Хэвлэх DOC Татаж авах
Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах тухай

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр                                                                         Дугаар 126                                                                                                         Улаанбаатар хот

           

Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах тухай

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь заалт, 12.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын хилээр ойн хөнөөлт шавьж нэвтрэх, дамжин тархах, үй олноор үржиж ойн нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсгэхгүй байх, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.ОХУ-аас БНХАУ-д экспортлож Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж буй гуалин модыг зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгаж, гаалийн хяналтын талбайд удаан хугацаагаар хадгалан тээврийн хэрэгслийг сольж тээвэрлэх үйл ажиллагааг  2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн таслан зогсоохыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь ХМХА /О.Цогзолмаа/-д даалгасугай.

2.Дотоодын хэрэгцээнд зориулан Монгол улсад импортлох гуалингийн   экспортлогч орны талд тавих хорио цээрийн шаардлагыг өндөржүүлж, хилийн боомтод мод, модон материалыг зориулалтын бодисоор ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авч, энэхүү шийдвэрийг транзит гуалингийн тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, Хил хамгаалах болон Гаалийн байгууллагуудад албан ёсоор мэдэгдэхийг Хилийн мэргэжлийн хяналтын улсын алба /Г.Нанзад/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тус газрын Тамгын газар /Ж.Энхбаяр/-т даалгасугай.

 

 

ДАРГА                                              Ц.ШИЙРЭВДАМБА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2901 дүгээрт бүртгэв,