Хэвлэх DOC Татаж авах
  Засгийн газрын 2007 оны 146 дугаар
 тогтоолын хавсралт
 
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмээр Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааг зохицуулна.
1.2. Үндэсний зөвлөл нь шинжлэх ухаан, технологийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус  байгууллага мөн.
1.3. Үндэсний зөвлөл үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.4. Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт жил бүр тайлагнана.
1.5. Үндэсний зөвлөл нь зохих журмын дагуу хийсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
1.6. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад тусган санхүүжүүлнэ.
Хоёр. Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөллийг оролцуулна.
2.2. Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
2.3. Үндэсний зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
2.4. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй, төрийн захиргааны албанд 3-аас доошгүй жил ажилласан хүнийг томилж ажиллуулна.
2.5. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь орон тооны албан хаагч байх бөгөөд түүний цалинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ерөнхий менежер тогтооно.
2.6. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
            2.6.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
            2.6.2. Яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй хамтран  ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ авах;
2.6.3. Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж дүн, явцыг  Үндэсний зөвлөлд тайлагнах;
            2.6.4. Үндэсний зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангаж хурлыг зохион байгуулах;
2.6.5.  Үндэсний зөвлөлийн  үйл ажиллагааны тухайн жилийн тайланг гаргаж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
2.7. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж эрхэлнэ.
Гурав. Хэлэлцэх асуудал, зөвлөлийн бүрэн эрх
3.1. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн         7.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.2. Үндэсний зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:
                 3.2.1. Гурван жил тутам Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үнэлгээ, цаашдын чиг хандлагын талаархи илтгэл;
                 3.2.2. шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлого, тэргүүлэх чиглэл, мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн санал;
3.2.3. шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт,  үр дүн;
3.2.4. яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.2.5. Төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын шинжлэх ухаан,  технологийн үйл ажиллагааны үр дүн, тайлан;
 
3.2.6. суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэхэд зарцуулагдах санхүүжилтийн харьцааг тогтоох асуудал;
3.2.7. шинэ технологи нэвтрүүлэх, тэргүүний технологи нутагшуулах технологийн парк, инкубатор, тэргүүлэх зорилтын сүлжээ байгуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох;
3.2.8. улсын хэмжээгээр тухайн жилд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр;
 3.2.9. боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх;
3.2.10. төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологийн төслүүд, тэдгээрийн үр дүнг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.2.11. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж  байгаа байдал, эдийн засаг, нийгмийн үр нөлөө;
3.2.12. үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн  хөгжүүлэх бодлого, түүний үр дүн;
3.2.13. эрдэм шинжилгээ, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх асуудал;
3.2.14. эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйл ажиллагааны үр дүн, чанар, өгөөжийг дээшлүүлэх;
3.2.15. Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны тайлан;
3.2.16. хууль, тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
            3.3. Үндэсний зөвлөл хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дор дурдсан эрх эдэлнэ:
                        3.3.1. шинжлэх ухаан, технологийн асуудлаар яам, Засгийн газрын агентлаг, дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн газраас холбогдох мэдээллийг гаргуулан авах;
                        3.3.2. Үндэсний зөвлөлийн эрхлэх асуудлаар яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын удирдлагын илтгэл, сонсголыг хэлэлцэх;
                        3.3.3. шинжлэх ухаан, технологийн болон инновацийн хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулан ажиллуулах,  тайланг хэлэлцэх.
 
 
              Дөрөв. Үндэсний зөвлөлийн ажиллах журам
     4.1. Үндэсний зөвлөлийн ажиллах үндсэн хэлбэр нь хурал байна.
4.2. Үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг улиралд 1 удаа хуралдуулна. Үндэсний зөвлөлийн ээлжит бус хурлыг үндэсний зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулж болно.
4.3. Үндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
4.4. Үндэсний зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга даргална.
4.5. Үндэсний зөвлөлийн хурлын материалыг ажлын дөрвөөс доошгүй  өдрийн өмнө гишүүдэд тараасан байна.
4.6. Хурлаар хэлэлцэх зарим асуудлаар салбарын эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж санал, дүгнэлтийг нь сонсож болно.
4.7. Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэр нь олонхийн саналд үндэслэнэ. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар шийдвэр гаргана.
4.8. Үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэлд хурал даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
4.9. Санхүүжилттэй холбоотой асуудлаар гарсан Үндэсний зөвлөлийн шийдвэр нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажсан байна.
4.10. Үндэсний зөвлөлийн хурлын дэгийг Үндэсний зөвлөлийн орлогч дарга баталж, мөрдүүлнэ.      
 
 
                     -------оОо--------