A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

 Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;

3.1.2."хувиараа хөдөлмөр эрхлэгч" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.8-д заасан иргэнийг;

3.1.3."тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг.

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Хэвлэх

4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.2.Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.

4.3.Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй.

5 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээ

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6 дугаар зүйл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.

6.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нөхөн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.

6.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

7.1.1.иргэний үнэмлэхний хуулбар;

7.1.2.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

7.1.3.иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;

7.1.4.иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.

7.2.Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР