A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

 МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг зорилтод бүлэгт чиглүүлж оновчтой байдлаар нэгтгэх, давхардлыг арилгах, хамрагдах шалгуур үзүүлэлтийг шинэчилж үр дүнг сайжруулах;

2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг байнгын зорилтод бүлэгт чиглүүлэх замаар нийт өрхийн 40 хувийг хамруулах, гарах хэмнэлтийг хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлэх, эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд зарцуулах;

/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3/гол нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтын тогтолцоог бий болгох, улсын эмийн бүртгэлд байгаа эмийн 10 хувийг эхний ээлжид төвлөрсөн худалдан авалтаар хэрэгжүүлж жил бүр энэ үзүүлэлтийг 10 хувиар нэмэгдүүлэх замаар 15 хувийн төсвийн хэмнэлт бий болгох;

4/төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх;

/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай 79 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5/төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах;

/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай 79 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

6/эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох, энэ хугацаанд бусад салбарт төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байж, ажил, үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоох замаар ачааллыг нягтруулах, сул орон тоог зайлшгүй нөхөх шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад дахин зохион байгуулалт хийх зарчмаар шийдвэрлэх;

7/улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах;

8/төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжих концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурлаас тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралт болгон батлахтай холбоотойгоор төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үе шатанд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай бол төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж 2016 онд санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төсөл, арга хэмжээний хөрөнгийг шийдвэрлэх;

10/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудад хийгдсэн төсөл, арга хэмжээний их засварын санхүүжилтийг нэмэгдүүлэх;

11/гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх;

/Энэ дэд заалтыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай 30 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

12/өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тоог бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж байх;

13/"Барих-Шилжүүлэх" нөхцөлтэйгээр хэрэгжих концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар батлах болсонтой холбогдуулан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдах хүртэл дээрх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх.

2.Энэ тогтоолын 1.12-д заасан танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай тохиолдолд саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Л.Энх-Амгалан/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД