- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 29
Улаанбаатар хот
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын гоц халдварт шүлхий өвчин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим суманд гарсантай холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөцийг бүрдүүлж, вакцинжуулалтыг яаралтай зохион байгуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газар ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй гэрээ байгуулж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2.0 сая тун вакцин худалдан авахыг зөвшөөрч, түүнд шаардагдах хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
2. Малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон сумдаас хүн, мал, амьтны шилжилт, хөдөлгөөн хийх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх үйл ажиллагааг хязгаарлан өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын бүс тогтоосон аймаг, сумдын мал сүргийг дархлаажуулах ажлыг тодорхой график, төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд тогтмол зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A