A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаар тушаалын хавсралт

 

 

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор өмгөөлөгч томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн нь өмгөөлөгч сонгож авсан ч хүрэлцэн ирээгүй, эсхүл сонгон аваагүй тохиолдолд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.

1.3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахад дараах зарчмыг баримтална.

1.3.1.хууль дээдлэх;

1.3.2.шударга ёсны;

1.3.3.өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, ганцаарчлан уулзах эрхийг хүндэтгэх;

1.3.4.хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах;

1.3.5.өмгөөлөгчийн хараат бус байдлыг хангах.

Хоёр.Өмгөөлөгч томилолтоор хууль зүйн туслалцаа үзүүлэх

2.1.Мөрдөгч, прокурор, шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1.1-1.5 дахь хэсэг, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 18.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 31.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр өмгөөлөгч томилж оролцуулна.

2.2.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь нутаг дэвсгэрийн харьяаллаар, долоо хоногт томилогдон ажиллах хоёроос доошгүй хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалт бүхий хуваарийг улирлаар нь гарган улирал эхлэх өдрөөс өмнө харьяалах мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхэд хүргүүлнэ.

2.3.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь томилж ажиллуулах өмгөөлөгчийн туршлага, мэргэшсэн байдал, холбогдох дугаар, цахим шуудангийн хаяг, томилолтоор ажиллах хугацаа, ажлын газрын байршил зэрэг мэдээллийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Уг мэдээллийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүх нь цахим хуудастаа мэдээлэл болгон байршуулна.

2.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь тухайн долоо хоногт томилж ажиллуулах өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтаас өмгөөлөгчийг сонгосон даруйд энэ талаар өмгөөлөгчид мэдэгдэж, үйлчлүүлэгчтэйгээ цахимаар эсхүл биечлэн уулзах боломжоор хангах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүх хүлээнэ. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч цахимаар оролцох бол прокурорын саналыг өмгөөлөгчид цахимаар танилцуулах боломжийг шүүх хангана.

2.5.Томилогдсон өмгөөлөгч нь даруй өмгөөллийн үйл ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг хянан үзэж татгалзахаас бусад тохиолдолд шүүхийн товд заасан хугацаанаас өмнө сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй биечлэн эсхүл цахимаар холбогдон хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхийн товлосон цагт шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн эсхүл цахимаар оролцоно.

2.6.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь улирлаар гаргасан хуваарьт өөрчлөлт орох, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд хуваарийг мөрдөхөөс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхэд хүргүүлнэ.

2.7.Томилогдсон өмгөөлөгч нь дараах мэдээллүүдийг энэ журмын 2.1-д заасан албан тушаалтнаас гаргуулан авч болно. Үүнд:

2.7.1.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, иргэний улсын бүртгэлийн дугаар (хэрэв хувийн мэдээлэл тодорхойгүй бол энэ талаар дурдах);

2.7.2.хэргийн зүйлчлэл;

2.7.3.өмгөөлөгч оролцуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тов;

2.7.4.хүсэлт ирүүлсэн албан тушаалтны нэр, хаяг, холбоо барих утасны дугаар.

2.8.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв нь 24 цагаар жижүүрлэн ажиллах өмгөөлөгчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Гурав.Томилогдсон өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйл

3.1.Томилогдсон өмгөөлөгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3.2.Томилогдсон өмгөөлөгч нь томилогдон ажилласантай холбоотой тайлан гаргаж, салбар зөвлөлдөө хүргүүлнэ.

3.3.Өмгөөлөгч нь томилогдсон тухайгаа эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх бөгөөд газар нутгийн алслагдсан байдал, тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдал, тээврийн зардлыг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулах боломж, хүрч очиход нөлөөлөх бусад нөхцлийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоосон хугацаанд очиж оролцох үүрэгтэй.

3.4.Томилогдсон өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзахыг хориглоно.

3.5.Өмгөөлөгчийн томилогдон ажилласантай холбоотой энэ журмын 4.2-т заасан тайланд тухайн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл, төрийн нууц, хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг тусгахыг хориглоно.

3.6.Томилогдсон өмгөөлөгч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж хянан шийдвэрлэх ажиллагаанд хуанлийн өдөр бүр тасралтгүй оролцоно.

  Дөрөв.Өмгөөллийн үйл ажиллагааны  хөлс, урамшуулал

4.1.Өмгөөллийн хөлсийг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасан хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсний жишгээр тогтооно.

4.2.Томилогдсон өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн тухай өмгөөллийн хувийн хэргийг холбогдох журмын дагуу бүрдүүлж, тайланг хэрэг тус бүрээр, тухай бүр гаргаж томилсон харьяалах салбар зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөл нь үнэн зөв тайлан гаргасан эсэхийг шалган баталгаажуулна.

4.3.Томилогдсон өмгөөлөгчийн хөлсийг энэ журмын 4.2-т заасан тайланг үндэслэн олгоно.

4.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилохтой холбоотой үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд төсөв нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үйл ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.

4.5.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид томилогдсон өмгөөлөгчийн энэ журмын 4.1-т заасан өмгөөллийн хөлсийг энэ журмын 2.1-д заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн харьяалах байгууллага тухайн жилийн төсөвт тусган, тухай бүр олгоно.

4.6.Энэ журмын 4.2-т заасан  тайланг үндэслэн томилогдсон өмгөөлөгчийн  хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 цагийн багцад тооцох бөгөөд энэхүү багц цагийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Тав.Бусад

5.1.Энэ журмыг зөрчсөн, томилогдсон хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй этгээдэд хүсэлт гаргасан байгуулагын баримтыг үндэслэн холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд хамаарах асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд зохих журмын дагуу шилжүүлж, шийдвэрлүүлнэ.