A

A

A

Бүлэг: 1979

        МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 48

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Худалдааны тухай хуулийн төсөл;

6/Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл;

7/Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

8/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Гэмт хэргийн тухай хуулийн төсөл;

10/Зөрчлийн тухай хуулийн төсөл;

11/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Монгол хэлний тухай хуулийн төсөл;

13/Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Хяналтын тухай хуулийн төсөл;

16/Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

17/Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

19/Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

20/бусад.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Н. Алтанхуяг/, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД