Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ

/Шинэчилсэн найруулга/

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч (цаашид “албан татвар төлөгч” гэх)-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “албан татвар” гэх)-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэр томьёог хэрэглэнэ.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зориулалтаар бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан хувь хүнд энэ журам хамаарна.

2.2.Энэ журмын 2.1-д заасан зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь албан татвараас чөлөөлөгдсөн бол энэ журамд хамаарахгүй.

Гурав. Албан татварыг буцаан олгох нөхцөл

3.1.Албан татварыг буцаан олгоход дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай:

3.1.1.албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зориулалт нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх;

3.1.2.албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

3.1.3.татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, нэгдсэн болон хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх;

3.1.4.албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх; /Тайлбар: төлбөрийн баримтын мэдээлэл баталгаажсан гэдэг нь нэгдсэн систем дэх худалдан авалтын бүртгэлийн мэдээллийг албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн оруулсан мэдээлэл харилцан нийцэж бүртгэгдсэн байхыг ойлгоно./

3.1.5.албан татвар төлөгч нь нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

Дөрөв. Албан татвар төлөгч буцаан олголтод хамрагдах

4.1.Албан татвар төлөгч нь энэ журмын зорилгоор төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэг (цаашид “хэрэглэгчийн хэсэг” гэх)-т нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг кирилл үсгээр бүртгүүлж, баталгаажуулна. (Энэхүү хэрэглэгчийн хэсгийн тусламжтайгаар албан татвар төлөгч нь төлсөн албан татвар болон буцаан авах албан татварын хэмжээгээ хянах боломжтой).

4.1.1.хэрэглэгчийн овог, нэр;

4.1.2.регистрийн дугаар;

4.1.3.цахим шуудан /имэйл/-ийн хаяг;

4.1.4.утасны дугаар;

4.1.5.албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.

4.2.Албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна:

4.2.1.албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

4.2.2.төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

4.2.3.албан татвар төлөгчийн энэ журмын 4.1.5-д заасан мэдээлэл зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

4.3.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.1-т заасан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажихгүй бол энэ талаар нэгдсэн системээр дамжуулан татварын албанд мэдэгдэнэ.

4.4.Төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн хугацаанд багтаан холбогдох өөрчлөлтийг албан татвар төлөгч хэрэглэгчийн хэсэгт, харин албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.

4.5.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

4.6.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.

Тав. Албан татвар суутган төлөгчийн эрх, үүрэг

5.1.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн системийг заавал ашиглана.

5.2.Албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна.

5.3.Албан татвар суутган төлөгчийн техникийн нөхцөлөөс хамаарч энэ журмын 5.2-т заасан мэдээллийг тухай бүр дамжуулах боломжгүй бол 3 хоног тутам дамжуулах үүрэгтэй.

5.4.Татварын албанаас төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд дамжуулахыг шаардсан тохиолдолд албан татвар суутган төлөгч ажлын 3 хоногийн дотор холбогдох мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

5.5.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн систем ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нэгдсэн системд шууд мэдээлэл дамжуулах боломжгүй болсон буюу төлбөрийн баримтыг хэвлэх, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон тохиолдолд холбогдох гүйлгээний мэдээллийг албан татвар төлөгчид бүрэн хүргүүлж, 7 хоногийн дотор уг мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

 

Зургаа. Албан татвар буцаан олгох

6.1.Тухайн жилд буцаан олгох албан татварын хувь, хэмжээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.13-д заасныг үндэслэн тухайн жилийн төсвийн төсөлд тусгасан хувь, хэмжээгээр тооцож олгоно.

6.2.Албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварын буцаан олголтыг жилд нэг удаа түүний хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн буцаан олголт авах харилцах болон хадгаламжийн дансанд олгоно.

6.3.Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг энэ журмын 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянаж, тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олгох татварын хэмжээний саналыг ажлын 7 өдөрт багтаан хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг буцаан олголтыг Монголбанк болон Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан гүйцэтгэж болно.

6.6.Төрийн сангийн газар санхүүжилтийг Монголбанк болон Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 45 хоногийн дотор санхүүжүүлнэ.

6.7. Татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтыг Монголбанк болон Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан хүлээн авагчийн дансанд шилжүүлнэ.

6.8. Монголбанк дахь тусгай дансаар дамжуулан гүйцэтгэх албан татварын буцаан олголтыг тусгайлсан гэрээгээр зохицуулна.

6.9.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь санхүүжилт орсоноос хойш ажлын 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу Төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/ болон файлыг Төрийн санд ирүүлж гүйлгээг хийнэ. Төлбөрийн хүсэлтэд доорх мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байна.

- Хүлээн авагчийн нэр;

- Хүлээн авагчийн регистерийн дугаар;

- Хүлээн авагчийн банк;

- Хүлээн авагчийн дансны дугаар;

- Мөнгөн дүн.

6.10.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Төлбөрийн хүсэлтийн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

6.11.Албан татвар төлөгчийн буцаан олголт хүлээн авах банк, дансны дугаар зөрүүтэйн улмаас гүйлгээ хийгдээгүй тохиолдолд нэгдсэн системээс албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлнэ.

6.12.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа залруулгын гүйлгээний хүсэлтийг Төрийн санд хүргүүлнэ.

6.13.Төрийн сан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн татварын 20 хүртэл хувийн албан татварын буцаан олголтын мөнгөн дүн, бүртгэгдсэн банкны дансны мэдээллийг хариуцахгүй болно.

6.14.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийж тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн дансруу буцаан төвлөрүүлнэ.

6.15.Албан татвар төлөгч нь буцаан авалтаа авсаны дараа энэ журмын 4.4-т заасны дагуу төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орсоны улмаас буцаан авалтын дүнд өөрчлөлт орж, албан татвар төлөгчид татварын өр үүсч байгаа бол татварын алба энэ талаар албан татвар төлөгчид мэдэгдэж илүү авсан буцаан олголтыг буюу шинээр үүссэн өрийг нөхөн төлүүлэх эсхүл дараагийн хугацаанд буцаан авах албан татвараас суутган тооцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.16.Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

6.11.1.“хянагдаж байгаа”-буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;

6.11.2.“баталгаажуулалт”-хянасан дүнг баталгаажуулсан;

6.11.3.“урамшууллыг шилжүүлсэн”-баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр Төрийн санд шилжүүлсэн;

6.11.4.“урамшууллыг олгосон”- татвар төлөгчид урамшууллыг олгосон;

6.11.5.“буцаагдсан”- татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан;

6.11.6.”Системд хянагдаж буй” - хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж байгаа.” гэсэн төлөвтэй байна.

6.17.Нэгдсэн системээс баталгаажуулж гаргасан мэдээлэл татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоологдож боловсруулагдсан эсэхэд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

Долоо. Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

7.1.Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй;

7.2.Албан татвар төлөгчид  нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.