A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2003 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БүТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2003 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, "ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БүТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 58 ДУГААР ТОГТООЛ, "ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ,ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ЗАСГИЙН ГАЗРЫН 2002 ОНЫ 272 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 2, 4 ДЭХ ХЭСЭГ, АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2003. 05.21 Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Л.Рэнчин, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа илтгэгч нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн Д.Нармандах, А.Батсайхан, М.Чимэддорж, Ч.Балжинням, Б.Эрдэнэцэцэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбожав, С.Төмөр, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаан, Ш.Батбаяр нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч Дамдинжавын Нармандах, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч Авирмэдийн Батсайхан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч Мишигийн Чимэддорж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч Чүлтэмийн Балжинням, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч Бат- Очирын Эрдэнэцэцэг нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө:

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан хүснэгтийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25, “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн ... хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, ... хөрөнгө ..., эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах ... – ыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байна.

I. 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөнийг өргөдөл гаргагчид дараах үндэслэлээр тайлбарлаж байна:

а/ 1995 онд батлан гаргасан нийгмийн даатгалын багц хуулиуд болон 1999 онд нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын сангууд нь өмчийн бүх хэвшлийн байгууллагууд, түүнчлэн ажилтан, албан хаагчид цалингаасаа шимтгэл төлж бүрдүүлдэг холимог өмчийн сан болсон билээ. Иймд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө биш, харин холимог өмчийн хөрөнгө юм. Энэхүү холимог өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааг зохицуулсан нийгмийн даатгалын багц хуулиуд байсаар байтал төсөв, санхүүгийн тухай хуулиудаар уг харилцааг давхар зохицуулж байгаа нь нийгмийн даатгалтай шууд холбогдсон хуулиудаа дээдлэн үзэж хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг мөн. Нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг ийнхүү төсөв, санхүүгийн тухай хууль тогтоомжоор үгүйсгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна.

б/ Нийгмийн даатгалын сангууд нь холимог өмчийн хөрөнгө гэдгийг Улсын Их Хурал, Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагад хамааруулан үзэж төвлөрсөн төсвийн хуульд тусгаснаар нотлогдсон юм. Ийм учраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1. ж, 2.1.19 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна.

в/ Нийгмийн даатгалын тогтолцоо нь гурван талт өөрийгөө удирдах удирдлагатай, холимог өмчийн хэвшилд хамрагдах өвөрмөц байгууллага хэлбэрээр хөгжиж байгаа билээ. Энэ нөхцөлд төр нь олон арван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө бүхий нийгмийн даатгалын сангуудыг холимог өмчийн өвөрмөц хэлбэрийнх нь хувьд хөгжүүлэх зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Гэтэл нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүнд хамааруулж улмаар төрийн өмч байдлаар ашиглах, нийгмийн даатгалын байгууллагыг төрийн захиргааны байгууллага хэлбэрээр хөгжүүлэх зохицуулалт хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна.

г/ Нийгмийн даатгалын шимтгэл нь ирээдүйд тохиолдож болох эрсдэлээс хамгаалах зорилгоор нийгмийн даатгалын санд хадгалуулж буй даатгуулагчийн хувийн өмч учир энэхүү өмчөө даатгуулагчид нь эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй. Гэтэл Засгийн газар нийгмийн даатгалын сангуудыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар уг хөрөнгийн чөлөөт үлдэгдэл болон хуримтлалыг эзэмших, ашиглах, зориулалтын бус зүйлд зарцуулах бололцоотой болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ.

I. 2. Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байгааг өргөдөл гаргагчид дараах үндэслэлээр тайлбарлаж байна:

а/ Улсын Их Хурал, Засгийн газар нь нийгмийн даатгалын сангуудыг холимог өмчийн хэлбэрт шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага нь улсын нэгдсэн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэггүй бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх зарчмын хүрээнд буюу дээр дурдсан холимог өмчийн сангуудаас үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхөж ажилладаг учир тэрээр төрийн захиргааны байгууллагад хамаарагдах ёсгүй. Иймээс Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгож баталсан дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна.

б/ Нийгмийн даатгалын байгууллага нь холимог өмчийн хэвшилд хамаарагддаг, өөрийгөө удирдах удирдлагатай үйлчилгээний байгууллага болох чиглэлээр хөгжиж байна. Гэтэл Улсын Их Хурал, Засгийн газраас нийгмийн даатгалын тогтолцоог төрийн захиргааны төсөвт байгууллага байдлаар хөгжүүлэх зохицуулалт хийж дээр дурдсан тогтоолд тусгажээ. Иймд дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна.

в/ Улсын Их Хурлын тогтоолын дагуу нийгмийн даатгалын байгууллагыг төрийн захиргааны байгууллагад хамааруулж, улмаар нийгмийн даатгалын сангуудыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар энэхүү холимог өмчийг өмчлөгч даатгуулагчдын уг өмчөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд нь халдах бололцоотой болж байна. Энэ нь дээр дурдсан тогтоолын хавсралтын 25 дугаар заалт нь мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөнийг харуулж байна гэжээ.

I.3. Монгол Улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2,4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна:

а/ Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна”, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах” нэрийн дор хуулийн эдгээр заалтыг зөрчиж Монгол Улсын Засгийн газраас 272 дугаар тогтоол /2 дугаар заалт/ гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна.

б/ Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоол, “Төрийн сангийн тогтолцоонд шилжих тухай” Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоол зэргийг үндэслэж Нийгмийн даатгалын байгууллагуудын дансан дахь болон банкинд хадгалуулсан хуримтлалын хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд албадан шилжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн байна. Ер нь нийгмийн даатгалын холимог өмчийн хэлбэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь банк, санхүүгийн талаар дэс дараалан боловсруулж гаргасан дээр дурдсан хууль, тогтоолуудаас ил тод харагдаж байгаа юм.

в/ Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын 5 төрлийн сангийн хөрөнгийг ямар банкинд хадгалуулахыг өөрөө шийдвэрлэж ирсэн. Гэтэл Засгийн газар нь төрийн сангийн нэгдсэн дансанд нийгмийн даатгалын сангуудыг хүчээр байршуулж Нийгмийн даатгалын байгууллагын дээр дурдсан эрхийг хязгаарлаж түүний цаашдын хөгжлийг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм учраас Засгийн газрын 272 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна.

г/ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулснаар даатгуулагч иргэдийн хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, өв залгамжлуулах эрх зөрчигдөж тэдний хөрөнгийг Засгийн газар зориулалтын бус зүйлд дайчлах бололцоотой болж байна. Ийм учраас Засгийн газрын 272 дугаар тогтоолын 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байгаагаа Цэцэд хандагсад өргөдөлдөө дурджээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Гомбожав, С.Төмөр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хууль, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын зарим зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тухай нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Нэгдүгээрт, Социализмын үеийн нийгмийн даатгал нь нийгмийн хангамжийн үндсэн хэлбэрийн нэг болж байсан бөгөөд энэ нь хөдөлмөрчдөөс өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, болон тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн материаллаг хангамжийн төрийн систем байв. Эдгээр арга хэмжээг албан байгууллага, үйлдвэр зэрэг бусад байгууллагаас заавал оруулах шимтгэл болон улсын төсвийн татаасаар байгуулагддаг сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг байв. /Төрийн нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг байлаа/. Нийгмийн даатгалд төлөх шимтгэлийг үйлдвэр, албан газар, байгууллага нь шимтгэлийг бүрэн төлж, хөдөлмөрчдийн цалин хөлснөөс эдгээртэй холбоотой аливаа суутгал хийдэггүй байв. Социализмын үеийн нийгмийн даатгалын удирдлагыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэрэгжүүлж байв. Өөрөөр хэлбэл тухайн нэг үйлдвэр, албан газар дээр ажиллаж байгаа бүх хүний нийгмийн даатгалын асуудлыг тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо хариуцдаг байсан.

Одоо манай улсад 1995 оноос нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдэж тогтсон билээ. Тухайлбал, өндөр насалсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, тэжээгчээ алдсан, ажилгүй болсон зэргээс шалтгаалан цалин хөлсгүй болсон тохиолдолд ажилчдад үзүүлэх нийгмийн халамжийн үндсэн хэлбэр мөн. Гол зарчим нь даатгуулсан ажилтны цалин хөлснөөс даатгалын зохих хувийг шимтгэлийг суутган авч даатгалын санд төвлөрүүлэх явдал билээ. Энэхүү даатгалын сангийн хөрөнгө нь даатгуулагчаас төлсөн шимтгэл, тухайн ажилтныг ажиллуулж байгаа үйлдвэр, албан газар, байгууллагаас төлсөн шимтгэл болон төрөөс олгосон татаас байна.

1.Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болж үйлчлэхээс өмнө /1995 оны 1 дүгээр сарын 1-нээс/ үүссэн үүргийн дагуу тэтгэврийн даатгалын санд Монгол Улсын төсвөөс жил бүр санхүүжилт өгч байгаа бөгөөд төсвийн санхүүжилтийн хэмжээ Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй шууд уялдаатайгаар жил бүр өгч байна. Улс орны үйлдвэрийн хөгжил, эдийн засаг сул өнөө үед тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дан ганц нийгмийн даатгалын орлогын өсөлтөөр хангах боломж үгүй юм. Ийм үед иргэдийн ялангуяа тэтгэвэр, тэтгэмж авагчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс төрийн бодлоготой хандаж хяналт тавьж байх явдал зайлшгүй болж байгаа юм.

2.Хэрэв нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, бүрдүүлэлтийн асуудлыг төр, засгийн хэрэгжүүлэх чиг үүргээс хамааралгүй болговол төрөөс тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх бодлого хэрэгжихгүй, зөвхөн нийгмийн даатгалын сангийн хуримтлалын хэмжээнд нийгмийн бодлого явагдах болно. Ийм нөхцөлд төрөөс тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах тэдний амьжиргааг дэмжих боломжгүй болж ядууралд өртөх боломж тэтгэвэр тэтгэмж авагчдын дунд буй болох юм.

3.Нийгмийн даатгалын сангийн жил бүрийн орлого, зарлага улсын нэгдсэн төсвийн тэнцэлд тусгагдаж байгаа нь улс орны хэмжээнд хүн амын гар дээр очиж байгаа мөнгөн орлого, зарлагын урсгалыг тооцож иргэдийн амьжиргааны түвшинг тодорхойлох, ядуурлаас хамгаалах, мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулах эдийн засгийн олон чухал арга хэмжээ юм.

4.Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 заалтад “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд харимтлуулан хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ” гэж тодорхойлсон. Нийгмийн даатгалын сангийн тодорхой хэсэг нь төсвийн хөрөнгө болохын хувьд улсын төсвийн бүрэлдэхүүнд орж орлого, зарлага нь улсын төсвийн тэнцэлд тусч батлагддаг.

Хоёрдугаарт, 1994 оны 5 дугаар сарын 31-нд баталсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1/тэтгэврийн, 2/тэтгэмжийн, 3/эрүүл мэндийн, 4/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, 5/ажилгүйдлийн зэрэг 5 төрлийн даатгалын сан байгаа бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Улсын Их Хурлаас байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл баталж байх заалт мөрдөгдөж байгаа болно.

“Нийгмийн даатгалын тухай” Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлд нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний удирдлага дор ажиллаж, нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилох, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 1 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн нь харъяа яам болон түүнд хууль тогтоомжоор харъяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байхаар тус тус заасны дагуу нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нь нийгмийн даатгалын төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч юм.

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлд улсын төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийг тусгаж, төсвөөс санхүүжиж байгаа бүх байгууллагын төсөв аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамрагдах, 33 дугаар зүйлд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсөвт улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагыг төрөл, анги бүрээр, улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөл бүрээр тусгахаар тус тус заасныг үндэслэн “Монгол Улсын 2003 оны төсвийн тухай” хуулийн 2.1.19 дүгээр заалтад нийгмийн даатгалын сангийн зардлыг эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган баталсан юм.

Тухайлбал: а/ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчөөгүй, учир нь нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулсан асуудлыг илүү нарийвчлан тодруулж өгсөн болно.

б/ Нийгмийн даатгалын сангуудыг төвлөрсөн төсвийн хуульд тусгасан явдал нийгмийн даатгалын орлого нь татварын орлого биш харин нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлого гэж тооцож, төсвөө баталж ирсэн байдаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэснийг зөрчөөгүй билээ.

в/ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй, учир нь нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүнд хамааруулсан нь нийгмийн даатгалын орлого нь татварын орлого биш, харин нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлого гэж тооцож, төсвөө баталж ирсэн уламжлалтай, гэхдээ өмнө дагаж мөрдөж байсан Төсвийн тухай хууль тогтоомжоор зүйлчлэн заагаагүй байлаа. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь төсвийн орлого гэж урьд нь байсан одоо ч байгаа болно.

г/ Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 14.1-д заасны дагуу Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ улмаар төрийн сангийн дансыг Монголбанк, түүний харъяа салбарууд болон гэрээний үндсэн дээр арилжааны банкуудад байршуулж болно гэж заасны дагуу хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалыг эзэмших, ашиглах, зарцуулалтын асуудал банкнаас харилцагчтай харилцдаг журмаар явагдах тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно.

Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч” агентлаг гэсэн баганын 25 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна” гэж заасны дагуу 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 18.2.1-ийн Засгийн газар үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулж ажиллуулж болно, мөн Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.2-д “Засгийн газар агентлаг байгуулах саналыг тухайн агентлагийн нийлүүлэх бүтээгдэхүүн нь төрийн чиг үүрэгт хамаарч байгаа; хуульд заасан болон уг бүтээгдэхүүнийг тухайн агентлагаар хийж гүйцэтгүүлэхээр Засгийн газар тодорхойлсон бол Улсын Их Хуралд гаргана” гэсэн заалтыг удирдлага болгосон билээ.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8/Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд нийгмийн даатгалын бодлого орж байгаа тул Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хамааруулсан болно.

“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/ орон нутгийн салбар, нэгж /төлөөлөгч, байцаагч/-ээс бүрдэж байгаа бөгөөд 24 дүгээр зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлж орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж үйлчилгээг сайжруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Мөн хуулийн 21, 26 дугаар зүйлд Засгийн газар нь нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг батлах, 22 дугаар зүйлд нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, ...удирдлагын дор ажиллан, нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй зөвшилцөж томилох, нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгохоор тус тус заасан байна.

Өмнө нь дагаж мөрдөж байсан Улсын Их Хурлын шийдвэрүүдэд тухайлбал, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2000 оны 32 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 3 дахь баганын 23, мөн “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай” 1996 оны 40 дүгээр тогтоолоор баталсан 3 дахь баганын 33-т Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тус тус баталж байжээ.

Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

“Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх талаар:

1.”Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ” гэж заасан болон “Төрийн сангийн тогтолцоонд шилжих тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоолын дагуу төрийн сангийн нэгдсэн сангийн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн орлого, зарлагатай холбогдолтой Засгийн газрын гадаад, дотоод бүх төлбөр тооцооны гүйлгээ Төрийн сангаар дамжин гүйцэтгэгдэж байна. Өөрөөр хэлбэл төрийн сан нь зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй боловч улсын төсөвтэй харилцаж төсвөөс санхүүждэг байгууллагууд, Засгийн газрын тусгай зориулалтын сангууд болон Засгийн газрын агентлагуудын харилцах дансыг байршуулж төрийн өмнө банкны үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж байна.

2.”Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын сангуудыг төрийн нэгдсэн санд 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс байршуулж тэтгэвэр, тэтгэмж тавьж олгох ажлыг тасалдалгүй зохион байгуулан журам гарган ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай” гэж заасан нь Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.3 хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого улсын төсвийн бүрэлдэхүүн байна”, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь заалтад “…нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох…”, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт, хэрэгжилт, улсын хяналт шалгалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ”, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалтад “Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд: -нийгмийн даатгалын бодлого” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэрлэжээ.

3.Нийгмийн даатгалын сангуудыг төрийн санд байршуулснаар уг сангуудыг эрсдлээс хамгаалах, тухайн сангуудаас даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээг нийгмийн даатгалын багц хуулиудын дагуу цаг хугацаанд нь зохих ёсоор нь гүйцэтгэх боломж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалт, удирдлага, санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хараат бусаар, бие дааж явуулах эрх нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын төв байгууллагад хадгалагдаж байна.

4.Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоол батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангуудын харилцах данс нь арилжааны банкинд байршиж, орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээ нь арилжааны банкаар дамжин гүйцэтгэгдэж байсан бөгөөд арилжааны банкууд нь аж ахуйн нэгж, байгууллага, нийгмийн даатгалын сангуудын харилцах данс, иргэдийн хадгаламжийн хөрөнгөөр зээл олгож ашиг олж байсан юм. Харин төрийн сан нь зээл олгодоггүй учир нийгмийн даатгалын сангийн хувьд эрсдэлд өртөхгүй байх баталгааг бүрдүүлж байна.

5.Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь төв, орон нутгийн төрийн сангуудад нийгмийн даатгалын сан тус бүрээр тухайн даатгалын байгууллагын нэрээр тусгай дансанд байршиж байгаа нь Нийгмийн даатгалын тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь …мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна”. 10 дугаар зүйлийн 2, “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр төрлийн санд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал дараах тайлбарыг гаргав:

“Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болно” гэж Монгол Улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж, төсвийн байгууллага банк байгуулахыг хориглосон байхад Санхүү, эдийн засгийн яам нь “Төрийн сан” буюу “Төрийн банк” байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг бүдүүлгээр зөрчиж байна.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэж заасныг нийгмийн даатгалын орлого улсын санхүүгийн нэгдсэн системд тусгалаа олно гэж өргөн утгаар тайлбарлах боломжтой. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэмд /1994/ зааснаар нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлыг шимтгэлийн орлогоос санхүүжүүлдэг боловч энэ нь иргэний эрх зүйн хуулийн этгээд биш юм. Нийгмийн даатгалын бүх шатны байгууллага жилийн орлого, зарлагын төсөвтэй. Мөн улсын төвлөрсөн төсвөөс нийгмийн даатгалын сан, тухайлбал тэтгэврийн даатгалын санд олгох хөрөнгийг жил бүр тогтоох талаар Нийгмийн даатгалын тухай хуулиар /1994/ зохицуулсан байдаг. Төсөв бол мөнгөн орлого, зарлагын нэгдсэн гүйлгээний тэнцэл бөгөөд улсын төсөв нь улсын хэмжээний хүрээнд үйлчлэх мөнгөн хөрөнгийн нэгдсэн баланс юм. Нийгмийн даатгалын шимтгэл нь зөвхөн хуульд заасан тодорхой зориулалтаар ашиглагдах ёстой холимог өмчийн хөрөнгө мөн боловч улсын хэмжээнд гүйлгээнд байгаа нийтийн мөнгөн хөрөнгийн бүрдүүлбэрт багтана. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг улсын хэмжээний мөнгөн хөрөнгийн нэгдсэн тэнцэлд тусгаж байгаа нь тус хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцаанд нөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бий болгохгүй. Иймд Нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэсэн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлогод хамааруулахаар хуульд тодорхойлсон нь энэ шимтгэлийг өргөдөл гаргагчдын ойлгож байгаа шиг төсвийн дутууг нөхөхөд зарцуулж болно гэсэн ойлголт биш бөгөөд гагцхүү төсвийн орлого зарлагын тэнцлийн бүрдлийг задлан харуулах гэсэн зорилттой гэж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна. Нөгөө талаар даатгалын шимтгэл нь татварын нэгэн өвөрмөц хэлбэр гэж эдийн засаг, хууль зүйн утга зохиолд тайлбарладаг үзэл онол байдгийг ч анхаарахад илүүдэхгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг төсвийн орлогын хэлбэрт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн /2002/ 2.1.19-д зааснаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцийг Монгол Улсын 2003 оны төсвийн зарлагын нийт дүнд оруулан тооцсон байна. Төсвийн багцыг нийт 18 байгууллага, сан бүрдүүлэх ба үүнд нийгмийн даатгалын сан мөн хамаарч байна. Хууль тогтоогч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар /1993/ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлан Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээг тогтоохдоо нийгмийн даатгалын бодлогыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалуулжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг улсын хэмжээний мөнгөн хөрөнгийн нэгдсэн тэнцэлд тусган улмаар төсвийн бүрэлдэхүүнд хамааруулж байгаа, мөн төрийн хөгжлийн шилжилтийн үе шатанд нийгмийн даатгалын тогтолцоонд өөрөө удирдах ёсны зарчим үүсч хэрэгжих хүртэл нийгмийн даатгалын бодлогыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг нийтлэг жишиг байдгийг үндэслэн Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 2.1.19 заалтаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцийг Монгол Улсын 2003 оны төсвийн зарлагын нийт дүнд оруулан баталсныг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын 25 дахь заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхийг шалган үзэхэд, нийгмийн даатгалын тогтолцоо нь хөрөнгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, даатгалын үйлчилгээ үзүүлэх тохиолдол зэргээр дан ганц улсын төсвийн хөрөнгөөс санхүүждэг нийгмийн халамжийн өмнөх тогтолцооноос үндсээрээ ялгаатай байна. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага өөрөө удирдах ёсны зарчмаар ажиллах нөхцөл бүрэлдэн тогтож, нийгмийн даатгалын төлбөр тооцоо хийх журам олон улсын стандартад нийцэн, даатгалын сангуудын зарцуулалтад тавих бүх төрлийн хяналтын механизмыг шинэчилж дуусах хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлаар ажиллаж байгааг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо нь төрийн даатгалын тогтолцоо бөгөөд хувийн даатгал биш юм. Энэ нь даатгалын шимтгэл түүний хэмжээ, даатгал олголтын хэмжээ журам нь бүгд төрийн хуулиар тодорхойлогддогоор илэрнэ. Нөгөө талаар даатгалын тохиолдлын төлбөр болон байж болох бүх эрсдэлийг төр дангаараа үүрч хариуцдаг нь нийгмийн даатгал нь төрийн үйл ажиллагаа гэдгийг харуулж байна. Нийгмийн даатгалын хөрөнгө нь нийтийн өмч бөгөөд төрийн эзэмшилд байж, түүний шийдвэрээр зөвхөн даатгалын зориулалтаар зарцуулагддаг. Иймд Засгийн газар даатгалын хөрөнгийг төвлөрүүлж, хяналтыг тодорхой болгох, аливаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байгаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2. Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн 1.1.1.ж-д зааснаар албан татварын орлогод нийгмийн даатгалын шимтгэлийг хамааруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын 2003 оны Төсвийн тухай хуулийн 2.1.19 заалтаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцыг төсвийн зарлагын нийт дүнд хамааруулан баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв зэалгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

4.Улсын Их Хурлаас 2002 онд баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоолын хавсралтын 25 дахь заалтаар Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хамааруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

5.Монгол Улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2002 оны 272 дугаар тогтоолын 2 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

6.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД Л.РЭНЧИН

Ч.ДАШНЯМ

В.УДВАЛ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, 2003 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БүТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 58 ДУГААР ТОГТООЛ, “ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ,ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 2002 ОНЫ 272 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 2, 4 ДЭХ ХЭСЭГ, АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/