- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЛДАР ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС НЭМЭГДЭЛ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
АЛДАР ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС НЭМЭГДЭЛ, ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох хууль тогтоомж
2.1.Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."нэмэгдэл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан ахмад настанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
3.1.2."хөнгөлөлт" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан ахмад настны амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг;
3.1.3."ахмад дайчин" гэж 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад биечлэн оролцсон Монгол Улсын иргэн, түүнчлэн дээр дурдсан дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр, нөхрийг.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Энэ хууль нь Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Монгол Улсын иргэнд үйлчилнэ.
5 дугаар зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлт авах эрх
5.1.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настан мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан нэмэгдэл, хөнгөлөлт авах эрхтэй.
5.2.Ахмад настан нь энэ хуулийн 4.1-д заасан цолыг давхардуулан хүртсэн бол түүнд аль их хэмжээтэй нэмэгдлийг олгоно.
5.3.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд доор дурдсан нэмэгдлийг олгоно:
5.3.1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламж;
5.3.2.ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж;
5.3.3.Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнд сар бүр мөнгөн тусламж.
5.4.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд доор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ:
5.4.1.нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа;
5.4.2.дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа нөхөн;
5.4.3.орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа.
6 дугаар зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээ
6.1.Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
6.2.Улсын Их Хурал нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоож болно.
6.3.Энэ хуулийн 5.4-д заасан хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
7.1.Нэмэгдэл, хөнгөлөлт авахыг хүссэн ахмад настан дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
7.1.1.өргөдөл;
7.1.2.иргэний үнэмлэх;
7.1.3.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатын цол, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүний үнэмлэх.
8 дугаар зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлт олгох
8.1.Нэмэгдлийг улсын төсвөөс, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас олгоно.
8.2.Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалах ахмад настанд олгох нэмэгдлийг сар бүр, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хөнгөлөлтийг тухай бүр ахмад настны арилжааны банкан дахь нэрийн дансанд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Нэмэгдлийг ахмад настанд энэ хуулийн 7.1-д заасан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно.
8.4.Нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно.
8.5.Ахмад настны хүсэлтээр нэмэгдэл, хөнгөлөлтийг түүний хадгаламжийн дансанд шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9 дүгээр зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлтийг зогсоох, нөхөн төлүүлэх
9.1.Ахмад настан нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоно.
9.2.Хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлнэ.
9.3.Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага болон холбогдох байгууллага, ажилтны буруугаас илүү олгосон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн шийдвэрээр буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан байгууллага, албан тушаалтны буруугаас дутуу олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг ахмад настанд нөхөн олгоно.
10 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
10.1.Энэ хуулийг Ахмад настны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
10.2.Энэ хуулийн 4.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнд энэ хуулийн 5.3.3-т заасан нэмэгдэл, энэ хуулийн 5.4-т заасан хөнгөлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A