуу унтаж байсан, тахир дутуу /сохор, дүлий / зэргээс шалтгаалан болж байгаа үйл явдлын шинж чанарыг мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулсан, тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэж үзвэл зохино.
4.Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд авсан зүйлээ өөрийн дураар эзэмших буюу захиран зарцуулах боломж бүрдсэн үеэр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
5."Нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж" гэдэгт гал түймэр, усны үер, газар хөдлөлт, хүчтэй шуурга, цас, бороо зэрэг байгалийн гамшиг тохиолдсон, тахал болон гоц халдварт бусад өвчин дэлгэрсэн, хүчтэй дэлбэрэлт /үйлдвэрийн болон зэвсгийн/,аваар осол болсон зэрэг нөхцөл байдлын улмаас нийтийн анхаарал сарнисныг далимдуулсныг ойлгох нь зүйтэй.
6."Машин механизм ашиглаж" гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хийх үедээ хөнгөвчлөх,түргэтгэх,эд хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах, хамгаалалт бэхэлгээг эвдлэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөнд хүрэх зэрэгт машин механизм ашиглахыг хориглоно.
Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нэгэнт төгссөний дараа түүнийг зөөх, хэргийн газраас зайлуулах зэрэгт бүх төрлийн өөрөө явагч машин механизм ашигласныг машин механизм ашиглан хулгайлсан гэж үзэхгүй.
7."Машин механизм" гэдэгт бүх төрлийн өөрөө явагч машин техник, өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай механизмууд хамаарна. Харин хулгай хийх үед түлхүүр тааруулах,цуурга сугалах, цонх, хаалга, түгжээг эвдэх зэрэг биеийн хүч нэмэгдүүлэхэд ашигласан багажийг машин механизмд хамааруулахгүй.
8.Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм нь буруутай этгээдийн өмчлөлд байсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан бол тэдгээрийг хэрхэхийг ЭБШ хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
9."Орон байр" гэдэгт иргэд байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн байшин, майхан, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, дотуур байрны өрөө тасалгаа, зуслангийн байр зэргийг ойлгоно. Орон байр нь хөдөлгөөнтэй түүнчлэн зуслангийн түр шинжтэй байж болно. /треллер,купе/
10."Агуулах сав" гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалдаг байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, түц, авто-мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, түүнчлэн албан тасалгаа, үйлдвэрлэлийн байр зэргийг хамааруулан ойлгоно.
Агуулах сав нь эд хөрөнгө хадгалах зориулалттай зохих хаалт хашилт бэхэлгээтэй байна.
11."Хууль бусаар нэвтрэх" гэдэг нь тухайн орон байр, агуулах саванд янз бүрийн аргаар хүмүүсийг хуурч мэхлэх, түлхүүр тааруулах, багаж ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдлэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэргээр нэвтрэн орохыг аль алиныг ойлгох нь зүйтэй. Мөн тухайн орон байр, агуулах саванд тодорхой цагт байх эрхтэй хүн үүнээс өөр цаг үед зөвшөөрөлгүй орсон байвал /цех,лаборатори г.м / хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
12.Малыг бусдад алдагдахаас хамгаалж зориулалтын цоож,бэхэлгээ хийсэн хашаа, байр савыг "агуулах сав" гэдэгт хамааруулан ойлгоно.Харин зөвхөн малын өөрийнх нь хөл хөдөлгөөнийг хорих, малыг салхи, жавар, бороо, цаснаас нөмөрлөх зориулалттай хашаа, хороо, саравчийг дээр дурдсан "агуулах сав" гэдэг ойлголтонд хамааруулахгүй.
13."Зохион байгуулалттай бүлэг этгээд" гэж тус бүрдээ өөр өөрийн гүйцэтгэх үүргээ хуваарилсан, үйлдэх гэмт хэргээ төлөвлөсөн тодорхой нэг зорилготой хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ.
ХОЁР. 124 дүгээр зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан "Эд хөрөнгийг булааж ашиглан шамшигдуулах" гэдэгт гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг түүнийг эзэмшиж, харж хамгаалж байгаа этгээдийг мэдсээр, харсаар байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, шунахай зорилгоор авч байгаа хууль бус үйлдлийг хэлнэ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгийг эзэмшиж,харж хамгаалж байгаа буюу бусад хүмүүс үйлдлийнх нь шинж чанарыг ойлгосоор байхад илээр авдгаар хулгайн гэмт хэргээс ялгагдана.
2."Бусдын амь бие,эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж" гэдэг нь хохирогчийн буюу бусад хүмүүсийн амь бие, эрүүл мэндэд аюул учруулаагүй үйлдэл байна. Энэ нь түлхэх, хүлэх, байранд нь оруулж түгжих, амыг нь боох зэрэг үйлдлээр илэрч болно. Булаах үйлдлийн үед хэрэглэсэн хүчний улмаас улайх, зулгарах зэрэг түргэн эдгэрэх хөнгөн гэмтэл учирсан байж болно. Эд хөрөнгө авахын тулд хүч хэрэглэснээс үүссэн гэмтэл нь шинж чанар, зэргийн хувьд үүнээс хэтэрч эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадварыг бага боловч алдагдуулахад хүргэсэн бол дээрмийн гэмт хэргийн шинжтэй болно.
3."Хүч хэрэглэх" ойлголтод дээр дурьдсан амь бие эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэхээс гадна сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулан эд хөрөнгийг авах явдал мөн адил хамаарна.
4."Урьдчилан тохиролцсон бүлэг этгээд" гэдэгт бүлэглэсэн этгээдүүд хэрэг үйлдэхээр урьдчилан ярьж тохирсон байхаас гадна булаах, хулгайлах зэрэг үндсэн үйлдэлд заавал биечлэн оролцож тодорхой үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл эдгээр гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч байх явдал гол шинж нь болно. Иймд эдгээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээс бусад хэлбэрээр хамтран оролцсон этгээдэд Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохих заалтыг журамлан хариуцлага хүлээлгэнэ.
ГУРАВ. 125 дугаар зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгийг дээрэмдэх" гэдэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие,эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл байна.
2.Энэ хэргийн довтолгоонд өртөгч этгээд нь гол төлөв эд хөрөнгийг эзэмшиж, хариуцаж хамгаалж байгаа хүн байх боловч гэмт этгээдийн бодлоор уг хөрөнгийг эзэмшихэд нь саад болж болох бусад хүмүүс байж болно.
3.Дээрэмдэх гэмт хэргийн үед хэрэглэж байгаа буюу хэрэглэхээр заналхийлж байгаа хүч нь биеийн буюу сэтгэл зүйн шинжтэй байж болох бөгөөд учрах үедээ довтолгоонд өртөгсдийн амь бие, эрүүл мэндэд бодит аюул учруулдаг буюу учруулж болзошгүй байдгаараа Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүч хэрэглэх"-ээс ялгагдана.
4."Сэтгэл зүйн хүч хэрэглэх" гэдэг нь хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч нэн даруй хэрэглэхээр заналхийлнэ гэсэн үг бөгөөд энэ нь үг яриа,үйл хөдөлгөөний хэлбэрээр илэрч болно.
5.Дээрмийн гэмт хэрэг довтолгоон эхэлснээр төгсдөг учир хохирогчид заавал гэмтэл учирсан байхыг шаарддаггүй боловч довтолгооны явцад бүх шинжийн гэмтэл үүсч болно.
6.Дээрмийн явцад бусдыг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 2 дахь хэсгийн "а" заалт, дээрмийн гэмт хэргээ үйлдэхэд хялбар болгох буюу түүнийгээ нуун далдлах зорилгоор бусдыг санаатай алсан бол мөн зүйл, хэсгийн "м" заалт болон бусад тохирох хэсгээр давхар зүйлчлэн хариуцлага хүлээлгэнэ.
7.Бусдыг алах санаа агуулаагүй боловч довтолгооны үед хохирогчийн бие махбодид учирсан хүнд гэмтлийн улмаас тэрээр нас барвал хэргийг дээрмийн хэргээс гадна Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэн хариуцлага хүлээлгэнэ.
8.Орон байр, агуулах саванд байгаа эд хөрөнгийг авах зорилгоор довтолж эхэлсэн бол түүнд нэвтрэн орж чадсан эсэхээс хамаарахгүйгээр уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ.
9."Зэвсэг" гэдэгт бүх төрлийн галт буюу хүйтэн зэвсгийг хамааруулна.
"Зэвсгийн чанартай хэрэглэсэн бусад зүйл" гэдэгт гааз, сүх, царил, алх, бороохой гэх мэт бусдын амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулж болох бусад зүйлийг тус тус ойлгох бөгөөд "хэрэглэсэн" гэдэг нь зэвсэг буюу бусад зүйлээр довтолгоонд өртөгчийн амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, тэдгээрээр сүрдүүлэхийн аль алиныг хамааруулсан үйлдэл болно.
10.Зэвсэг болон бусад зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэснийг ойлгохдоо уг зүйлийн аюул учруулж болох шинжийг голчлон анхаарвал зохих бөгөөд зэвсэг болон зэвсгийн чанартай бусад зүклийг тодорхойлохдоо Дээд шүүхийн Бүгд хурлын 1988 оны 13 дугаар тогтоолыг баримтална.
11.Зэвсэг хэлбэртэй зүйл хэрэглэснийг хохирогч "зэвсэг" гэж андуурч ойлгосон боловч уул зүйл нь гэмтэл бодитойгоор учруулж чадахгүй бол хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж зүйлчлэхгүй.
12.Бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй авах зорилгоор довтолсон бол тэр хэмжээний эд хөрөнгө байсан эсэх, авч чадсан эсэхээс хамаарахгүйгээр уул хэргийг бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй дээрэмдсэн гэж зүйлчилнэ.
ДӨРӨВ.126 дугаар зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, эсхүл албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах" хэрэг нь албан тушаал, албан ажлын үүргийн хувьд эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, хуваарилах, борлуулах, тээвэрлэх, хадгалах зэрэг эрхтэй, уул эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд энэ байдлаа ашиглан шунахай зорилгоор уг эд хөрөнгийг үнэ төлбөргүй бүрмөсөн өөртөө авах буюу бусдад шилжүүлж өгөх үйлдлээр илэрнэ.
2.Эд хөрөнгийг "завших" гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.
3."Үрэгдүүлэх" гэдэг нь гэмт этгээд өөрийн эрхлэн хариуцаж байгаа эд хөрөнгийг олгогдсон эрх хэмжээгээ ашиглан шунахай зорилгоор, хууль бусаар бусдад бэлэглэх, худалдах, хэрэглүүлэх, гурав дахь этгээдэд шунахай зорилгоор шилжүүлэх зэргээр үрэн таран хийж байгаа санаатай үйлдлийг хэлнэ.
4."Албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах" нь гэм буруутай этгээд эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, хуваарилах, борлуулах, тээвэрлэх, хадгалах зэрэг албан тушаал, албан ажлын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээгээ ашиглан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах, бусдад шилжүүлэх үйлдлээр илэрнэ.
5."Албан тушаалынхаа байдлыг урвуулж, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг авсан" нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэргээс зөвхөн бусдын эд хөрөнгийг өөрийн буюу бусдын өмчлөлд шилжүүлж ашигласнаар ялгагдана.
6.Эд хөрөнгө ашиглан шамшигдуулах зорилгоор төлөвлөгөөний биелэлт, тайлан мэдээг зориуд худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн албан тушаалтанд Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр давхар хариуцлага хүлээлгэнэ.
ТАВ.127 дугаар зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулах" нь эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг эзэмшиж, эрхлэн хариуцаж, харж хамгаалж байгаа этгээдийг хуурч мэхлэх буюу түүний итгэлийг эвдэх замаар шунахай зорилгоор авах үйлдэл байна.
2."ХУУРЧ МЭХЛЭХ" гэдэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгө хариуцагч буюу эзэмшигчийг үгээр буюу үйлдлээр үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулж, төөрөлдүүлснээр уул эд хөрөнгийг авах эрхтэй гэж хууртагдсан этгээд эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдлаар илэрнэ.
3.Хуурч мэхлэх нь ажил гүйцэтгэсэн тухай хуурамч баримтаар цалин хөлс авах, хулгайлсан буюу бусад аргаар олж авсан падаан, тасалбар, номер, тээшний зүүлт, тусгай албаны хувцас, тэмдэг, цол хэрэглэж эд юм олж авах, музейд хуурамч бүтээл худалдах, хууль бусаар тэтгэвэр тусламж авах зэргээр олон аргаар үйлдэгдэнэ. Хуурч мэхлэх ажиллагаа нь бичгээр болон амаар явагдаж болох бөгөөд мэдээлж байгаа үйл явдал, баримт нөхцөл байдал нь хугацааны хувьд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд ч хамаарагдаж болно.
4."ИТГЭЛИЙГ ЭВДЭХ" гэдэг нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг авахын тулд талуудын итгэлд үндэслэн тодорхой гэрээний харилцааг ашиглах буюу эд хөрөнгийг хариуцагч,эзэмшигч зохих баримт бичиг бүрдүүлэлгүй буюу тогтсон журмыг мөрдөлгүйгээр шилжүүлснийг ашиглан түүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэх үйлдлээр илэрнэ.
5.Итгэл эвдэх нь гол төлөв хоёр талын итгэлд үндэслэгдэн эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэх мэт иргэний эрх зүйн гэрээг ашиглаж төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийг завших хэлбэрээр илэрнэ.
ЗУРГАА.129 дүгээр зүйлийн талаар
1. Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлд заасан "Хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулах" гэдэг нь төр, аж ахуйн нэгж, улс байгууллага, иргэдэд орвол зохих хөрөнгө, орлогыг шунахай зорилгоор шилжүүлж өгөөгүй үйлдэл байна. Энэ нь төлбөл зохих татвар, хураамж (эрчим хүч, үйлчилгээний хөлс) зэргийг төлсөн тухай баримтыг хуурамчаар үйлдэх буюу бусад аргаар төлөхгүй байх гэх мэт үйлдлээр илэрнэ.
2.Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд бусдын бэлэн эд хөрөнгийг хариуцагч, эзэмшигчээс авдаг бол энэ гэмт хэрэг нь бэлэн бус, төлөх ёстой зүйлийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар төлөхгүй эд хөрөнгийн ашиг олдогоор ялгагдана.
ДОЛОО.130 дугаар зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд "Эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх" гэдэг нь өмчлөгч эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж байгаа буюу хамгаалж байгаа этгээдэд болон ойр дотны хүмүүст хүч хэрэглэнэ, тэдний нэр төрийг гутаасан мэдээ баримтыг тараана, хувийн эд хөрөнгийг устгана гэх мэтээр сүрдүүлэн эд хөрөнгийг буюу эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлж өгөхийг шаардах үйлдлээр илэрнэ.
2.Энэ хэргийн үед хийсэн заналхийлэл нь булаах, дээрэмдэх гэмт хэргийн үед хийсэн заналхийллээс нэн даруй бус, хэсэг хугацааны дараа, өөрөөр хэлбэл шаардлага биелүүлэхгүй бол хожим хэрэгжих шинжтэй байдгаараа ялгагдана.
3.Энэ хэрэг нь заналхийлэл хийсэн л бол эд хөрөнгийг авсан эсэхээс хамаарахгүйгээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
НАЙМ. 131 дүгээр зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан "Эд хөрөнгийг бага хэмжээтэй ашиглан шамшигдуулах" хэрэг нь хулгайлах, завших, үрэгдүүлэх, албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах, залилан мэхлэх аргааp үйлдэгдэж болно. Харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, далайлган сүрдүүлэх аргаар ашиглан шамшигдуулсан бол уг хэргийг ашигласан эд хөрөнгийн хэмжээнээс хамаарахгүйгээр Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ.
2.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, далайлган сүрдүүлэхээс бусад аргаар бага хэмжээтэй ашиглан шамшигдуулах хэрэг нь "Нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж" буюу "Машин механизм ашиглаж", эсхүл орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үйлдсэнээс үл хамааран 131 дүгээр зүйлээр зүйлчлэгдэнэ.
3.Олон удаа, бага хэмжээгээр, нэг буюу хэд хэдэн эх үүсвэрээс ашиглан шамшигдуулсан үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй бол хохирлыг нэмсэн дүнгээр хэргийг зүйлчилнэ.
ЕС. 132-139 дүгээр зүйлийн талаар
1.Эрүүгийн хуулийн 132 дугаар зүйлд заасан "Тээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашиглах" нь тэдгээрийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, үнэ төлбөргүйгээр, ашиг олох зорилгоор хэрэглэх үйлдлээр илэрнэ.
Энэ үйлдлийн улмаас учирсан хохиролд тээврийн хэрэгсэл машин механизмыг хэрэглэхэд зарцуулсан шатахуун, түүнийг засварлахад зарцуулсан хөрөнгө, учирсан эвдрэл гэмтэл зэрэг орох бөгөөд учирсан хохирол нь их хэмжээтэй бол урьд захиргааны арга хэмжээ авагдсан эсэхийг харгалзахгүйгээр энэ зүйлийн 2 дахь хэсгээр хариуцлага хүлээлгэнэ.
2.Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан "Эрчим хүч ашиглах журам зөрчих" гэдэгт цахилгаан болон дулааны эрчим хүчийг үнэ төлбөргүй ашиглах гэсэн шунахай зорилгоор эрх бүхий байгууллагатай зохих гэрээ хийхгүйгээр буюу гэрээний нөхцөлийг зөрчин, хэмжих багаж тавихгүйгээр шууд залган ашигласан буюу гэрээ хийсэн ч төлбөрийг багасгах зорилгоор хэмжих багажийн ажиллагааг зогсоох, саатуулах зэрэг хэлбэрээр ашигласан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
3.Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлд заасан "Эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх" хэрэг нь танхай, өс хонзон, хэргийн ул мөрийг арилгах зэрэг буюу ямар ч сэдэлттэй байж болно.
4.Эд хөрөнгийг "устгах" гэдэг түүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болгох, "гэмтээх" гэдэг нь эд хөрөнгийг сэргээн засварлахгүйгээр ашиглах боломжгүй болгохыг ойлгоно.
5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өөр хүнд хор уршиг" гэдэгт хүний бие махбодид хүнд гэмтэл учруулах, хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр буюу хөнгөн гэмтэл учруулах, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удаан хугацаагаар саатуулах, зогсоох, олон хүмүүсийг орон байргүй болгох зэргийг хамааруулан ойлгоно.
6.Бусдын эд хөрөнгийг санаатай устгах,гэмтээх хэргийг ашиглан шамшигдуулах хэргийн ул мөрийг арилгах, үйлдэхэд дөхөм болгох,гэмтсэн хөрөнгийн заримыг авах, бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг зорилгоор үйлдвэл нийлмэл гэмт хэрэг гэж үзнэ.
7."Нийтэд аюултай бусад арга" гэдэгт тэсэрч дэлбэрэх,түргэн шатамхай, идэмхий, хүчтэй үйлчлэх хорт бодис, галт хэрэгсэл хэрэглэх, усанд авахуулах зэрэг аргыг хамааруулан ойлговол зохино.
8.Эрүүгийн хуулийн 135 дугаар зүйлийн "Эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх" нь уг хэргийн улмаас хүний амь хохирсон, эсхүл өөр хүнд хор уршиг учирсан нөхцөлд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
9.Энэ хэргийн улмаас үүсэх "Өөр хүнд хор уршиг" гэдгийг Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн энэ ойлголтыг тайлбарласантай адил авч үзвэл зохино.
10.Албан тушаалтан албаны үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс энэ зүйлд заасан хүнд хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилнэ.
11.Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд загсан "Машин механизмыг хайр гамгүй ашиглах, хадгалах" хэрэг нь энэ зүйлд нэрлэсэн машин техникийг гэмт этгээд өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй ажиллагааны улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй байдалд хүргэснээр бүрдэл төгсөнө.
12.Энэ хэргийн "Тонох" гэсэн хэлбэр нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд тонох үйлдлийг хувийн шунахай зорилгоор үйлдвэл өмч ашиглан шамшигдуулах хэрэг гэж үзэж тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэнэ.
13.Хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөнөөс эвдэж гэмтээсэн, хэрэгцээгүй болгосон буюу эд материалын болон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлээр хариуцлага хүлээлгэх бөгөөд 136 дугаар зүйлээр хэргийг давхар зүйлчлэх шаардлагагүй.
14.Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгийг хамгаалах явдалд хариуцлагагүй хандах" хэргийн субъект нь бусдын эд хөрөнгийг албан ажлын буюу гэрээний дагуу захиран зарцуулах эрхгүйгээр, зөвхөн бүрэн бүтэн байлган хамгаалах үүрэг бүхий хүмүүс байна.
15.Энэ зүйлд заасан хэрэг нь хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүрэг бүхий этгээд өөрийн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс уг эд хөрөнгө алдагдах, эвдрэх, бусдад ашиглагдах зэрэг үйлдлээр илэрнэ.
16.Энэ хэрэгт хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутай этгээд өөртөө оногдсон ямар үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох, уг этгээд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх, хариуцлагагүй ажиллагаа, үүссэн хохирлын хоорондын шалтгаант холбоог нарийвчлан тогтоох шаардлагатай.
17.Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан "Гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших" хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, хариуцагчийн эзэмшил, хяналтаас гарсан үнэт зүйл, эд хөрөнгө, алдуул малыг өөрийн өмчлөлд авах буюу зарцуулсан үйлдлээр илэрнэ.
18.Эд хөрөнгө хариуцагчийн хариуцлагагүй ажиллагаанаас илүү олгогдсон төгрөг, эд хөрөнгийг шунахай зорилгоор завшсан бол энэ зүйлээр хариуцлага хүлээлгэнэ.
19.Энэ хэрэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгийг урьдаас төлөвлөж тооцоолон идэвхтэй үйлдлээр олж аваагүй, эд хөрөнгийг завших санаа зорилго нь түүнийг олж авсны дараа үүсдэг зэргээрээ ашиглан шамшигдуулах бусад хэргээс ялгагдана.
20.Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан Гадаад улс, түүний байгууллага, иргэд, олон улсын байгууллагын өмчийн эсрэг гэмт хэргийг үйлдлийн арга, хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлгийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчилнэ. Энэ тохиолдолд гэмт этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгийн зэрэгцээгээр 139 дүгээр зүйлийг давхар нэрлэн зааж байх нь зүйтэй.
21.Монгол Улс гадаад улсын хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулбал энэ бүлгийн тохирох зүйл хэсгээр хариуцлага хүлээлгэх боловч Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлээр давхар зүйлчлэхгүй.
Хоёр.Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан өмчийн эсрэг гэмт хэргийн зарим хүндрүүлэх нөхцөл байдлыг дор дурьдсанаар тайлбарласугай:
1."Давтан" гэдэг нь уг гэмт хэргийг үйлдэх санаа бодол нь тус тусдаа үүссэн,тэр санаа бодол нь тус тусдаа төгссөн,тус тусдаа бие даасан бүрэлдэхүүнтэй хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл бөгөөд түрүүчийн үйлдэлдээ ял шийтгүүлсэн шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна.
2.Урьд хэрэг үйлдсэн этгээд сүүлчийн хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн буюу мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлгүйд тооцогдсон бол давтан гэж үзэхгүй.
3."ҮРГЭЛЖИЛСЭН" гэдэг нь гэмт этгээд эхлэл,төгсгөл нэгтэй,нэг санаа бодлын хүрээнд хэд хэдэн үйлдлээр,гол төлөв нэг эх сурвалжаас,эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүй авч ашиглан шамшигдуулсныг ойлгоно.
4."УРЬДЧИЛАН ТОХИРОЛЦСОН БҮЛЭГ ЭТГЭЭД" гэдэг нь хэрэг үйлдэхээр урьдчилан ярилцаж үйл ажиллагаагаа зохицуулсан хоёр буюу түүнээс дээш этгээдийг ойлгоно.
5."ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГ ЭТГЭЭД"-ийн ойлголтыг Дээд шүүхийн 1993 оны 44 дүгээр тогтоолд зааснаар ойлгоно.
Гурав.Өмчийн эсрэг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэсгийг тогтоох талаар дор дурьдсан тайлбарыг өгсүгэй:
1.Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үеийн зах зээлийн ханшаар тогтоож байвал зохино.
2.Үйлдвэрийн түүхий эд материал, машин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бусад эд хөрөнгийн үнийг тогтоохдоо тэдгээрийг эвдсэн, үрэгдүүлсэн тохиолдолд хүлээлгэдэг хариуцлагын буюу төлбөрийн үнийг, хэрэв үнийг нь хууль,тогтоомжинд зааснаар нугалж төлүүлдэг бол хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо нугалаагүй үнийг,хохирлыг арилгуулахдаа нугалсан үнийн дүнг баримтална.
3.Эд хөрөнгөнд жижиглэн худалдаалах үнэ тогтоогдоогүй бол зах зээлийн дундаж үнээр хохирлын хэмжээг тогтооно.
"Бага хэмжээ" 3000 төг-50000
"Үлэмж хэмжээ" 550000 төг-1500000
"Их хэмжээ" 1500000-аас дээш төгрөг
"Онц их хэмжээ" 3000000-аас дээш төгрөг байхаар шүүхийн практикт ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй.
5.Өмчийн эсрэг гэмт хэргийн хохирлын хэмжээг гэмт этгээдийн хэд хэдэн удаагийн үйлдлээр, хэд хэдэн хохирогчид учруулсан хохирлын нийлбэрээр тогтоож болно.
6.Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн өсөлт, бууралтын харьцаагаар өөрчилж байхаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасан гэмт хэргээс учирсан материалын хохирлын хэмжээг тодорхойлохдоо уг техникийг засварлах,сэргээн босгоход зарцуулсан зардал, хэрэв түүнийг солиход хүрсэн бол элэгдэл, хорогдлыг хассан балансын үнэ, тоносон бол тоногдсон зүйлийн зах зээлийн ханшийг баримтална.
Тав.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын "Социалист өмчийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал,цаашид баримтлах чиглэлийн тухай" 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 8, "Иргэдийн амины өмчийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэх тухай" 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14, "Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай" 1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13, "Бүгд хурлын 1991 оны 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 26, "Дээд шүүхийн Бүгд хурлын зарим тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 1994 оны 9 дүгээр сарын 12-ны 125, "Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 13 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийг өөрчлөн найруулах тухай" 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 67 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
