- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалтыг тогтооход оршино.
2 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Цэргийн алба хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
2.4.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдох харилцааг хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчим
3.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь дараахь зарчимд тулгуурлана:
3.1.1.бүх төрлийн хангамж нь албан үүргээ гүйцэтгэхэд нийцсэн байх;
3.1.2.албаны үүргээ гүйцэтгэх үеийн халдашгүй байдал хамгаалагдсан байх;
3.1.3.захирах, захирагдах;
3.1.4.улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хууль нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарна.
4.2.Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
4.3.Энэ зүйлийн 4.2-т зааснаас гадна доор дурдсан нөхцөлийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно:
4.3.1.гадаад улс болон орон нутагт албан томилолтоор ажиллах;
4.3.2.дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцах;
4.3.3.цэргийн сургалт бэлтгэл, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох;
4.3.4.улсын хил, онц чухал объектыг хамгаалах;
4.3.5.орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд оролцох;
4.3.6.хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хорио цээрийн дэглэмийг сахиулах;
4.3.7.тэсэрч дэлбэрэх зүйл, цацраг идэвхт болон химийн хорт бодисыг аюулгүй болгох, устгах;
4.3.8.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах;
4.3.9.энхийг дэмжих ажиллагаанд оролцох;
4.3.10.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох;
4.3.11.томилгоот бусад үүрэг гүйцэтгэх.
4.4.Цэргийн албанд татагдагч цэрэг татлагын байрнаас цэргийн анги, байгууллагад хүрэх, хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан иргэн цэргийн анги, байгууллагаас орон нутагт хүрэх хугацааг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
4.5.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 4.5-д заасан албан тушаалын үүрэг гүйцэтгэсэн хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх
5.1.Цэргийн алба хаагч дараахь нийтлэг эрхтэй:
5.1.1.байлдааны бэлэн байдал, хууль бус үйлдэл, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар санал, хүсэлт, гомдлоо бүх шатны захирагч, дарга нарт амаар болон бичгээр тавьж, шийдвэрлүүлэх;
5.1.2.цэргийн алба хааж байгаагийн төлөө албан тушаалын ангиллын, алба хаасан хугацааны, цэргийн цолны мөнгөн хангамж эдлэх;
5.1.3.албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах;
5.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрснөөр цэргийн мэргэжлийн боловсрол олгох дипломын, бакалаврын, магистрын, докторын болон давтан, мэргэжил дээшлүүлэх сургалтад төрийн зардлаар суралцах;
5.1.5.мэргэжил, мэргэшил, ур чадвар, ёс зүйн болон дадлага туршлагаараа албан тушаал дэвшин томилогдох;
5.1.6.эрүүл мэндээ хамгаалуулах;
5.1.7.цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх.
6 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн үүрэг
6.1.Цэргийн алба хаагч дараахь нийтлэг үүрэгтэй:
6.1.1.эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдлэх;
6.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байх;
6.1.3.Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх;
6.1.4.албан тушаалын үүргээ биелүүлэх;
6.1.5.захирах, захирагдах зарчмыг мөрдөх;
6.1.6.гадаад улсад үүрэг гүйцэтгэхдээ тухайн улсын болон олон улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх;
6.1.7.цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих;
6.1.8.хариуцсан зэвсэг, цэргийн техникийг чадамгай эзэмшиж, хамгаалах;
6.1.9.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг алба хаах хугацаандаа болон албанаас чөлөөлөгдсөний дараа задруулахгүй байх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.10.мэдлэг, мэргэшлийн түвшнээ ахиулж байх.
6.2.Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.
6.3.Захирагч, даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДАВУУ ЭРХ, ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТ
7 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн давуу эрх
7.1.Цэргийн алба хаагч дараахь давуу эрхийг эдэлнэ:
7.1.1.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч жил бүр ажлын 15 өдөр, цэргийн сургуулийн сонсогч ажлын 25 өдрийн амралтыг биеэр эдлэх бөгөөд амрах газарт очих, буцахад зайлшгүй шаардагдах өдрийг амралтын хугацаанд тооцохгүй байх;
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.2.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид цэргийн жинхэнэ алба хаасан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгох;
7.1.3.тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцох;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.1.4.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь анги, байгууллагынхаа захирагч, даргын зөвшөөрснөөр уран бүтээл туурвих болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;
7.1.5.цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох;
7.1.6.алслагдсан болон хөдөө орон нутагт алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг цэргийн анги, байгууллага нь орон сууцаар хангах бөгөөд цэргийн анги, байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар хөнгөлөх;
7.1.7.цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.8.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч байнга оршин суух газартаа амины орон сууцтай болоход нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх;
7.1.9.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь ажлын нөхцөл, албан тушаал, мэргэжил, мэргэжлийн зэрэг, цэргийн цол, алба хаасан хугацаа зэргийг үндэслэж тогтоосон дүрэмт хувцасны болон мөнгөн хангамжтай байхаас гадна байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний болон эдийн хангамж, түүнчлэн нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж байгаа цэргийн анги, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсээр хангагдах;
7.1.10.гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.11.офицер, ахлагч нь цэргийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;
7.1.12.хугацаат албаны байлдагч, түрүүч, цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төр хариуцах;
7.1.13.цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүн цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх;
7.1.14.офицер, ахлагч шилжин томилогдох, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед түүнийг гэр бүлийн гишүүд, ачаа тээшний хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн хэрэгслийг анги, байгууллагаас гаргах буюу зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож олгох;
7.1.15.офицер, ахлагч өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдож эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байгууллага олгох;
7.1.16.алслагдсан цэргийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор түүний гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг улиралд нэг удаа олгох;
7.1.17.улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгох;
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.18.цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцах;
7.1.19.цэргийн алба хаагч ээлжийн амралтаар өөрийн төрсөн нутагтаа очих, буцаж ирэх замын зардлыг хоёр жилд нэг удаа цэргийн анги, байгууллага олгох;
7.1.20.хугацаат цэргийн алба хаагчийн шуудангийн үйлчилгээний зардлыг цэргийн анги, байгууллага хариуцах;
7.1.21.цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох.
7.1.22.алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2.Цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээний төрөл, тэдгээрийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
7.3.Офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хуулиар зохицуулна.
7.4.Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтыг Засгийн газар тогтоох бөгөөд мөнгөн тусламж, урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгана.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй цэргийн алба хаагчид албан тушаалын 1,5 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.
7.6.Офицер, ахлагчийн гэр бүлийн гишүүд анги, байгууллагад түүнтэй хамт ажиллаж болно.
7.7.Цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагчийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэйд тооцож, төрийн байгууллагад энгийн албан тушаалд томилон ажиллуулж болно.
8 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт
8.1.Цэргийн алба хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
8.1.1.улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох;
8.1.2.цэргийн нэгтгэл, анги, байгууллагад улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах;
8.1.3.төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах;
8.1.4.захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох;
8.1.5.хугацаат цэргийн алба хаагч цэргийн анги, байгууллагын зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах;
8.1.6.захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчих;
8.1.7.хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн алба хаагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах;
8.1.8.цэргийн анги, байгууллагад шашин сурталчлах;
8.1.9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;
8.1.10.мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх.
8.1.11.хууль тогтоомжид заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.2.Цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагыг үндэслэн цэргийн алба хаагчийн эрхийг дараахь байдлаар хязгаарлаж болно:
8.2.1.цэргийн алба хаагчийг хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад хэм хэмжээнд зааснаас илүү цагаар ажиллуулах;
8.2.2.захирагч, даргын шийдвэрээр цэргийн алба хаагчийн амралтын цагийг цэргийн дүрэмд заасны дагуу хязгаарлах;
8.2.3.цэргийн алба хаагчийн алба хааж байгаа ангийн байршлаас шалтгаалан түүний оршин суух газрыг тухайн анги, байгууллагын захирагч, дарга тогтоох.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЦАЛИН ХӨЛС, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
9 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн цалин хөлс
9.1.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цэргийн алба хаагчид цалин хөлс олгоно.
9.2.Цэргийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн ба цэргийн цолны цалингаас гадна доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:
9.2.1.байлдааны жижүүрлэлтийн болон тусгай үүргийн;
9.2.2.төрийн тусгай алба хаасан хугацааны;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.3.онцгой нөхцөлийн;
9.2.4.цэргийн мэргэжлийн зэргийн;
9.2.5.хилийн;
9.2.6.төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл хариуцсаны;
9.2.7.боловсролын болон эрдмийн зэрэг, цолны.
9.3.Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас бусад суутгал хийхийг хориглоно.
9.4.Цэргийн алба хаагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.
9.5.Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалин хөлс олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.6.Цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасан бусад нэмэгдэл, урамшууллыг олгож болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ
10 дугаар зүйл. Цэргийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх
10.1.Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч, даргын тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараахь тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй.
10.1.1.цэргийн харуул хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдах;
10.1.2.байлдааны зэвсэг, техникийг булаан авах оролдлого хийх;
10.1.3.цэргийн алба хаагч болон иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;
10.1.4.оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтнийг баривчлахад дэмжлэг үзүүлэх.
10.2.Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.
10.3.Цэргийн алба хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.
10.4.Цэргийн алба хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг цэргийн дүрмээр зохицуулна.
10.5.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох үеийн галт зэвсэг хэрэглэх нөхцөл, тохиолдлыг тухайн энхийг дэмжих ажиллагааны дүрмээр зохицуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
11 дүгээр зүйл. Хүлээлгэх хариуцлага
11.1.Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цэргийн алба хаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A