A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар

зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 16:00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ..." хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай" 81 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"...Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ..." гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна.

Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл:

Нэгдүгээрт, "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх";

Хоёрдугаарт, "Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох" гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо "бөгөөд" гэдэг дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд "буюу" гэдэг холбоосын утгыг "эсвэл, юм уу, юм үү" гэж тайлбарласан ба "эсвэл" гэдгийг тус тольд "нэг бол, үгүй бол" гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна.

... Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/-ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. ...

Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд "дүүрэг дундын шүүх"-ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь "дүүрэг дундын шүүх" буюу ... дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. ...

1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад:

Нэгдүгээрт, "... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна. ...",

Хоёрдугаарт, "Шүүх байгуулах тухай" 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн "Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх , Хан-Уул, Туул дүүргийн шүүх," гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. ..." гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ..." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Хоёр. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/7864 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж тус тус заасан билээ.

Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг "ерөнхий шүүх", "тусгай шүүх" гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог "үндсэн", "дагнасан" гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх" бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ.

Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг "анхан шатны шүүхийн нэгж", "дүүрэг дундын шүүх" гэсэн хуулийн нэр томъёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас "дүүрэг дундын шүүх"- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, "Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх" нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм.

Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. ...

Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "... тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдсон. ..." гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчихөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас баталсан билээ.

Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно.

Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"... Шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг "аймаг", "нийслэл" тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдон, түүнд тусгагдсан байна.

... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох "аймаг", "нийслэл", "дүүрэг"-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. ...

... Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран:-аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

-аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар,

Анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд:

-дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

-дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх;

-сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл, хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг "тойргийн" журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. ...

... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. ...

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх..." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/8585 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

"... Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "аймаг дундын шүүх" гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж, улмаар "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Монгол Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ.

Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм.

Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав.

Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь:

а/аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх,

б/шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох,

в/иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах,

г/гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ.

Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно. ...

Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно." гэжээ.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 12 сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хянан хэлэлцэж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн байна гэсэн 07 дугаар дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

1. "Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог "үндсэн" ба "дагнасан" гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан, шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэн байгуулсан шүүхээс бүрдэхээр байна.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ." гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.

Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд "...1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. ..." гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасны дагуу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад заасан иргэний үндсэн эрхийг, тухайлбал, хууль зүйн туслалцаа авах, шүүхэд гомдол гаргах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээсэн байна.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай" хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх гэж нэрлэн хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна." гэжээ.

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэснийг зөрчсөн байна.

2. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх 2014 оны 07 дугаар дүгнэлтийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал хэлэлцээд 81 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

" 1. "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын "Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ... " гэснийг зөрчсөн байна гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Долоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс үндсэн ба дагнасан шүүхийн гэсэн хоёр төрлийн тогтолцоотой бөгөөд тэдгээр нь анхан болон давж заалдах, хяналтын гэсэн шатлалаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ бол манай шүүхийн тогтолцооны үндсэн мөн чанар мөн. Энэ мөн чанарыг хангах нь шүүхийн тогтолцооны үндсэн шаардлага юм. Харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ямар нэгжид шүүх байгуулах нь шүүхийн харьяалал, үр нөлөө, хүртээмжийн асуудал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэсэн хэдий ч мөн чанараар нь авч үзвэл аливаа этгээдийг шүүхээр хэрэг, маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх, давж заалдах гомдол гаргах эрхийг баталгаажуулсан шүүхийн тогтолцоог шатлан байгуулсан гэж үзэх учиртай.

... Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сум дундын шүүхийн шийдвэрт гомдож аймгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заагаагүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах буюу хоёрдугаар шатны шүүхийн шийдвэрийг хяналтын буюу гуравдугаар шатны шүүхэд тус тус давж заалдах эрхтэй гэдгийг заажээ.

"Шүүхийн тогтолцоо", "Шүүхийн харьяалал" гэсэн ойлголтыг ялгах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх гол сэжим мөн. "Шүүхийн харьяалал" нь шүүхийн хэрэг, маргаан харьяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн цар хүрээг илэрхийлдэг бөгөөд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд шүүхийн үр нөлөөтэй, хүртээмжтэй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан хууль тогтоогч түүнийг тогтоож байх учиртай.

Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийг ... хуулийн дагуу байгуулна." гэж заасан нь хаана, ямар шүүх байгуулахыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээр нэг бүрчлэн тодорхойлоогүй, харин хууль тогтоогч хүртээмжийг харгалзан тогтоож байхаар зохицуулсан нь харагдана.

Хууль тогтоогч шүүхийн харьяаллыг бүсчлэн тойргийн журмаар зохион байгуулах хууль баталсан нь шүүхийн тогтолцоог хөндөөгүй, харин Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэг, маргаан шийдвэрлэх шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тодорхойлсон хэрэг юм.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэж Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэснийг Монгол Улсын шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр зохион байгуулна, аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх оршино гэж тайлбарлан хэрэглэвэл шүүхийн тогтолцоог шүүхийн харьяаллаар сольж, шүүхийг тогтолцоог гажуудуулахад хүргэнэ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөвхөн шүүх байрлах орон зай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр шүүх байгуулна гэж тайлбарлавал шүүхийн босоо тогтолцоог буй болгохоос гадна улс орны хөгжил, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр дэд бүтцийг дагаад цаашид хот, том суурин үүсэж, хүн ам бөөгнөрөх үзэгдлийг дагуулж, шүүх байгуулах бололцоогүй болно. ...

Тийм учраас Монгол Улсын шүүхийн тогтолцоог тодорхойлсон Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээг шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулга, түүний бүрдэл хэсэг буюу иргэн гомдлоо шат шатны шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндсэн шатлал буюу хяналтын, давж заалдах, анхан шатны шүүх гэсэн шатлалаар тайлбарлан хэрэглэх нь зүйтэй юм.

... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэсэн хэм хэмжээ нь манай улсын шүүхийн харьяаллыг тодорхойлсон хэм хэмжээ биш юм.

Иймд Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны зарим шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр бүсчлэн байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалтыг зөрчөөгүй, харин Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу зарим шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ." гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.

Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд "...1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. ..." гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолын "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай" 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

 

 

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

 

Дугаар 01

 

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар

зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

 

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 16:00 цаг

 

               Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

 

               Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 81 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

                Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 

 

 “...Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна.

 

                 Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл: 

 

Нэгдүгээрт, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”;

 

Хоёрдугаарт, “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “буюу” гэдэг холбоосын утгыг “эсвэл, юм уу, юм үү” гэж тайлбарласан ба “эсвэл” гэдгийг тус тольд “нэг бол, үгүй бол” гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна.

 

... Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/-ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. ...

 

Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд “дүүрэг дундын шүүх”-ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь “дүүрэг дундын шүүх” буюу ... дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. ...

 

1994 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад:

 

Нэгдүгээрт, “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд  тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. 

 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна. ...”,

 

Хоёрдугаарт, “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх , Хан-Уул, Туул дүүргийн шүүх,” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. ...” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ.

 

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

                  Хоёр. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/7864 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

 

“... Монгол Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан билээ.

 

Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг “ерөнхий шүүх”, “тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ.

 

Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг “анхан шатны шүүхийн нэгж”, “дүүрэг дундын шүүх” гэсэн хуулийн нэр томъёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас “дүүрэг дундын шүүх”- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх” нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм.

 

Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. ...

 

Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “... тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдсон. ...” гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчихөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм.

 

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас баталсан билээ.

 

Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм.

 

Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно.

 

Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

                      Гурав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:    

    

“... Шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “аймаг”, “нийслэл” тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томъёологдон, түүнд тусгагдсан байна.

 

... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “аймаг”, “нийслэл”, “дүүрэг”-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. ...

 

... Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран:-аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

-аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар,

Анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд:

-дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

-дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх;

-сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл, хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг “тойргийн” журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. ...

 

 ... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. ...

 

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

 

                    Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин  Үндсэн хуулийн цэцэд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/8585 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

 

 “... Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “аймаг дундын шүүх” гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж,  улмаар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Монгол Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ.

 

Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм.

 

 Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав.

 

Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь:

а/аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх,

б/шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох,

в/иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах,

г/гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ.

 

Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно. ...

 

Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ.

 

                  Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 12 сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хянан хэлэлцэж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчсөн байна гэсэн 07 дугаар дүгнэлт гаргасан байна.

 

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан, шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэн байгуулсан шүүхээс бүрдэхээр байна.

 

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд,  Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.

 

Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд “...1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. ...” гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны дагуу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад заасан иргэний үндсэн эрхийг, тухайлбал, хууль зүйн туслалцаа авах, шүүхэд гомдол гаргах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээсэн байна.

 

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх гэж нэрлэн хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

 

             Дүгнэлтийн тогтоох хэсэгт:            

 

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна.

 

 2. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх 2014 оны 07 дугаар дүгнэлтийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал хэлэлцээд 81 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

 

“ 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ... ” гэснийг зөрчсөн байна гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Долоо. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс үндсэн ба дагнасан шүүхийн гэсэн хоёр төрлийн тогтолцоотой бөгөөд тэдгээр нь анхан болон давж заалдах, хяналтын гэсэн шатлалаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ бол манай шүүхийн тогтолцооны үндсэн мөн чанар мөн. Энэ мөн чанарыг хангах нь шүүхийн тогтолцооны үндсэн шаардлага юм. Харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ямар нэгжид шүүх байгуулах нь шүүхийн харьяалал, үр нөлөө, хүртээмжийн асуудал юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэсэн хэдий ч мөн чанараар нь авч үзвэл аливаа этгээдийг шүүхээр хэрэг, маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх, давж заалдах гомдол гаргах эрхийг баталгаажуулсан шүүхийн тогтолцоог шатлан байгуулсан гэж үзэх учиртай.

 

... Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сум дундын шүүхийн шийдвэрт гомдож аймгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заагаагүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах буюу хоёрдугаар шатны шүүхийн шийдвэрийг хяналтын буюу гуравдугаар шатны шүүхэд тус тус давж заалдах эрхтэй гэдгийг заажээ.

 

"Шүүхийн тогтолцоо", "Шүүхийн харьяалал" гэсэн ойлголтыг ялгах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх гол сэжим мөн. "Шүүхийн харьяалал" нь шүүхийн хэрэг, маргаан харьяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн цар хүрээг илэрхийлдэг бөгөөд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд шүүхийн үр нөлөөтэй, хүртээмжтэй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан хууль тогтоогч түүнийг тогтоож байх учиртай.

 

Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийг ... хуулийн дагуу байгуулна.” гэж заасан нь хаана, ямар шүүх байгуулахыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээр нэг бүрчлэн тодорхойлоогүй, харин хууль тогтоогч хүртээмжийг харгалзан тогтоож байхаар зохицуулсан нь харагдана.

 

Хууль тогтоогч шүүхийн харьяаллыг бүсчлэн тойргийн журмаар зохион байгуулах хууль баталсан нь шүүхийн тогтолцоог хөндөөгүй, харин Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэг, маргаан шийдвэрлэх шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тодорхойлсон хэрэг юм.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэж Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэснийг Монгол Улсын шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр зохион байгуулна, аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх оршино гэж тайлбарлан хэрэглэвэл шүүхийн тогтолцоог шүүхийн харьяаллаар сольж, шүүхийг тогтолцоог гажуудуулахад хүргэнэ.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөвхөн шүүх байрлах орон зай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр шүүх байгуулна гэж тайлбарлавал шүүхийн босоо тогтолцоог буй болгохоос гадна улс орны хөгжил, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр дэд бүтцийг дагаад цаашид хот, том суурин үүсэж, хүн ам бөөгнөрөх үзэгдлийг дагуулж, шүүх байгуулах бололцоогүй болно. ...

 

Тийм учраас Монгол Улсын шүүхийн тогтолцоог тодорхойлсон Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээг шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулга, түүний бүрдэл хэсэг буюу иргэн гомдлоо шат шатны шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндсэн шатлал буюу хяналтын, давж заалдах, анхан шатны шүүх гэсэн шатлалаар тайлбарлан хэрэглэх нь зүйтэй юм.

 

... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн хэм хэмжээ нь манай улсын шүүхийн харьяаллыг тодорхойлсон хэм хэмжээ биш юм.

 

Иймд Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны зарим шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр бүсчлэн байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалтыг зөрчөөгүй, харин Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу зарим шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна.” гэжээ.

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭЛ:

 

1.  Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.  

 

         Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд “...1. Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна. ...” гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

 

3. Монгол   Улсын   Үндсэн   хуулийн   цэцийн   2014  оны  12  дугаар  сарын  10-ны өдрийн 07 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2.Энэхүү  тогтоолын  “Тогтоох”  хэсгийн  1  дэх  заалтыг 2015 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

3.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД                                            П.ОЧИРБАТ
                                                            Н.ЖАНЦАН

                                                            Т.ЛХАГВАА

                                                            Ш.ЦОГТОО

                                                            Д.СУГАР

                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                            Д.СОЛОНГО  

                                                            Д.ГАНЗОРИГ