- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭТГЭМЖ БОДОХ ЗААВАР
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын
2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн
А/267 дугаар тушаалын хавсралт
ТЭТГЭМЖ БОДОХ ЗААВАР
Нэг. Зорилго
1.1. Тэтгэмж бодох заавар (цаашид "заавар" гэх)-ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд тус тус заасны дагуу тэтгэмж тогтоолгох нөхцөлийг хангасан иргэн, даатгуулагч /цаашид "даатгуулагч" гэх/-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэмж бодох, олгоход баримтална.
Хоёр. Хамрах хүрээ
2.1.Энэ зааварт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3, 6, 8, 9 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан тэтгэмж тогтоолгох нөхцөлийг хангасан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүн хамаарна.
Гурав. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох
3.1.Энэ зааврын 2.1 дэх хэсэгт заасан даатгуулагчид тэтгэмж тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацааг тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр (цахим дэвтэр), архивын лавлагаа болон нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн тооцож, шимтгэл төлж, ажилласан жил, сар, өдрүүдийг хооронд нь нэгтгэн жил, сараар тодорхойлно.
3.2.Даатгуулагчийн 2021 оноос өмнөх хугацааны шимтгэл төлсөн хугацааг нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цаасан болон цахим лавлагаа холбогдох нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд үндэслэн тооцно.
3.3.Даатгуулагчийн тэтгэмж бодох нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 23.1.3, 23.1.6 дахь заалтад заасан хугацааг оруулан тооцно.
Санамж1:Ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 23.1.3, 23.1.6-д заасан хугацааг оруулан тооцохгүй, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг оруулан тооцно.
3.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг энэ зааврын 3.1-д заасан нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын болон ажил олгогчийн тодорхойлсон хугацаагаар тооцож, тэтгэмжийг бодно.
Санамж2: Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн тэтгэмжийн бодолт, олголтын мэдээллийг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд цахимаар бүрдүүлнэ.
3.5.Даатгуулагч сарын дундуур ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан болон цалингүй чөлөө авсны улмаас тухайн сард бүтэн ажиллаагүй хугацаандаа авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж ажилласан бол уг хугацааг тухайн сард шимтгэл төлснөөр тооцож энэ журмын 2.1дэх хэсэгт дурдсан хуулиудад заасан шимтгэл төлсөн байх нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
3.6.Даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тооцох сүүлийн дараалсан 3, жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцох сүүлийн 12, ажилгүйдлийн тэтгэмж тооцох сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош цалин хөлс орсон тохиолдолд уг цалин хөлсийг тэтгэмж бодох дундаж цалин хөлсөнд оруулан тооцно.
3.7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /цаашид "Хууль" гэх/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй давхардуулан олгоно.
3.8.Тэтгэмж тооцох нэг сарын цалин хөлсний дээд хэмжээ нь тухайн онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг албан журмын даатгуулагчийн хувьд 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэн дүнгээс тус тус хэтрэхгүй байна.
Дөрөв.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох
4.1.Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тогтооно.
Санамж3: Хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын 66 өдрөөр, эсхүл хуанлийн жилд нийтдээ ажлын 132 өдрөөр авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд дараалсан 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж дахин авах эрх үүснэ. Харин даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сар нь тасралттай бол тэтгэмж дахин авах эрх үүсэхгүй.
Санамж4: Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа үргэлжилж байгаа тохиолдолд тэтгэмжийг түүний анх тэтгэмж бодсон дундаж цалин хөлснөөс тооцно.
4.2.Энэ зааврын 4.1-д заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаныэмнэлгийн хуудсыг ажил олгогч даатгуулагчаас цахимаар, эсхүл цаасаар хүлээн авч, тэтгэмж тогтоолгох баримт бичгийг хянан холбогдох мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч бүрээр бүртгэнэ.
4.3.Даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааг энэ зааврын 3.1-д заасан хугацаагаар тооцож тэтгэмж бодох дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн чадвар түр алдсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлснөөс бодно.
Санамж5: Тэтгэмж бодох 3 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "цалин хөлс" гэх/-ыг тооцохдоо эмнэлгийн хуудсанд бичигдсэн хөдөлмөрийн чадвар түр алдаж эхэлсэн өдрийн өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсийг сонгоно.
Санамж6: Тэтгэмж бодох сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн “1”,“3”,“4”-өөр төгссөн кодтой цалин хөлсийг сонгоно. Хэрэв 3 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн “2”-оор төгссөн кодтой цалин хөлс орохоор бол даатгуулагчийн өмнөх сарын даатгуулагчийн төрлийн “1”, “3”, “4”-өөр төгссөн кодтой цалин хөлсийг оруулан 3 сарыг гүйцээж, тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно.
4.4.Даатгуулагчийн сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хөдөлмөрийн чадвар түр алдахын өмнөх тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсний нийлбэрийг 3-т хуваана.
4.5.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо энэ зааврын 4.4-т заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлсийг 21-д хуваана.
Санамж7: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.6-д "Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно" гэж заасныг баримтална.
4.6.Ажлын нэг өдөрт ногдох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 4.5-д заасны дагуу тооцсон өдрийн дундаж цалин хөлсийг даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа (сар)-нд харгалзан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хувь хэмжээгээр бодно.
4.7.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох ажлын өдрийг хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудсанд бичигдсэн хөдөлмөрийн чадвар түр алдаж эхэлсэн өдрөөс дууссан өдрийн хоорондох нийт хугацаанаас ажлын нийт өдрийг тоолж тооцно.
4.8.Олговол зохих тэтгэмжийн нийт хэмжээг тодорхойлохдоо нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн чадвар алдсан ажлын нийт өдрөөр үржүүлж тооцно.
Санамж8: Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс хойших хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.
Санамж9: Энэ зааврын 4.1-д заасан нөхцөлийг хангасан даатгуулагчийн ажил олгогч нь Хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүйн улмаас даатгуулагчид олгох тэтгэмжийг ажил олгогч нь хариуцаж олгосон тохиолдолд дараагийн үргэлжилсэн эмнэлгийн хуудсаар олгогдох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгоно. Энэ тохиолдолд ажил олгогчоос олгосон тэтгэмж нь ажлын 5 өдрөөс дээш байна.
Жишээ: Даатгуулагч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 137 сар (11 жил 5 сар) тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдаж эмнэлгийн хуудас бичүүлсэн. Даатгуулагч нь 2024 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг, 11 дүгээр сард 1 200 000 төгрөг, 10 дугаар сард 1 100 000 төгрөгийн цалин хөлстэй гэвэл даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг энэ зааврын 4.2-т заасны дагуу доор дурдсанаар тооцно. Үүнд:
а.Даатгуулагч 137 сар (11 жил 5 сар) шимтгэл төлсөн тул хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсний дунджаас 60 хувиар бодно.
б. Сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсний нийлбэр:
(1 000 000+1 200 000+1 100 000) =3 300 000 төгрөг;
в.Сарын дундаж цалин хөлс, орлого: 3 300 000:3=1 100 000 төгрөг;
г. Өдрийн дундаж цалин хөлс, орлого: 1 100 000:21=52 380 төгрөг 95 мөнгө;
д.Ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээ: 52 380.95 *60%=31 428 төгрөг 58 мөнгө
е.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох нийт өдөр ажлын 6 өдөр;
ё.Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээ: 31 428 төгрөг 58 мөнгө*6 өдөр=188 571 төгрөг 48 мөнгө;
Ажил олгогчоос олгох тэтгэмж: 31 428 төгрөг 58 мөнгө*5 өдөр=157 142 төгрөг 90 мөнгө
Тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмж: 31 428.58*1 өдөр=31 428 төгрөг 58 мөнгө
Тав. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох
5.1.Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтооно.
Санамж10: Даатгуулагчийн жирэмсний эмнэлгийн хуудсыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан "Жирэмсэн үед үзүүлэх тусламж, үйлчилгээ, хяналтын товлол"-ын дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн эхийн жирэмсний 32 долоо хоногтойд нь бичигдсэн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар тэтгэмжийн эрхийг үүсгэнэ гэж ойлгоно.
5.2.Энэ зааврын 5.1-д заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дураар даатгуулагчид олгох жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг даатгуулагчаас цахимаар эсхүл цаасаар хүлээн авч, тэтгэмж тогтоолгох баримт бичгийг хянан холбогдох мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч бүрээр бүртгэнэ.
5.3.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг доор дурдсанаар тооцно. Үүнд:
5.3.1.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг тооцох сарын дундаж цалин хөлсийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно.
Санамж11: Даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох цалин хөлсийг тооцохдоо эмнэлгийн хуудсанд бичигдсэн жирэмсний амралт эхэлсэн өдрөөс өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсийг сонгоно.
Санамж12: Тэтгэмж бодох сүүлийн 12 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн “1”, “3”, “4”-өөр төгссөн кодтой цалин хөлсийг сонгоно. Хэрэв 12 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн “2”-оор төгссөн кодтой цалин хөлс орохоор бол өмнөх сарын даатгуулагчийн төрлийн “1”, “3”, “4”-өөр төгссөн код бүхий цалин хөлсийг оруулан 12 сарыг гүйцээж, тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно.
5.3.2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцох өдрийн дундаж цалин хөлсийг энэ зааврын 4.6-д заасны дагуу тодорхойлж өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг нэг өдөрт ногдох цалин хөлсний 100 хувиар тооцно.
Санамж13: Жирэмсний тэтгэмж бодсон сарын дундаж цалингаас амаржсаны тэтгэмжийг бодож олгоно.
5.3.3.Тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс дууссан өдрийн хооронд бичигдсэн 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно.
5.3.4.Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт
ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно.
Санамж14: Даатгуулагчийн амаржсаны тэтгэмжийг тухайн даатгуулагчийн жирэмсний тэтгэмж бодож олгосон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар олгоно.
Санамж15: Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно. Түүнчлэн уг хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр нь 7 хоногийн амралтын бямба, ням гараг тохиож байгаа бол тэтгэмж бодох ажлын өдөрт оруулан тооцно.
5.4.Даатгуулагчийн жирэмсний амралт эхэлсэн сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 12 сарын хугацаанд даатгуулагч бүтэн ажиллаагүй бол 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хуваан тооцож өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.
5.5.Албан журмын даатгуулагч эх хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өмнөх жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцно.
Санамж16: Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа даатгуулагчийн төрлийн "68001" кодтой цалин хөлс авсан эх, эсхүл эцгийн уг цалин хөлсийг тэтгэмж бодох дундаж цалин хөлсөнд оруулан тооцно. Энэ тохиолдолд өмнө олгосон тэтгэмж бодсон дундаж цалин хөлснөөс буурахаар бол бууруулахгүйгээр өмнөх тэтгэмж бодсон дундаж цалин хөлснөөс тэтгэмжийг бодно.
Жишээ: Даатгуулагч нийт 3 жил тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан, жирэмсний амралт авахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсний дундаж 2100 000 төгрөг, түүнд жирэмсний эмнэлгийн хуудсыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хуанлийн 60 хоногоор бичиж олгосон гэвэл даатгуулагчийн жирэмсний эмнэлгийн хуудсыг үндэслэн тэтгэмжийг энэ зааврын 5.3-т заасны дагуу доор дурдсанаар тооцно. Үүнд:
а. Нэг Өдрийн дундаж цалин хөлс, орлого: 100 000 төгрөг
2 100 000:21 өдөр=100 000 төгрөг
б. Тэтгэмж олгох ажлын өдөр: 44 өдөр
в. Олговол зохих тэтгэмж: 4 400 000 төгрөг
100 000 төгрөг *44 өдөр=4 400 000 төгрөг.
Зургаа.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж
6.1.Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан даатгуулагч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг олгоно.
6.2.Энэ зааврын 6.1-д заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагч нас барсан бол даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг ажил олгогч болон даатгуулагчийн гэр бүлийн гишүүнээс цаасаар эсхүл цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээн авч, тэтгэмж тогтоолгох баримт бичгийг хянан холбогдох мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч бүрээр бүртгэнэ.
Санамж17: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр авагч нас барсан бол Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний хүсэлтийг үндэслэн тэтгэмжийг олгоно.
Санамж18: Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хэмжээгээр олгоно.
Долоо. Ажилгүйдлийн тэтгэмж бодох
7.1.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажлаас чөлөөлөгдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн насанд хүрээгүй даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж тогтооно.
Санамж19: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл 1965 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 62 нас, 1970 онд төрсөн эмэгтэй даатгуулагч 57 нас хүрсэн байх бөгөөд цаашид тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна.
Санамж20: Ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй бол ажилгүйдлийн тэтгэмж дахин авах эрх үүсэхгүй.
7.2.Хүүхэд асрах чөлөө авахаас өмнө энэ зааврын 7.1-д заасан нөхцөлийг хангасан даатгуулагч эхийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн эсхүл ажил олгогч нь татан буугдсан, дампуурсан бол түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд тухайн байгууллагын татан буугдсан, дампуурсныг нотлох харьяа татварын албаны лавлагаа, албан бичгийг үндэслэнэ.
Санамж21: Хүүхдээ асрах чөлөө авахаас өмнөх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхээр бол хүүхдээ асрах чөлөө авахын өмнөх сүүлийн дараалсан 9 сарын дундаж цалин хөлснөөс ажилгүйдлийн тэтгэмжийг бодно.
Санамж22: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5. дахь заалтад заасан хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч шүүхийн шийдвэрээр ажилдаа буцан орж, ажилгүй байх хугацааны шимтгэл нь төлөгдсөн даатгуулагчийн өмнө олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэхгүй.
7.3.Энэ зааврын 7.1-д заасан нөхцөлийг хангасан даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох цаасаар эсхүл цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээн авч, тэтгэмж тогтоолгох баримт бичгийг хянан холбогдох мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч бүрээр бүртгэнэ.
7.4.Даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг доор дурдсанаар бодно. Үүнд:
7.4.1.Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг Хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын дундаж цалин хөлснөөс тооцно.
7.4.2.Сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо энэ зааврын 7.4.1.-д заасан сарын дундаж цалин хөлснөөс Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр тооцно.
7.4.3.Ажлын өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 4.5-д заасны дагуу тооцож ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг 76 өдрөөр үржүүлж тооцно.
Санамж23: Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно. Түүнчлэн уг хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр нь 7 хоногийн бямба, ням гарагт тохиож байгаа бол тэтгэмж бодох ажлын өдөрт оруулан тооцно.
Жишээ: Даатгуулагч 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 192 сар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, 2024 оны 09 дүгээр сард 1 200 000 төгрөг, 10 дугаар сард 1 800 000 төгрөг, 11 дүгээр сард 2 000 000 төгрөг, 12 дугаар сард 2 000 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 1 500 000 төгрөг, 02 дугаар сард 1 800 000 төгрөг, 03 дугаар сард 2 000 000 төгрөг, 04 дүгээр сард 2 200 000 төгрөг, 05 дугаар сард 1 800 000 төгрөгийн цалин хөлс авч шимтгэл төлсөн бөгөөд тэрээр 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэвэл түүнд олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг доор дурдсанаар тооцно. Үүнд:
а.Даатгуулагч 192 сар шимтгэл төлж ажилласан тул ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар бодно.
б.Сарын дундаж цалин хөлсний хэмжээ:
(1 200 000+1 800 000+2 000 000+2 000 000+1 500 000+1 800 000+2 000 000
+2 200 000+1 800 000)/9 сар = 1 811 111 төгрөг
в.Сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
1 811 111 төгрөг х 70% = 1 267 778 төгрөг
г.Өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
1 267 778 төгрөг :21 өдөр = 60 370 төгрөг 37 мөнгө
д.Даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн нийт тэтгэмжийн хэмжээ:
60 370 төгрөг 37 мөнгө х 76 өдөр = 4 588 148 төгрөг 12 мөнгө.
7.4.5.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн тушаал, шийдвэр гарсан өдрөөс хойш 28 хоногийн дотор гаргаагүй бол хугацаа хоцроосон ажлын өдрийг ажилгүйдлийн тэтгэмж олгох 76 өдрөөс хасаж тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
Санамж24: Ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 46 (ажлын 18 өдөр) хоногийн дараа нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлж өгсөн гэвэл 58=(76-18) өдрийн тэтгэмж олгоно.
Санамж25: Даатгуулагч 5 сарын дотор ажилгүйдлийн тэтгэмж дахин авах тохиолдолд өмнө нь авч байсан ажилгүйдлийн тэтгэмжийн олгогдоогүй үлдсэн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоно. Энэ тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж (76 өдрийн дотор)-ийг ажлын 30 өдрөөр авсан бөгөөд энэ хугацаанд ажилд орсон бол албан журмаар шимтгэл төлж эхэлснээс хойш 4 сарын дараа дахин ажлаас чөлөөлөгдсөн гэвэл 46=(76-30) өдрийн тэтгэмж олгоно.
7.4.6.Ажилгүйдлийн тэтгэмжийг арилжааны банкин дахь дансаар дамжуулан сар бүр олгох бөгөөд урьдчилан олгох, эсхүл нэг дор бүгдийг олгохыг хориглоно.
Найм.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох
8.1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин /цаашид "ҮОМШӨ" гэх/-ий улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан түүний сарын дундаж цалин хөлснөөс 100 хувиар тооцон олгоно.
8.2.Эрх бүхий байгууллагын баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөнийг тогтоож эмнэлгийн хуудсыг ажил олгогч, даатгуулагчаас нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн тохиолдолд уг эмнэлгийн хуудсыг үндэслэн өмнө олгосон хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг залруулан ҮОМШӨ-ний даатгалын сангаас олгоно.
Санамж26: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш даатгуулагчийн Үйлдвэрлэлийн ослын актыг 6 сар ба түүнээс дээш хугацааны дараа гаргасан тохиолдолд тэтгэмж олгохгүй.
Санамж27: Хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулж, комиссын цахим бүртгэлийн системд оруулсан үйлдвэрлэлийн ослын актад үндэслэн ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэмж олгоно.
8.3.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу бодно.
8.4.Даатгуулагчийн өдрийн дундаж цалин хөлсийг энэ зааврын 4.6-д заасны дагуу тодорхойлж өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг дундаж цалин хөлсний 100 хувиар тооцно.
8.5.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох ажлын өдрийг эмнэлгийн хуудаст бичигдсэн хөдөлмөрийн чадвар түр алдсан өдрөөс дууссан өдрийн хоорондох хуанлийн нийт өдрөөс ажлын нийт өдрийг тоолж тооцно.
8.6. Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын нийт өдрөөр үржүүлж тодорхойлно.
8.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тус тус олгоно.
Ес.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж
9.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол гэр бүлийн дараах гишүүнд нь тэтгэмж олгоно. Үүнд:
9.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар
зүйлд заасан гэр бүлийн гишүүн;
9.1.2.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан тэтгэвэр авагчийн гэр бүлийн гишүүн.
Санамж28: Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ нь энэ зааврын Санамж18-д заасан тэтгэмжийн хэмжээтэй адил байна.
Арав.Тэтгэмж авагч хүсэлт гаргах, шийдвэрлэх
10.1.Энэ зааврын 2.1-д заасан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүн тэтгэмж тогтоолгох хүсэлтээ өөрийн харьяалах аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газарт цахимаар эсхүл бичгээр гаргана.
10.2.Энэ зааврын 2.1-д заасан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хугацаанд тэтгэмж авах хүсэлтээ гаргаж, нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэнэ.
Арван нэг. Хариуцлага
11.1.Энэ зааврыг зөрчсөн албан тушаалтанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх