A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ, ТҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ БУЮУ ЗОГСООХ ТАЛААРХИ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

   ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ, 
ТҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ БУЮУ ЗОГСООХ ТАЛААРХИ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Хэвлэх

   Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 55-58 дугаар зүйлийн заалтыг шүүхийн практикт нэг мөр болгож зөв хэрэгжүүлэх зорилгоор Улсын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж, өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй байх үедээ нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүл байсан боловч таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө буюу ял эдэлж байх үедээ сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж, өөрийн үйлдлийг ухамсарлан мэдэж чадахгүй болсон, өөрийн үйлдлийг ухаан санаагаараа удирдаж чадахгүй болсон, түүнчлэн архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ хэрэг нэг бүрийн онцлог байдал, хэрэгтний хувийн байдал, зан төлөв зэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитойгоор шинжлэн тогтоож, Эрүүгийн хуулийн 55-58 дугаар зүйл, ЭБШ хуулийн холбогдох заалтыг чанд баримталж ажиллахыг нийт шүүхэд заасугай.

   2.Шүүхээс албадан эмчлүүлэх чанарын арга хэмжээг дараах хүмүүст хэрэглэж болно. Үүнд:

   -Хэрэг хариуцах чадваргүй байх үедээ Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн;

   -Гэмт хэрэг үйлдсэний дараа буюу таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн;

   -Таслан сэргийлэх тогтоол гарсаны дараа буюу ял эдэлж байх үедээ сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн;

   -Гэмт хэрэг үйлдсэн архаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээд эдгээр болно.

   3.Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж албадан эмчлүүлсэн этгээд ялыг хөөн эдлүүлэх хугацаа дуусаагүй байхад бүрэн эдгэрвэл ялаас чөлөөлөх бусад учир байдал тогтоогдоогүй нөхцөлд ялыг үргэлжлүүлэн эдлүүлж байсугай. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ ЭБШ хуулийн 2 дугаар бүлэгт заасан харъяаллыг баримтална.

   4.Мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах үндэслэлтэй гэж үзвэл ЭБШ хуулийн 396-р зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоол гаргана.

   Шүүх энэ асуудлыг ЭБШ хуулийн 397, 398, 399, 400-р зүйлийг баримтлан шийдвэрлэнэ (Энэ заалтыг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   5.Сэтгэл мэдрэлийн өвчнөөр урьд нь өвчилж байсан этгээд нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг этгээд тухайн үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг сайтар хянаж тогтоох шаардлагатай.

   Хэрэг хариуцах чадваргүй этгээдийн нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон буюу үгүйсгэсэн тухай хуульд заасан нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг шүүх нарийвчлан шалгахын тулд хохирогч, гэрч, шинжээч, хэрэгт холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд аль болохоор бүрэн оролцуулж байх нь зүйтэй.

   6.Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад сэтгэл мэдрэлийн өвчин нь илэрвэл хэргийг ЭБШ хуулийн 198 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэгтэнг албадан эмчлүүлэхээр шинжээчийн дүгнэлтийн хамт шүүхэд шилжүүлнэ.Хэрэв хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед албадан эмчлүүлэх баримт илэрвэл шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулж албадан эмчлүүлэх тухай магадлал гаргах бөгөөд хэрэв уг этгээд бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бол түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэнэ.

   7.Албадан эмчлүүлэх хугацааг шүүх урьдчилан заахгүй боловч эмчилгээний явцад байнгын хяналт тавьж байхын тулд тухайн шүүх 6 сард 1-ээс доошгүй удаа дахин сэтгэл мэдрэлийн дүгнэлт гаргуулж албадан эмчилгээг зогсоох, өөрчлөх, үргэлжлүүлэх эсэхийг эмнэлгийн зохих байгууллагатай хамтран гүйцэтгэж байвал зохино.

   Сэтгэл мэддэрийн өвчтэй этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ эмнэлгийн дэглэмийг тогтоох, эмчийн хяналт, төрөл садан буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх явдал нь шүүхийн эрхийн асуудал юм. Үүнийг шийдвэрлэхдээ сэтгэл мэдрэлийн өвчний талаарх шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад материалтай харьцуулан иж бүрнээр нь нарийвчлан судалж, үнэлж байх нь зүйтэй бөгөөд тухайн этгээдийн өвчнийг сэтгэл мэдрэлийн ердийн буюу тусгай эмнэлгийн алинд нь эмчлүүлэх шаардлагатай талаар мэргэжлийн эмч нарын саналыг харгалзан үзнэ.

   8.Сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж хэрэг хариуцах чадваргүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн этгээдийн хэргийг шалган шийдвэрлэхдээ ЭБШ хуулийн 395, 398 дугаар зүйлд зааснаар урьдчилсан мөрдөн байцаалтын үед болон шүүхэд өмгөөлөгчийг заавал оролцуулж байх нь зүйтэй.

   Хэрэв урьдчилсан мөрдөн байцаалтанд өмгөөлөгч оролцуулаагүй нь илэрвэл ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болно. Өмгөөллөөс татгалзах асуудлыг шүүх зөвшөөрч болохгүй.

   9.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох, нотлох баримт, хүсэлт гаргах, татгалзах, хуульд зааснаар шүүхийн тогтоолд гомдол гаргах зэрэг эрхийг мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага бүрэн хангах үүрэгтэй. Шүүх шаардлагатай гэж үзвэл хууль ёсны төлөөлөгчийг гэрчээр татаж болно.

   10.Шүүх хурлаар эрүүгийн хэргийг хэлэлцэж байх үед уг этгээд сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж хэрэг хариуцах чадваргүй болсон нь илэрвэл ЭБШ хуулийн 297 дугаар зүйлийг үндэслэн хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтанд шилжүүлэхгүйгээр шүүх уг этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай тогтоол гаргаж болно. Ингэхдээ ЭБШ хуулийн 398 дугаар зүйлийн заалт, шаардлагыг бүрэн хангасан байвал зохино (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).

   11.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болох тухай дүгнэлт гаргасан сэтгэл мэдрэлийн эмнэлгийн шинжээчийг шаардлагатай бол шүүх хуралд дуудан ирүүлж болно. Түүний тайлбар нь хохирогч, гэрч нарын шинжээчийн дүгнэлтийн талаарх эргэлзээг арилгах зорилготойг анхаарвал зохино.

   12.Хэрэг хариуцах чадваргүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүмүүсээс бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг иргэний журмаар жич хэлэлцэн шийдвэрлэж байхыг шүүх тогтоолдоо зааж байх хэрэгтэй (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).

   13.Хэрэг хариуцах чадваргүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн этгээдийн үйлдсэн хэргийн эд мөрийн баримтыг хэрхэх тухай асуудлыг ЭБШ хуулийн 84 дүгээр зүйлд заасан заалтын дагуу шийдвэрлэнэ. Дээрх хүмүүстэй холбогдсон шүүхийн зардлыг ЭБШ хуулийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар гаргуулахгүй байж болно. Эдгээр хүмүүсээс өмгөөллийн зардлыг нэхэмжилж болохгүй.

   14.Шүүх ЭБШ хуулийн 34 дүгээр зүйлийн 13-т нэрлэж заасан ойрын төрөл садангийн хүмүүсийн хүсэлтийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох буюу өөрчилж тэдний асрамжинд уг этгээдийг шилжүүлж болно (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).

   15.Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох буюу өөрчлөхдөө эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, эмч нарын комиссын дүгнэлт, хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг нарийвчлан шалгах үүрэгтэй. Эмчилгээний үр дүнг дүгнэх, уг арга хэмжээг хүчингүй болгож цаашид эмнэлгийн хяналтанд байнга байлгах буюу эмчлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд эмнэлгийн байгууллагын төлөөлөгч, эмчлүүлэгчийн ойрын төрөл садангийн хүмүүс болон хууль ёсны төлөөлөгчийг нь шүүх хуралд дуудан ирүүлж байх нь зүйтэй.

   16.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай асуудлыг шүүх хэлэлцэхдээ уг этгээд нийгэмд аюултай гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдсэн бүхий л арга хэмжээг авах үүрэгтэйг нийт шүүхэд анхааруулан зааж байна.

   17.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн эсэхэд давж заалдах, хяналтын шатны шүүх хяналт тавьж энэ арга хэмжээг зогсоох, өөрчлөх, эмнэлгийн чанартай албадлагын өөр арга хэмжээгээр солих үндэслэл байгаа эсэхийг нарийвчлан авч үзэж байх нь зүйтэй.

   18.Шүүхүүдээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зөв хэрэглэх, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох талаар хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд хяналт тавьж шүүхийн практикийг байнга системтэй судлан энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд үүрэг болгож байна.(Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан)

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ