A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

"МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.32 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. "Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг жил бүрийн 5 дугаар сард багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ