A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2017 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 360-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2017 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 360-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.

2. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 (дөрвөн мянга найман зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 13 дугаар тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР