A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 ны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (АТ дипломат бэлэг авах, зарцуулах)

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, зарцуулах, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

3. Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, зарцуулах, тайлагнах журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

4. Засгийн газрын 2008 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн ёслолын журам"-ын 18.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"18.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бэлэг дурсгалын зүйл хүлээн авах, өгөх асуудлыг "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор баталсан журам болон "Зардлын норматив, журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаар тогтоолын дагуу тус тус шийдвэрлэж байна."

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам"-ын "Бэлэг, дурсгалын зүйл хүлээн авах, тайлагнах, зарцуулах" гэсэн Гуравдугаар бүлгийг, мөн журмын Дөрөвдүгээр бүлгийн 16 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6. Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР