A

A

A

Бидний тухай

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн мэдээллийн төв, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын давтан сургалтын төв, Цагдаагийн академийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэн болон Хуульчдыг давтан сургах төвийг тус тус нэгтгэн "Хууль зүйн үндэсний төв" нэртэйгээр байгуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 222 дугаар тушаалаар баталсан. Тус төвийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 18 дугаар тогтоолоор Хууль зүйн үндэсний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 33 дугаар тушаалаар Хүрээлэнгийн дүрэм, 62 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчилэн баталсан.

Хүрээлэн үйл ажиллагаандаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын нийтлэг зорилго, үйл ажиллагааны зарчмыг удирдлага болгож, дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд,

  1. Хууль зүйн бодлогын суурь болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх;
  2. Хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх;
  3. Хуулийн төсөл боловсруулахад бодлогын болон хавсарга судалгаа, бусад мэдээллээр дэмжлэг үзүүлэх;
  4. Эрх зүйн харьцуулсан судалгаа хийх замаар үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;
  5. Гадаад орнуудын хууль тогтоомжийг эрдэм шинжилгээ, судалгаанд зориулан орчуулах;
  6. Төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлэх;
  7. Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу болон захиалгаар зохион байгуулах;
  8. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
  9. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэн мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг хангаж, хэрэглэгчдэд үйлчлэх;
  10. Эрх зүйн судалгааны үр дүнг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын хууль зүйн эрдэм шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
  11. Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинарыг зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;
  12. Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах;
  13. Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах.