A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ, МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 196 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 196 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.2, 4.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Мал, амьтан, хүний шилжилт хөдөлгөөн болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт тавих зорилгоор Архангай аймгийн Цахир сумын "Солонготын давааны ам", Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Гуртын гүүр", Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын "Таацын голын гүүр", Төв аймгийн Лүн сумын "Гүүрний ам"-нд байгуулсан мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Бүс хооронд болон нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт өвчин дамжин тархахаас сэргийлэх, оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Төв аймгийн Баян сумын "14 дүгээр зөрлөг", нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Шар хөтөл", "Баруунтуруун", Хан-Уул дүүргийн "Өлзийт хорооллын уулзвар", "Таван толгойн гүүрний уулзвар", Багануур дүүргийн "Хэрлэнгийн гүүр", Налайх дүүргийн "4 дүгээр зөрлөг"-т мал эмнэлгийн хяналтын цэг байгуулж ажиллуулахыг Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт тус тус үүрэг болгосугай.

4. Шинээр байгуулах мал эмнэлгийн хяналтын цэгт ажиллах мэргэжилтэн, ажиллагсдын орон тоо, үйл ажиллагааны зардлыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан зохицуулалт хийж шилжүүлэн ажиллуулах замаар шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт тус тус даалгасугай.

5. Гоц халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор байгуулсан бүсүүд болон хяналтын цэгт мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх стратегийн ач холбогдлыг малчид, иргэдэд сурталчилж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог төлөвшүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. БУРМАА