A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ

Энэ хуулийн нэрд 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2 дугаар зүйл.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.1.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."асран хамгаалагч, харгалзан дэмжигч" гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хүнийг;

3.1.2."хүүхэд үрчлэн авах" гэж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд үрчлэн авахыг;

3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;

/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.4."өрх толгойлсон эх, эцэг" гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг.

4 дүгээр зүйл.Хуулийн хамрах хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭМЖИЙН ТӨРӨЛ

5 дугаар зүйл.Тэтгэмжийн төрөл

Хэвлэх

5.1.Төрөөс олгох тэтгэмж дараахь төрөлтэй байна:

5.1.1.жирэмсэн эхийн тэтгэмж;

5.1.2. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;

5.1.3.ихэр хүүхдийн тэтгэмж;

5.1.4.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж.

6 дугаар зүйл.Тэтгэмж авах эрх

Хэвлэх

6.1.Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

7 дугаар зүйл.Тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.2.Энэ хуулийн 5.1.4-т заасан тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

7.3.Энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмж олгох журмыг Засгийн газар батлах бөгөөд тэтгэмжид зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.4.Энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан тэтгэмж авах эх, эцэг нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх, эцэгт олгоно.

/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

7.5.Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 5 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

8 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

8.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

9.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД