A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/154

Улаанбаатар хот

Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны А/267 дугаар тушаалаар баталсан "Тэтгэмж бодох заавар"-т "8.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тус тус олгоно." гэсэн хэсэг нэмсүгэй.

2. "Тэтгэмж бодох заавар"-ын 7.2 дахь заалтаас " нь ажлаас чөлөөлсөн эсхүл" гэснийг хассугай.

3. "Тэтгэмж бодох заавар"-ын "Санамж6"-г "Тэтгэмж бодох сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн "1","3","4"-өөр төгссөн кодтой цалин хөлсийг сонгоно. Хэрэв 3 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн "2"-оор төгссөн кодтой цалин хөлс орохоор бол даатгуулагчийн өмнөх сарын даатгуулагчийн төрлийн "1", "3", "4"-өөр төгссөн кодтой цалин хөлсийг оруулан 3 сарыг гүйцээж, тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно" гэж, "Санамж12"-ыг "Тэтгэмж бодох сүүлийн 12 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн "1", "3", "4"-өөр төгссөн кодтой цалин хөлсийг сонгоно. Хэрэв 12 сарын цалин хөлсөнд даатгуулагчийн төрлийн "2"-оор төгссөн кодтой цалин хөлс орохоор бол өмнөх сарын даатгуулагчийн төрлийн "1", "3", "4"-өөр төгссөн код бүхий цалин хөлсийг оруулан 12 сарыг гүйцээж, тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно." гэж, "Санамж18"-ыг "Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хэмжээгээр олгоно." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

4. Энэхүү зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж ажиллахыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар (Ц.Ганцэцэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даалгасугай.

ДАРГА Б.БАТЖАРГАЛ

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан/