A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 2.2.2, 3.1.3 дахь заалт, Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.1, 6.2.2, 7.1.1, 7.1.4 дэх заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.2 дахь хэсэг, Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.1, 12.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар), Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

2. Төрийн банкнаас олгоод байгаа малчны зээлийн хүүг 18 хүртэл хувь болгон бууруулах арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

3. Малчдын үйлдвэрлэж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, малын халдварт өвчнөөс ангид эрүүл бүс байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар малчдын орлогыг сайжруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөтөлбөрийн төсөл боловсруулж 2016 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА